Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Богд хан уул
 Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг.

1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг. 

54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг. 

Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн  хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 3550
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 5
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS