Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Сүм хийдүүд » Дотоодын сүм хийдүүд
       
       
       
Эрдэнэ Зая-Бандида Гончигсүмлин хийд
Эрдэнэ Зая-Бандида Гончигсүмлин хийд нь анх хамба лам А.Гурван эрдэнэ, Гэсгүй Б.Алтаншагай, Унзад Б.Чимэд, Бага унзад Э.Очбаяр нар 2007 онд хаврын дунд сард үүсгэн байгуулагдсан. 2007 оны намрын дунд сард Шинэ дуганыхаа нээлтийг хийсэн. Анх дөрвөн ламтай гэр дуганд байгуулагдсан бол одоогоор 23 ламтай үйл ажиллагаа явуулж байна. Уг хийд нь Заяын хүрээний салбар хийд юм. Мөнхийн зул, мөнхийн хуралтай. Мөн Энэтхэгийн Сэражи дацанд 4 лам суралцаж байгаа юм.  Тус хийдийн нэрийн билгэдэл нь Чухаг дээд гурав буюу  Бурхан, Ном, Хуварга гэсэн утгатай ажээ.
дорнод
Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ. Ийнхүү Дорнод Монголынхоо өнө эртний сонирхол татсан түүх соёлын гайхамшигт дурсгалыг танилцуулж байна. 1. Халх, Нөмрөгийн сав газар Төв Азийн Нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана. g17.jpg Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй өүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намхархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.   Энэхүү газрын бүх гол, горхины ус нь Монголын Дорнод талын цэнхэр мэлхий болох Буйр нуурыг тэтгэдэг юм. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. g15.jpg Буйр нуур Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуурнийт гадрагын талбай нь 615 кв км талбайтай. Нуурын дундаж гүн 7 метр Тал нутгийн дунд тогтсон үзэсгэлэнт нуур юм. Буйр нуурт Халх гол цутгаж Оршуун гол эх авдаг. Энд нийтдээ 6 овгын 34 зүйл загас, 49 зүйл салбар хөвөгч замаг, 5 зүйл хөвөгч амьтан, 4 зүйл танан хясаа байдаг. Халхын гол Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна талаас эх авсан жижиг гол горхиуд нийлсээр Халхын гол болно. Нийт 86 км урсан Буйр нуурт цутгана. Ургамалын аймаг Халх, Нөмрөгийн сав газар нь байгалийн олон төрлийн бүс бүслүүрийг агуулсан байдаг тул үүнийгээ дагаад ургамалын төрөл зүйлээр баялаг юм. Энд 368 зүйлийн ургамал ургадгаас хус, улиас, нарс, бургас, зэрэг модлог үхрийн нүд гүзээлзгэнэ, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ, багваахай, зүр өвс хялгана, хиаг алаг өвс, улалж, гичгэнэ, таван салаа, цагаан цээнэ, башир, хошоонгор, багвар үрт агчаахай, их саадган цэцэг зэрэг ургамлуудыг дурьдаж болно. g14.jpg Загас g13.jpgБуйр нуур, Халх, Нөмрөгийн сав газар нь олон жижиг нуур, гол горхи бүхий газар нутаг тул энд усны амьтдын төрөл зүйл элбэг. Усны аьтаны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг, улаан живэрт, улаан далбаа, морин загас, амарын цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай. Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх нь амьдрах таатай орчин болдог нутаг юм. Нөмрөг гол Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн цэг нь болох Соёлз уулын салбар Зараа Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол, Болийн гол нийлэн Гурьан голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ. Халх, Нөмрөгийн сав газрын гол онцлог нь энэ газар нутаг байгалийн маш үзэсгэлэнт, онцлог шинжтэй тул энэ орчмын газрын унаган төрийг хадгалан хамгаалах, судлан шинжлэн зорилгоор Нөмрөгийн дархан цаазат газрыг байгуулсан байна. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 312 мянган га бөгөөд энд жинхэнэ Амар мөрөн, Манжуурын гаралтай амьтан ургамлын төрөл зүйл тархсан байдаг. Дэгээ гол Халх, Нөмрөгийн сав газрын нэг томоохон гол бөгөөд Хавтгай өндөр хэмээх уулаас эх аван Нөмрөгийн дархан цаазад газрын хилийн гадна талаар зүүн хойш чиглэлтэйгээр 42 орчим км урссаар Халхголд цутгана. Амьтны аймаг Энэ газар нутгийн олон төрөл зүйлийн ландшафтыг агуулсан тул ой, ойт хээр, тал хээр, уулын хээрийн, нуга, ус намгархаг газрын амьтны төрөл зүйлүүд энд бий. Сүүн тэжээлт амьтдаас Дорнын бараан хандгай, халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, халиу, чоно, үнэг, хярс, шилүүс элбинх, өмхий хүрнэ, туулай, манжуур номин, тарвага байдаг бөгөөд зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээр орж ирэх тохиолдол бий. Дорнын бараан хандгай, голын халиу зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордсон нэн ховор амьтад энэ л сав газарт тархсан байна. Жигүүртнээс алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, амарын шонхор хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, цэн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор болон бусад олон төрөл зүйлийн шувууд бий. Бусад амьтны хувьд хар мөрний цариг могой, дорнодын мэлхий, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтай хэвлээр явагчид байдаг бол харин энд Монгол орноос өөр хаана ч байдаггүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа, тархжээ. Ой хээр, голын эрэг, усархаг газрын шавьж, сээр нуруугүйтний ихэнх төрөл зүйл энд тархсан бөгөөд Дорнын заарт эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. g12.jpg  
ШАНХЫН ХИЙД
ШАНХЫН ХИЙД /БАРУУН ХҮРЭЭ/ Шанхын баруун хийдийн туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км орчим зайд харзан голын баруун эрэгт, сайхан булгийн дэнж хэмээх газар байдаг. Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан хуучнаар Түшээт Хан аймгийн Түшээ Гүний хошууны гол хийд байсан юм. 1654 онд номын Их хурээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш  нүүхэд Өндөр Гэгээн Занабазар төрсөн дүү СойвонБилбийДоржид номын хүрээний гол үндсэн хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хурээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хурээ гэж хожим нэрлэгджээ. Ийнхүү үүссэн түүх нь номын хурээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно. Өндөр гэгээн Занабазар Баруун хүрээ хийдийн Шашны эзнээр заларч олон жил шашин, хүн олон амьтаны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болох үедээ Түшээт хан ВанжилДорж бээр өөрийн хөвгүүн Пунцагравданг гэгээнд өргөсөнд Өндөр Гэгээн тэр хөвгөөнд “Ноён лам” хэмээн өргөмжлөн Баруун хүрээний шашны залсан байдаг. Тийнхүү Баруун хүрээ нь Их эзэн Чингис хааны алтан ургийн угсааныхан, Түшээт ханы хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашны олон зууны үе үеийн түүхтэй салшгуй холбоотой Өлгий хийд мөн билээ. Тиймээс ч Чингис ханы хар, цагаан сүлдийг залж тахидаг сүлдний өргөө “Хойд бурханы” хэмээх эрхэм шүтээний цогцолборт байралдаг байжээ. Түүхэнд Түлэнгэ уулын ар, чөдөр голын эрэг, нүүрс толгойн өвөрт байгаа хэмээн тэмдэглэгдсэн шашин шүтлэг, номын их өргөө бүхий тэр хийд бэрх цагийн шуурганд сүйтгэгдэн усдаж үгүй болсон хэдийч “Ноён ламын” сүм буюу Пунцагдоржийн гол дугам үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хүрээ хийд дахин сэргээгдэж эхэлсэн. Бурханы шашнаа шүтэх эрх, эрх чөлөө хаалттай байсан хүнд хэцүү олон арван жилүүдэд Өндөр гэгээний анхлан хурсан Цогчин хурлыг тасралтгүй хурсаар эдугээ цагийг үзсэн нь энэ хийдийхний бахархал бөгөөд зарим бурхан шүтээн ном судраа хамгаалан хадгалаж үлдсэн нь бахархууштай үйл хэрэг юм. Баруун хүрээнд Халхын их шүтээн Очирваань. Өндөр гэгээний баринтаг номын хувцас, бүтээл бурхад зэрэг ховор нандин үнэт өв эд зүйлс хадгалагдан үлдсэн байна. Арвин баялаг түүхийн өлгий нутаг болсон Орхоний хөндийн савд орших энэ хийд нь энэ цаг үед зорин очих зон олон. мөргөлчид аялагч жуулчид төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхолыг зүй ёсоор татдаг түүхэн дурсгалт газар билээ.
Аглагийн хийд
Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал ууланд Бурханч лам Г. Пүрэвбатын барьж байгуулсан "Бурхны авшиг оршсон Бутээлийн хийд” буюу Аглагийн хийд оршино. Далын хавцал гэх энэхүү газар нь үнэхээр уул ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрлажээ. Хийдийн эргэн тойронд өндөр уулс, янз бүрийн хэлбэр дүрстэй боржин чулуун тогтоцтой. Бутээлийн хийдийг барьсан газар орон нь бясгалгал хийх, ном эрдэмд шамдах, бүтээл туурвихад нэн таатай орчинг бүрдүүлжээ. Уулын энгэрт нь Бүтээлийн хийдийг барьсан байна. Хийдийн урд сарнай цэцэгс тарьдаг бөгөөд  эргэн    тойронд нь олон төрлийн мод бут суулгажээ. Г.Пүрэвбат лам Төв    аймгийн Бор    нуур сумын хүн бөгөөд төрсөн нутагтаа энэ бутээлийн хийдээ барьж байгуулсан юм байна. Хийдийг барьсан Далын ам хэмээх энэ газар нь урьд далан хар булаг байсан гэдэг. Мөн ойд нь далий ягаан цэцэг битүү ургадаг. Тийм ч учраас энэ газрын нэрийг Далын гэж нэрлэсэн аж. Бүтээлийн хийдийн үүдийг хэвлий дороо найман өндөг дарсан хангарьдын толгойтой арслангаар мануулжээ. Харин баруун талдаа загасан толгойтой минжээр харуул тавьсан байна. Ийнхүү хүчтэнүүдийг болон эсрэг тэсрэг зан чанартай амьтдыг нэгэн цул болгон урласнаар тус хийдэд гадны аюул осол халдахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна. Байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан бутээсэн чулуун сийлбэрүүд нь хийдийн суурийг тавих үед Бурханч ламын зүүдэнд орсон хэлбэр төрхүүд ажээ. Бурханч лам энэ газарт хийдээ байгуулах гэж байхдаа нэгэн зүүдийг харжээ. Хийдийн суурийг тавьж байх үед ‘суурийн дороос том чулуу гарч ирвэл надад хэлээрэй. Тэр чулуу миний зүүдэнд орж ирлээ. Лав учиртай байх' хэмээн шавь нартаа захижээ. Төд удалгүй суурийн дороос том хад чулуу гарч ирсэн бөгөөд түүнийг засч янзлан хийдийн дотор талд байгалийн өнгө төрхөөр нь байрлуулж дээр нь маанийн зургаан үсгийг сийлсэн байна. Бутээлийн хийдийн дотор тал нэн сонин. Хийдийн дотор талд байрлах аварга том чулуун дээр гүрвэл, хилэнц хорхойг байрлуулжээ. Хилэнцэт хорхой нь Говийн доншин ноён хутагт Данзанравжаагийн шүтээн байсан бөгөөд харин гүрвэлийн хэлбэртэй чулууг говийн аймагт хийд барьж байсан шавь нь багшдаа авчирч өгсөн гэнэ. Бүтээлийн хийдийн гол хойморт шамбалын хийдийн зургийг байрлуулж, алтлаг өнгөт бурхан багш тэргүүтнийг залжээ. Харин баруун талд нь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан, зүүн ханандаа диваажин, тамын орныг дүрсэлсэн зураг байрлуулжээ. Хийдийн орчинд эргэл мөргөлчид, аялагч жуулчдад зориулан бясалгал. эргэл мөргөлийн тусгай замыг бий болгож өгсөн бөгөөд энэ замаар тойрон явахад өөр өөрийн онцлогийг хадгалсан сонирхолтой бичил орчныг бий болгож өгчээ. Хийд бүхэн өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд энэхүү Бүтээлийн хийд очсон хэн бүхэн энэ замаар явж сэтгэлээ ариусган, сүсэглэн бясалгаж, байгаль дэлхийн гоо үзэмжээр дамжуулж хүн байгалийн хүйн холбоог ойлгож ухамсарлах. байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг үүсгэх зорилготой юм байна. Замын дагуу та бүхэн доорхи газруудыг үзэж сонирхох боломжтой. •     Бүтээлийн хийд •     Сэтэрт мод - Хүндлэл үзүүлж нас буян аравжих сэтгэлийг үүсгэ •     Үүдэн хад - Мөнх бусыг ухаарах сэтгэлийг үүсгэ •     Арга Билигийн шүтээн - Өндөр төрөлд төрөх ерөөл тавь •     Эргэх хавцал - Шүтэн барилдлагын жамыг ухаарах сэтгэл үүсгэ •     Эхийн сав - Хилэнцийг арилгах наманчилал үүсгэ •     Эхийн умай - Эх болсон хамаг амьтны төлөө бодь сэтгэл үүсгэ •     Амьдралын үүд - Ирээдүйн үйл бүхэн сайн сайхан байхын ерөөл тавь •     Заан хад - Урт нас, сэтгэлийн хүч тэнхээтэй байх ерөөл тавь •     Ембүү хад - Тойрч эргэл хийхдээ эдийн буян хишиг аравжих сэтгэл үүсгэ •     Лам хад - Дээдийн номын буян хишиг аравжих сэтгэл үүсгэ •     Тэнгэрийн нударга хад - Эрч хүч хурах сэтгэл үүсгэ •     Мөр хад - Амьдралд үл мартагдах сайн үйлсээ үлдээ •     Хүрдэн гишгүүрт мод - Дээдийн номыг бясалган гэгээрэлд хүрч амьтны төлөө төрж хүрдийг эргүүлэх ерөөл тавь •     Гулсдаг хад - Үйлдсэн буянаа хамаг амьтны тусын төлөө зориулах ерөөлийг эргэлт буцалтгүй хүчтэй тавь •     Үдэлтийн суудал хад Аглагийн хийдэд хүрэхийн тулд УБ-Дархан хот орох төв замаар гарч 100 орчим км яваад Борнуур орох замын өмнө таарах Шивэрийн голын гүүрээр гармагц замын баруун талд Аглагийн хийд гэсэн самбар бий. Түүгээр салж баруун хойш 6.5 км замаар явж хүрнэ. Уг хийдийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан юм байна. Та бүхэн энэхүү амар амгалангийн орныг үзэж сонирхон аялахыг хүсье. Ум сайн амгалан болтугай.
Пунцоглин хийд
Монголын Сүсэгтний холбооны анхны гишүүн Д.Галбадрахын санаачилгаар 1990 оны 10-р сарын 1 буюу цагаан морин жилийн намрын дунд сарын 12-ны өдөр Монголын сүсэгтний холбооны төмөр зам дахь зөвлөл нэртэйгээр Төмөр замын удирдах газрын урд талд байх сурагчдын дотуур байрны гадна нэг гэр барин Дархан ловон лам А.Дэрэндорж, Н.Соном гуай нар сан тавьж нээлтэй хийсэн. 1991 оны 5 сарын 28 буюу төмөр хонин жилийн зуны арван тавны билэгт сайн өдөр Төмөр замын сүсэгтний холбоо нэртэйгээр бие даасан холбоо байгуулагдснаар хүүхдийн сектор байсан дан байшинд хурал ном хурж, үйл ажиллагаа явуулан эхэлжээ. Тус холбооны анхны тэргүүлэгчээр Галбадрах болж Сосорбарам, Нямбуу, Даваасамбуу, Лхамсүрэн нарын долоо найман хүний бүрэлдхүүнтэй байсан.  1992 оны Усан бичин жилийн хаврын тэргүүн бар сард олноо элчин багш  хэмээн алдаршсан БНЭУлсын Элчин сайд Бакула ринбүүчи багшийн хамт  одоогын МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  ламтан хэлмэрчээр морилон саатаж лам хувраг сүсэгтэн олонд ном айлдахын дашрамд сүсэгтний холбоо нэрийг өөрчилж, орон хийдийн нэр хайрлахын айлтгасанд «Пунцоглин» хэмээх нэрийг хайрласан. Мөн ондоо цэцэрлэг байсан байрыг авч сүм дуганы хэлбэр маягын дагуу засч янзлан албан ёсны хийд болж дэг жаяг дагуу өдөр бүрийн уншлага, сарын дүйчэн хурлууд хурдаг болсон. 1992 онд хийдийн удирдлагын зохион байгуулалтанд оорчлолт оруулж хийдийн тэргүүн, Цорж лам, Ловон лам, Их, Бага умзад, Их Бага гэсгүй зэрэг мяндаг тушаал гаргаж Хийдийн тэргүүнээр Д.Галбадрах, Цорж ламаар С.Очир, Ловон ламаар Т.Бадам очир, Их умзад АДэрэндорж, Бага умзад О.Наваанжамц, Их гэсгүй Б.Цэнджав, Бага гэсгүй Х.Доржпалам нар, хурлыын ламаар Н.Соном, Лувсанданзан, Ширбазар, Д.Маналсүрэн, Ч.Эрдэнээ, Г.Хишигмөрөн, Адъяа, Пүрвээ, Батсайхан, Эрдэнэбилэг, Батбаяр, Дүгэрээ, Доной, Аптангэрэл, Гомбоо, Цэнд-очир, Отгонбаяр, Дамдиндорж, Дамдинсүрэн зэрэг хорь гаруй ламтай хурж эхэлсэн байна. 1993 оны үед лам нарын дийлэнх хувь нь хуучны гярган зоч лам нар байсан бөгөөд ярьж зөвлөсний үндсэн дээр номт гурван у.пс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол гурван оронд дэлгэрсэн Их хөлгөний урсгалуудыг нэг болох Шижэдва(амирлуулан үйлдэгч) буюу Жод, лүйжингийн ёсыг баримтлан, Монгол оронд дэлгэрсэн олон жүд дамжлагаас нэн ялангуа Жагар ламын жүдийг голлон хурал номоо явуулжээ. Тухай үеийн лам нараас дурьдвал Цорж лам Очир, Ловон лам Бадамочир, Гэсгүй Цэнджав, Маналсүрэн. Ширээбазар зэрэг лам нар байсан байна.
Монголын бурхан шашны их сургууль
Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С. Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев   нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ. Тус их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан. Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол болон Оросын холбооны Буриадад Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд тус сургуулийг Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР”-ын нэрэмжит болгов. Цогчэн сургууль: Монголын Бурхан Шашны их Сургуулийн харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийдийн лам Б.Эрдэнэхүү Гандан хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулжээ. Тус сургууль нь дөрвөн жилийн хугацаанд суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт зургаан анги төгсгөөд байна. Шашны сургалттай 112-р дунд сургууль: 1990 онд Бурхан шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлдэх, Бурханы шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор тус их сургуулийн салбар болгон байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь Бурхан шашны сургалтыг ерөнхий боловсролын сургалттай хослуулан заадагт оршдог бөгөөд тус дунд сургуульд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийн болон Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн багш нар хичээл ном зааж байна. Тус сургууль нь төгсөгчиддөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Эдгээр сургуулийн төгсөгчид нь хөдөө орон нутаг болон бүх хийдүүдэд ажиллаж байна.
Дэмчогийн хийд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд юм. Дэмчогийн хийд барих газрыг Пүрэв заасан гэлцдэг.                        Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа энэхүү Дэмчогийн хийд буй газар нутагт ирээд Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд гурван хийдийг байгуулжээ. Түүний нэг болох Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ. Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ажээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6км зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ. Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийд хэмээх гурван хийд юм. Дэмчогийн хийд нь Ханбогд уулнаас зүүн хойш 14 км зайтай бөгөөд энэ хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг байна. Хоорондуур нь гарвал энерги авна хэмээдэг. Монголд Бурхан багшийн чандар оршсон 3 хийд байдгийн нэг нь энэхүү Дэмчогийн хийд ажээ. Мөн барилга архитектурын хувьд онцгой бөгөөд шалны дулаалгатай, ханан дундуур байх хонгилоор халуун уур урсгаж дулаацуулдаг байхаар байгуулжээ. Хол ойроос ирэх мөргөлчин, сүсэгтнүүдийн унаж ирсэн морь тэмээг маллан амраах тусгай хашаатай, маллах малчид хүртэл байжээ. Дэмчогийн хийдийг тууринаас нь харахад гадуураа дааман хаалгатай,  хэрмэн хашаатай байжээ. Түүний дотор мөн гадуураа хэрэмтэй, төвд маягийн 2 давхар, тагт бүхий сүмтэй. Тэрхүү сүмийн өмнө хойно нь 4 жижиг байшин барьсан байна. Дээд хэсэгт нь 2 цонхтой байшин, 2 талд нь суваргатай жижиг хэрэм байжээ. Сүмийн хойд талд нь голдоо давхар бүхий их суварга байгаад түүнийг тойрсон найман жижиг суварга мөн л хэрмэн хашаан дотор байжээ. Энэ хийдийн загвар орон нутгийн музейд нь байдаг.   Бэлэг хад: Данзанравжаа 1830 онд энэ газрыг зорин ирж эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй хадан цохиог олж үзээд  хүндэлж дээдлэн судар ном уншиж, арц хүж уугиулж, хадан цохион дээр бүтэн өдөр өнжөөд “энэ хадан цохиог би Бадамлянхуа цэцгээр тахина” хэмээжээ. Ийнхүү Дэмчогийн хийдийн суурь эмэгтэй хүнийг илэрхийлсэн Бадамлянхуа цэцэг бүхий хэлбэрийг агуулсан суурьтайгаар бүтээгджээ. Бараа бологсод нь энэхүү цохионы тухай асуухад нь Данзанравжаа хутагт “энэ хадан цохио бол эр хүнд хүч чадал, аз жаргал бэлэглэх, эм хүнд сайн үр, сайхан хань нөхөр заяах, хүний амьдаралын дутуу хувь тавиланг тэгшилж өгөх, түшиж өгөх учиртай юм байна” хэмээн айлджээ. Энэхүү цохио нь өдгөө 27м өндөр бөгөөд Монгол оронд иймэрхүү тогтоцтой бэлэг хад 3 судлагдсаны нэг нь ажээ.   Энергийн төв суудал: Энергийн суудал дээр сууж бясалгал хийн энерги авч, Хутагтын зохиосон Үлэмжийн чанар дууг дуулваас Дарь эхийн тарни 1000 удаа, Хийморийн сан 100 удаа  уншигдсантай тэнцэхүйц цаглашгүй их буяныг өөртөө хураадаг байна. Мөн эрүүл мэндийн гол илэрхийлэл нь хүний дуу хоолой байдаг. Энэхүү дууг аялан дуулснаар хоолойн хүрдийг хөгжүүлэх увьдастай юм хэмээжээ. Дуун хөшөө: Ноён хутагт Данзанравжаа Ханбогд уулыг шинжин үзээд “Энэ уулын эзэн нь цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй байна” хэмээгээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэгээд Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар” дууг зохиожээ. Дууны нэг бадаг нь 5 мөртэй бөгөөд энэ нь 5 махбодийг илэрхийлдэг. Мөн энэ дуу нь 5 бадагтай бөгөөд энэ нь хүний 5 мэдрэхүйг илэрхийлдэг. Дууны шүлгээс дурдвал, Үлэмжийн чанар төгөлдөр Өнгө нь тунамал толь шигээ хө Үзэсгэлэнтэй хөөрхөн царайгий чинь хө Үзээд үзээд ханашгүй яа хө Сэтгэлийг булаамаараа зэ   Бадмын дундаас дэлгэрсэн Балын амтанд дурламаараа хө Баясгалантай хөөрхөн царайгий чинь хө Бахархаад бахархаад ханашгүй яа хө Сэтгэлийг булаамаараа зэ   Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн Хөхөө шувууны эгшигтэй Хөгжилтэй хөөрхөн царайгий чинь хө Хүсээд хүсээд ханашгүй яа хө Сэтгэлийг булаамаараа зэ   Нархажидын суварга: Нархажид бурханы сахиустай суваргыг нар буруу тойрч мөргөнө. Хүний үйлдсэн нүглийг биеэр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн, хэлээр үйлдсэн хэмээн гурав хуваадаг бөгөөд энэхүү суваргыг нар буруу гурав тойрохдоо энэхүү гурван янзаар үйлдсэн нүглүүдийг ариусгаж хайрлахыг залбирдаг байна.   Авидын суварга бүхий сүм: Тус суварган хэлбэрт гол сүмд Буддын нимава урсгалыг үндэслэгч ловон Бадамжунай залагдсан байдаг. Энд “Ума хум базар гүрү бадма сид ди хум” хэмээх Ловон Бадамжунайн зүрхэн тарнийг хэлж мөргөнө. Мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж залбирна. 1.     Ловонбадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суваргад эхлээд зочилно. 2.     Нархажидын суварга хэмээх Соёмботой суваргыг нар буруу 3 гороолно. 3.     Бэлэг хаданд өөрийн хүслээ даатгаж гороолно.  4.     Жижиг найман суваргыг гороолох бөгөөд зүүн хойд суварга буюу Бурхан багшийн мэндэлсэн суварганаас эхлэн нар зөв тойрон суваргаа гороолж дуусаад том суварга болох Диваажингийн орныг бэлгэдсэн Авидын суваргаа нар зөвөн тойрч дуусгана. 5.     Энергийн хаданд очно. Данзанравжаа хутагтын суудал ч гэж нэрлэдэг. Тэрхүү суудал дээр нэгэн хадаас байх бөгөөд тэрхүү цэгийг “энергийн төв цэг” хэмээдэг. Тус хадны доохно талд Равжаа хутагтын гэрийн буурь бий. 6.     Хамгийн сүүлд нь Энергийн хамгаалалт хэмээх үйлдэл хийх бөгөөд цагаан, шар, улаан хадагтай чулуу тавьсан хадан дээр хоёр алгаараа дарж 1 минут нүдээ анин бясалгана. Мөн эргэн тойронд нь байх энергийн идэвхжилтэй хаднууд дээр хэвтэх, суух, налах зэргээр 1 минут байж толгой, хүзүү, нуруу, бөөр, тархины өвчнүүдийг илааршуулахыг хүсэж бясалгадаг байна.   Дэмчогийн хийдийг сэргээхийн тулд Оюу толгой төслийг хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, Тавантолгой ХХК, Ажнай трейд ХХК-нууд хөрөнгө мөнгө гаргаж, бурханч лам Г.Пүрэвбат суваргууд босгож, хийдийг сэргээн байгуулах ажлыг хариуцан хийлгэж байгаа ажээ. Дэмчогийн хийд нь уран барилга талаасаа хамгийн их дурсгалтай газар байсан бөгөөд тэр л зохион байгуулалтыг хадгалан сэргээхийг эрмэлзэж байгаа гэнэ. Сайтын тухай санал хүсэлтийг mn_budda@yahoo.com-д хүлээн авна.
ГУНГААЧОЙЛИН ДАЦАН
       -Монголын IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц санаачлан Буддын гүн ухааныг судлах “Ванчэн Лосойлин Игчаа”-г судлах дацанг 1809 онд буюу XIV жарны цагаан хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Дэчингалавын үүдний Гонжирт Богд өөрөө ламдаж шаржин хурж үүсгэснийг V Богд цаашид дэмжин тусгай дуган бариулж “Гунгаачойлин” хэмээх нэрийг хайрласан байна. Түвдийн оройн дээд номын мэргэдийн нэг болох Банчин Сономдагвын гүн ухааны сурах бичгийг голлон судалдаг. Эл дацанд 1908 онд VIII Богд Жэвзүндамба хутагт бээр хувилгааны аймгийн Лувсанчойнзин Цоржтой хамт гавжийн дамжаа барьжээ. Энэхүү дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1937 онд хэлмэгдүүлэлтэнд өртөн хурал ном нь зогссон бөгөөд 1992 онд дахин сэргээд сургалт номын үйл ажиллагаа нь дахин сэргэж, энэхүү дацангийн дуганыг 2001 онд  “Боярс констракшн” компани болон “Зарубеж строй” компани барьж ашиглалтанд оруулжээ. Эдүүгээ энэ дацан сургалт номоо амжилттай явуулж байна. Мөн энэ дацан лам нараа дацандаа болон Энэтхэг дэх Гоман дацанд сургаж байна.
Идгаачойнзинлин дацан
  -Идгаачойнзинлин дацанг VБогд Лувсанцүлтэмжигмэддамбийжанцан Жэвзүндамба хутагтын шав тавьж аравнайлсан газар VIII Богд Агваанлувсанчойжинням Жэвзүндамба хутагт 1910 оны цагаан нохой жилд Монголын шашны мандал бадралыг болгоох гүн тааллын үүднээс байгуулжээ. Шашин, төрийг хослон баригч VIII  Богд Жэвзүндамба хутагт бээр 1912 оноос эхлэн жил дараалан Идгаачойнзинлин дацанд түмэн гэлэнгийн хайланг гурван удаа хуруулсан нь Монголын Бурхан Шашны мандал буурлыг харуулсан түүхэн ач холбогдолтой зүйл байлаа. Энэ дацанд Түвдийн алдарт Сэр Жэвзүнба-Чойжижалцангийн туурвисан буддын гүн ухааны 5 ботийг голлон судалдаг. Анх Идгаа дацанг байгуулахад Даш чойнпэл, Гунгаачойлин дацангуудаас гэвш нарыг VIII Богд бээр сонгон авч 1000 гаруй лам хуврагтайгаар эхлүүлж байжээ. Дахин сэргэсэн нь 1991 оны цагаан хонь жилийн зуны эхэн сарын шинийн гурванд нээсэн бөгөөд Зопо ринбучийн өглөг хандиваар дацангийн шинэ дуган буюу одоогийн энэ дуганыг 2003 оны 12 сард ашиглалтанд оруулж  эдүүгээ сургалт, хурал номоо явуулж байна. Энэ дацан нь лам нараа дацандаа болон Энэтхэг дэх Сэра хийдэд сургаж байна.
Мамба дацан
Тус дацан нь III Богд Жэвзүндамба хутагтын үед Их хүрээнд 1760 онд үндэслэн байгуулагджээ. Тухайн үед эл дацан уламжлалт анагаах ухааны хамгийн чухал сургалтын төв болж, энэ салбарт нэн чухал гайхамшигтай бүтээл туурвисан олон мэргэдийг төрүүлжээ. Мамба дацан нь таван ухааны эрдэм дундаас хүмүүн, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг анагаахын тулд жүши / дөрвөн үндэс / номонд боловсрох, судал бариа хийх, өвчний байдлыг таних, олон зүйл өвчнийг дарах эмийг найруулах, хэрэглэгдэхүүн ургамлыг шинжлэн таних тэргүүтнийг эрхэлдэг болно.1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд үйл ажиллагаа нь зогссон хэдий ч 1991 онд Хоовой лам Гандантэгчэнлингийн “ Мамба дацан” нэртэйгээр байгуулж, Гэсэр сүм дэх одоо Бадам-Ёго дацан байгаа дуганд хурж байгаад Гандантэгчэнлин хийдийн ард нүүн ирж шинэ дуганаа 2001 онд бариад хурлаа хурж байна.
Бадам Ёго Дацан
II Богд Лувсандамбийдомэ бээр шашин, амьтныг харшлах шалтгаанаас хамгаалж энх амгалангийн тусын тухайд ХII жарны модон үхэр жил / 1745 он. “Аг дацан” нэртэй анх байгуулжээ. Хожим 1806 онд IV Богд “ Бадам Ёго” хэмээх нэрийг хайрлажээ. Их хүрээний Гандан хийдэд оршиж гүрмийн Бадам Ёго дацан 1937 онд бүр мөсөн хаагдсан. 17-р жарны цагаагчин могой жилийн өвлийн адаг сарын шинийн 4-ний өдөр 2002 оны 1-р сарын 16-нд гэсэр сүмд сэргээн Дамдин Янсангийн үүднээс уншлага номоо голчилж уншдаг. Бадам Ёго дацан нь Буддын шашны нууц тарнийн ёсны таван язгуурын дотроос Бадмын язгуурыг голлон суралцаж, бясалгал бүтээл хийх орон бөгөөд тус дацангаас Дамдин Янсан бурханы дамжлагын багш нар олноор төрсөн байдаг. Өнөөдөр тус хийд нь өдөр тутмын хурал номоо хурж байна.
Лигшиддонгайлин хийд
Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан нь анх Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа, Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ. 1748 онд уг сүмийг равнайлж, Дашчойнхорлин /Буяныг залбирагч сүм/ хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засаж сэлбэдэг болжээ. Өвгөн Лаврингийн зүүн, баруун талд хоёр Сэмчин байсан. ХYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам ёгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд YIII Богд сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ. Мандширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Одоо Мандширийн хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам его, Жүд, Мангал зэрэг сүм дугануудын буурь, турь үлджээ. Мандширийн хийдийн арын хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн турь, сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад туc туc авчээ. 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун дэвсэг дээр түүхий болон шатаасан тоосго, мод, чулуугаар барьж, жанцан, толь, ганжир, өнгө будаг, хээ угалзаар чимсэн төвд, төвд-монгол, монгол хийцийн барилгууд бүхий байжээ. Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж, шавардаж цагаан шохойгоор шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн, төвд хэлбэрийн барилга байв.   
ОЧИРДАРИЙН ДУГАН
      -Тус дуган нь 1838-1841 оны үед чулуу, туупуйгаар хийсэн алтан шармал ганжиртай, вааран дээвэр бүхий Очирдарийн дуган, үүний дотор Өндөр Гэгээн Занабазарын 1677 онд урлан бүтээсэн Монголын нийтийн нандин шүтээн Очирдарь хэмээх Махаяана /  Их хөлгөн / ёсны бурханы дүрийг голд нь байрлуулан залсан байдаг. Өндөр Гэгээн бээр Очирдарь бурханыг бүтээгээд сүншиглэж байхдаа: “Очирдарийн эрхэт язгуур үндэсний багш хийгээд Ялгуусан амирлангуй, хилэнт хөвгүүн хийгээд шавь сэлтэд Үнэн үгийг бүтээх их төрөлхийтөн бүгд бээр  Зориулга ерөөлийг зориулан сэтгэлчилэн бүтээхийг зохион соёрх” хэмээн энэхүү номыг айлдсан түүхтэй. 1000 гаруй жилийн өмнө Балба улсад гошар зандан модоор хаврын адаг сард эргэдэг Майдар болон 1000 мутарт Жанрайсиг, Баргын найман манла, 1958 онд Гандантэгчэнлин хийдийн лам Самбалхүндэв Монгол зургийн аргаар зурж бүтээсэн дөрвөн Маха-Ранзын дүр, эвт дөрөв хэмээх зураг зэрэг олон ховор нандин, хосгүй үнэт бүтээлүүд залагдаж байна. Мөн Жадамба, Юмын 16 боть, Сундуй, Үлгэрийн далай / До Занлүн /, Алтангэрэл, Маань гамбум, Ламрим Нийтийн 4 боть, Таравчэнбо, Додүдва, Дашзэвэг 8 гэгээн, Догсом, Банзрагч гэх зэрэг олон чухаг ном судар байдгаас гадна өдөр тутмын хурал нь Цогчэн хурал ажгуу.  Энэ дуганд Өндөр Гэгээний дэгэлсэн цогчэн хурлыг өдөр тутам хурдаг болно. Энэхүү дуганыг Цогчэн дуган, Очирдарийн дуган гэх болсон нь Цогчэн хурал хурдаг учир Цогчэн дуган гэсэн. Очирдарийн дуган гэсэн нь Очир Дара шүтээн залаатай байдаг учир ийнхүү нэрлэсэн байна.       Эх сурвалж www.budda.mn Сайтын тухай санал хүсэлтээ mn_budda@yahoo.com ирүүлнүү
Гандан дуган
 Тус хийдийн Гандан дуган хэмээх анхны дуганыг Монголын V-р богд Цүлтэмжигмэддамбийжанцан санаачлан Монголын үндэсний хэв маяг оруулж, алтан шармал орой ба алтан ганжир бүхийгээр 1838 онд бүтээгээд V Богд тус дуганд Сандуйгаар дагжидлан равнай уншжээ. Ийнхүү Сандуйгаар дагжидлан уншсан нь Сандуй бурхан суугаа байдаг тул энэ дуган болон хурал номыг өнөд удаан оршихыг бэлгэдсэн байна. Гандантэгчэнлин хэмээн нэр соёрхож тус дуганд буяны  садан олон зуугаар цугласанд V Богд  бээр Богд Зонхавагийн буман зарлигийн амны эш тэргүүтэн зарлиг номууд олныг соёрхож, хурсан бүхний сэтгэлийн гэгээрлийг ханган зохиожээ. Тус дуганы дээврийг Янжив Далай гүн алтаджээ. Гандан дуганы дотор байрлуулан залсан бурхан, номуудаас заримыг дурьдвал: Өндөр Гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өөрийн хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Бурхан багшийн сургаал Ганжуур 108 боть, 1956 онд бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн лам Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нараас урлан бүтээсэн Бурхан  багшийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Джавхалал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Бурхан багшийн цутгамал дүр, Шри Ланка / Цейлон / улсаас дурсгал болгон ирүүлсэн Бурхан багшийн ринсрэлээс оруулсан жижиг мөнгөн суварга, ХХ зууны эхээр Монгол улсын захиалгаар Польш улсын нийслэл Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд, Баруун Ойрад Монголд 15 кг цэвэр мөнгөөр хийсэн шарын шашныг үндэслэгч Богд Зонхавын XVI зууны үеийн дүр / Энэ хөрөг нь уг нутгаас Ижил мөрөн хүрээд Монгол нутагтаа буцаж ирсэн болно. / Өөлдийн 5 нандин, Дорнод аймгийн Зонхава, Олон хүрээний Дүйнхор болон олон нандин шүтээн хожим ирсэн билээ.  Бэхэн ганжуурын 108 боть, Юмын 16 боть, Гүнрэг, Арван хангал, Бурхан багшийн чога, Сандуйн чога, Дэмчог, авидын чога, Минтүгийн чога, Тарвын чога, Их манал, Бизъяагийн чога, Жүдэрнажилын чога, Богд ламын чога, Уулын ламын чога зэрэг чогуудын судар байдаг. Энэ дуганд дээр дурьдсан чогууд болон хангалуудыг уншиж тахидаг болно. Энэ дуганд  мөн шашны ёсны их, бага үлээгүүр хөгжим, Монголын гар урлалаар бүтээсэн үндэсний хээ угалз бүхий хэнгэрэг, цан зэрэг цохилуур хөгжмүүд, 18 кг-ын цэвэр мөнгөөр хийсэн дахин давтагдашгүй мандал, цөгц, бумба, цар мэтийн эртний дурсгалт тахилын бүрэн хэрэгсэл бий. XIV Далай багш энэ дуганд 8 удаа морилж лам хуврагуудад айлдвараа айлдсан.  Эх сурвалж www.budda.mn Сайтын тухай санал хүсэлтээ mn_budda@yahoo.com ирүүлнүү
Өвгөн хийд
 Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хөгнөхаан уулын тагтад орших Хөгнө тарнын хөгшин залуу хийд хэмээн алдаршсан түүхэн хийд юм. Хөгнөхаан уулын урд энгэрийн баруун урагшаа харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой нуугдмал рашаан ус бүхий үзэсгэлэнт сайхан хөндийд байжээ. Энэ хөндий нь элсэн манхан нуруу сунаж тогтсон жижиг толгод, хадан уулсын дунд оршдог. Эдгээр хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашааны ундаргатай бөгөөд энэхүү онгон дагшин газрыг Улаан сахиусны адислага тогтсон газар орон гэж үздэг. Түвдийн Лхандарма хааныг дарж бурханы шашныг дахин мандуулсан Лхаламбалдорж ламтан Түвдийг орхин зугтаж Монгол орноор дайжиж явах үедээ Хөгнөхаан уулсын дунд энэ сүмийг анх үндэслэн байгуулсан гэх домогтой. Алтан ганжир бүхий Цогчин дуганатай. Халх Ойрадын их үймээн самууны үеэр нэгэн өдөр Галдан бошигтын цэргүүдийг ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан байсанд Галдангийн цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “Галдан бошигтын цэргүүд буцаад явчихлаа. Одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Тэгээд алтан ганжирын боодлыг автал Эрээний нуруун дээгүүр явж байсан Галдан бошигтын цэргүүдийн сүүлд явсан цэрэг эргэж харж байгаад оройн наранд гялалзан харагдах сүмийн ганжирыг олж харснаар цэргүүд эргэн ирж Өвгөн хийдийн лам нарыг хөгнөж байгаад засаж хороосон домогтой. Харин Өвгөн хийдийг галдан шатаасан гэдэг. Тэр цагаас хойш энэхүү ой, хад бүхий уул Хөгнөхаан нэртэй болжээ.  Лам нарыг олноор нь егүүтгэх үед тэндээс 200-гаад хүн умар зүг зугтан гарч одоогийн Байгаль нуур орчим нутгаар суурьших болсон нь Буриад зонд бурхны шашин ном дэлгэрэхэд нөлөө үзүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш 1693 оны үед Өвгөн хийдийн баруун доод аманд  залуу хийд буюу Эрдэнэхамбын хийдийг Өндөр гэгээн Занабазар өөрийн багш Эрдэнэ Цоржид зориулан байгуулж өргөхдөө эртний улааны шашны уламжлалыг ямар нэгэн хэмжээгээр хадгалан уламжлуулсан гэдэг. Энэ хийдийн нарийн нандин шүтээнээс олон сайхан үнэт дурсгал Эрдэнэхамбын хийдэд шилжиж очсон боловч 1937 онд сүм хийдийг хааж тараахад устгагдаж сүйджээ. 1992 онд Таван хааны сүм, Эрдэнэхамбын сүмийг сэргээн босгожээ. Өдгөө Өвгөн хийдийн тууринд чулууг маш нарийн нямбай ур хийцтэйгээр давхарлан өрсөн хана бүхий 13 сүмийн туурь үлдсэн байдаг. Хуучин Эрдэнэхамбын хийдээс мөн л чулуу, шавар, тоосгон хана бүхий тууринууд л үлджээ. Хоёр сүмийн туурины хооронд явганаар нэг цаг явдаг. Эх сурвалж www.budda.mn Сайтын тухай санал хүсэлтээ e_kasp@yahoo.com илгээ
123Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS