Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Монголын бурхан шашны их сургууль
Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С. Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев   нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ. Тус их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан. Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол болон Оросын холбооны Буриадад Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд тус сургуулийг Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР”-ын нэрэмжит болгов.
Цогчэн сургууль: Монголын Бурхан Шашны их Сургуулийн харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийдийн лам Б.Эрдэнэхүү Гандан хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулжээ. Тус сургууль нь дөрвөн жилийн хугацаанд суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт зургаан анги төгсгөөд байна.
Шашны сургалттай 112-р дунд сургууль: 1990 онд Бурхан шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлдэх, Бурханы шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор тус их сургуулийн салбар болгон байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь Бурхан шашны сургалтыг ерөнхий боловсролын сургалттай хослуулан заадагт оршдог бөгөөд тус дунд сургуульд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийн болон Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн багш нар хичээл ном зааж байна. Тус сургууль нь төгсөгчиддөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Эдгээр сургуулийн төгсөгчид нь хөдөө орон нутаг болон бүх хийдүүдэд ажиллаж байна.
Тус хийдийн лам нарын мэдээлэл
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS