Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Сүм хийд » Өмнөговь » Ханхонгор
Дэмчогийн хийд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд юм. Дэмчогийн хийд барих газрыг Пүрэв заасан гэлцдэг.
                      
Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа энэхүү Дэмчогийн хийд буй газар нутагт ирээд Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд гурван хийдийг байгуулжээ. Түүний нэг болох Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ. Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ажээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6км зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ. Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийд хэмээх гурван хийд юм. Дэмчогийн хийд нь Ханбогд уулнаас зүүн хойш 14 км зайтай бөгөөд энэ хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг байна. Хоорондуур нь гарвал энерги авна хэмээдэг. Монголд Бурхан багшийн чандар оршсон 3 хийд байдгийн нэг нь энэхүү Дэмчогийн хийд ажээ. Мөн барилга архитектурын хувьд онцгой бөгөөд шалны дулаалгатай, ханан дундуур байх хонгилоор халуун уур урсгаж дулаацуулдаг байхаар байгуулжээ. Хол ойроос ирэх мөргөлчин, сүсэгтнүүдийн унаж ирсэн морь тэмээг маллан амраах тусгай хашаатай, маллах малчид хүртэл байжээ.
Дэмчогийн хийдийг тууринаас нь харахад гадуураа дааман хаалгатай,  хэрмэн хашаатай байжээ. Түүний дотор мөн гадуураа хэрэмтэй, төвд маягийн 2 давхар, тагт бүхий сүмтэй. Тэрхүү сүмийн өмнө хойно нь 4 жижиг байшин барьсан байна. Дээд хэсэгт нь 2 цонхтой байшин, 2 талд нь суваргатай жижиг хэрэм байжээ. Сүмийн хойд талд нь голдоо давхар бүхий их суварга байгаад түүнийг тойрсон найман жижиг суварга мөн л хэрмэн хашаан дотор байжээ. Энэ хийдийн загвар орон нутгийн музейд нь байдаг.
 
Бэлэг хад: Данзанравжаа 1830 онд энэ газрыг зорин ирж эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй хадан цохиог олж үзээд  хүндэлж дээдлэн судар ном уншиж, арц хүж уугиулж, хадан цохион дээр бүтэн өдөр өнжөөд “энэ хадан цохиог би Бадамлянхуа цэцгээр тахина” хэмээжээ. Ийнхүү Дэмчогийн хийдийн суурь эмэгтэй хүнийг илэрхийлсэн Бадамлянхуа цэцэг бүхий хэлбэрийг агуулсан суурьтайгаар бүтээгджээ. Бараа бологсод нь энэхүү цохионы тухай асуухад нь Данзанравжаа хутагт “энэ хадан цохио бол эр хүнд хүч чадал, аз жаргал бэлэглэх, эм хүнд сайн үр, сайхан хань нөхөр заяах, хүний амьдаралын дутуу хувь тавиланг тэгшилж өгөх, түшиж өгөх учиртай юм байна” хэмээн айлджээ. Энэхүү цохио нь өдгөө 27м өндөр бөгөөд Монгол оронд иймэрхүү тогтоцтой бэлэг хад 3 судлагдсаны нэг нь ажээ.
 
Энергийн төв суудал: Энергийн суудал дээр сууж бясалгал хийн энерги авч, Хутагтын зохиосон Үлэмжийн чанар дууг дуулваас Дарь эхийн тарни 1000 удаа, Хийморийн сан 100 удаа  уншигдсантай тэнцэхүйц цаглашгүй их буяныг өөртөө хураадаг байна. Мөн эрүүл мэндийн гол илэрхийлэл нь хүний дуу хоолой байдаг. Энэхүү дууг аялан дуулснаар хоолойн хүрдийг хөгжүүлэх увьдастай юм хэмээжээ.
Дуун хөшөө: Ноён хутагт Данзанравжаа Ханбогд уулыг шинжин үзээд “Энэ уулын эзэн нь цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй байна” хэмээгээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэгээд Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар” дууг зохиожээ. Дууны нэг бадаг нь 5 мөртэй бөгөөд энэ нь 5 махбодийг илэрхийлдэг. Мөн энэ дуу нь 5 бадагтай бөгөөд энэ нь хүний 5 мэдрэхүйг илэрхийлдэг. Дууны шүлгээс дурдвал,
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шигээ хө
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайгий чинь хө
Үзээд үзээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаараа хө
Баясгалантай хөөрхөн царайгий чинь хө
Бахархаад бахархаад ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн
Хөхөө шувууны эгшигтэй
Хөгжилтэй хөөрхөн царайгий чинь хө
Хүсээд хүсээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Нархажидын суварга: Нархажид бурханы сахиустай суваргыг нар буруу тойрч мөргөнө. Хүний үйлдсэн нүглийг биеэр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн, хэлээр үйлдсэн хэмээн гурав хуваадаг бөгөөд энэхүү суваргыг нар буруу гурав тойрохдоо энэхүү гурван янзаар үйлдсэн нүглүүдийг ариусгаж хайрлахыг залбирдаг байна.
 
Авидын суварга бүхий сүм: Тус суварган хэлбэрт гол сүмд Буддын нимава урсгалыг үндэслэгч ловон Бадамжунай залагдсан байдаг. Энд “Ума хум базар гүрү бадма сид ди хум” хэмээх Ловон Бадамжунайн зүрхэн тарнийг хэлж мөргөнө.
Мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж залбирна.
1.     Ловонбадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суваргад эхлээд зочилно.
2.     Нархажидын суварга хэмээх Соёмботой суваргыг нар буруу 3 гороолно.
3.     Бэлэг хаданд өөрийн хүслээ даатгаж гороолно. 
4.     Жижиг найман суваргыг гороолох бөгөөд зүүн хойд суварга буюу Бурхан багшийн мэндэлсэн суварганаас эхлэн нар зөв тойрон суваргаа гороолж дуусаад том суварга болох Диваажингийн орныг бэлгэдсэн Авидын суваргаа нар зөвөн тойрч дуусгана.
5.     Энергийн хаданд очно. Данзанравжаа хутагтын суудал ч гэж нэрлэдэг. Тэрхүү суудал дээр нэгэн хадаас байх бөгөөд тэрхүү цэгийг “энергийн төв цэг” хэмээдэг. Тус хадны доохно талд Равжаа хутагтын гэрийн буурь бий.
6.     Хамгийн сүүлд нь Энергийн хамгаалалт хэмээх үйлдэл хийх бөгөөд цагаан, шар, улаан хадагтай чулуу тавьсан хадан дээр хоёр алгаараа дарж 1 минут нүдээ анин бясалгана. Мөн эргэн тойронд нь байх энергийн идэвхжилтэй хаднууд дээр хэвтэх, суух, налах зэргээр 1 минут байж толгой, хүзүү, нуруу, бөөр, тархины өвчнүүдийг илааршуулахыг хүсэж бясалгадаг байна.
 
Дэмчогийн хийдийг сэргээхийн тулд Оюу толгой төслийг хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, Тавантолгой ХХК, Ажнай трейд ХХК-нууд хөрөнгө мөнгө гаргаж, бурханч лам Г.Пүрэвбат суваргууд босгож, хийдийг сэргээн байгуулах ажлыг хариуцан хийлгэж байгаа ажээ. Дэмчогийн хийд нь уран барилга талаасаа хамгийн их дурсгалтай газар байсан бөгөөд тэр л зохион байгуулалтыг хадгалан сэргээхийг эрмэлзэж байгаа гэнэ.

Сайтын тухай санал хүсэлтийг mn_budda@yahoo.com-д хүлээн авна.

Тус хийдийн лам нарын мэдээлэл
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS