Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог /хууч яриа/

"Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог"


Монголын алдар гавж Зава Дамдин бол Гунгаачойлин дацанд шавилан суралцаж байсан билээ.
Тэрээр бага залуудаа Гунгаачойлинд шавилж сууж байх нэгэн үед цагаан сарын шинийн хоёрны сахиус хурдаг өдөр үеийн нөхдийн хамт дарвиж, хэнгэрэг тулдаг модыг багананд дээсээр чанга хүлж үзүүрийг унжуулаад бусад хөгжмөөс хэнгэрэгийн дууг өндөр гаргахгүйг хичээж, түүндээ үеийн тэд хүүхдүүд баясан сууж байтал, тэдний өмнө талд сууж байсан өвгөн настай нэгэн гирган / насаар ах эрдэмтэй хуврагийг гирган гэж хүндлэн нэрлэдэг/ лам 

“Хүүхдүүд ээ, цанидын дацанд хэнгэрэгийг багананд чанга хүлдэг нь муу ёр.
Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог юм гэж урьдын гирганчууд айлддаг байсан шүү” хэмээн тэднийг зэмлэжээ. Хожим 1930-аад онд сүм хийдийн үйл ажиллагаа хоригдож, хавчигдаж ирэх тэр үед Зава ламтан “Тэр цагт тэр үгийг сайн ухаарахгүй явсан, одоо бодоход их учиртай үг байж шүү” хэмээж байжээ.

Уншлагынхаа ачаар бөөгийн хараалаас аврагдсан нь


Нэгэн лам өглөө хуралдаа явах бүртээ “Жамбалцанжод” хэмээх номыг уншдаг бөгөөд уг номыг гэрээс гарахдаа уншиж эхлээд, дуганыхаа үүдэнд ирэхэд төгсгөдөг тийм зуршилтай болсон байжээ. Нэгэн удаа тэр лам нэг бөөтэй маргалдаад, тэгээд нөгөө бөө нь тэр ламд хараал хийжээ.
Тэр үед лам унтаж байсан бөгөөд гэрээсээ гараад хуралдаа явж байна гэж зүүдэлжээ. Тэгэхдээ зүүдэндээ ч нөгөө номоо уншиж явна гэж зүүдэлсэн бөгөөд дуганыхаа үүдэнд иртэл нөгөө ном төгсөөгүй байв. Үүнд лам гайхаж “Яагаад ном маань төгсөөгүй байдаг билээ” гэж сэжиглэн бодоод дуганыхаа үүдэнд тасга авч алгаа таштал нойрноос сэрсэн бөгөөд хартал харин нэгэн их гуу жалганы ирмэг дээр ирээд зогсож байжээ.
Уг учир нь бөө түүнийг зүүдээр нь хөтөлж хясаа гуу руу унагаж алах зорилготой хараал хийсэн боловч лам нойроосоо сэрсэний ачаар гуу руу унах аюулаас аврагдсан байна.

 Богд Зонхавын ачлал

Хуучин Их Хүрээний Дамбадаржаа хийдэд богд Зонхавын томхон хэмжээний баримал байжээ. Түүнийг 1937 оны үед Дамбадаржаагийн хийдийн өмнөх жалганд цээж толгойгоор нь хуваагаад хаяж орхижээ. 1940-өөд онд монголд ял эдлэж байсан оросын 505-р армийн хэдэн хоригдол офицер тэр хавьд ажил  хийж байгаад нөгөө баримлыг босгож толгойг нь залгаад орхисон байна.
Гэтэл удалгүй тэдгээр офицеруудын ялыг өршөөсөн тушаал оросоос ирж тэд нутаг буцах болсон аж. Тэгээд тэр хоригдлууд өршөөгдсний баяраа тэмдэглэж, нөгөө бурханыхаа баримлын хажууд суугаад хиам, архи задалж, баримал бурханы хүзүүнд хэлхээтэй хиамаа углаад, мутарт нь папирос тамхи хавчуулж, өөрсдөө ууж идэж суусан байна.
Тэр үед түүгээр явж байсан нэгэн монгол хүнийг нөгөө оросууд дуудаж авчраад архи хиамаасаа өгч, түүнд хандан “Танай энэ бог маш сайн бог. Бид энэ богийн ачаар нутаг буцах боллоо” хэмээж байжээ. Тэр баримлыг 1950-аад оны үед Гандантэгчинлэн хийдийн хашаанд авчирч байрлуулсан бөгөөд эдүгээ хүртэл байгаа билээ.


 

 
Эх сурвалж:www.budda.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал Лайк дарна уу Баярлалаа
               
                                                                                                                         
Уншсан: 2254
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS