Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Цагаан өвгөн
Монголчуудын бурхан шашны соёл түүхэнд гардаг нэгэн шүтээн дүр бол Цагаан өвгөн юм. Монгол цамын урлаг, тэр дундаа Их Хүрээний цамын дэг дотор энэхүү Цагаан өвгөний дүр онц хүндтэй байр эзэлдэг. Дээр цагт Монголын олонхи хүрээ хийдийн цам дээр очсон хүмүүс энэхүү Цагаан өвгөний цамнахыг үзэх гэж хичээдэг байжээ. Учир нь Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байсан гэдэг. Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон наадах бөгөөд харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь” хэмээн ар гэртээ очоод сонин болгон ярьдаг байсан гэдэг. Цагаан өвгөний нэрийг Цэрэндүг гэж хэлэх нь буй бөгөөд Цэрэндүг гэдэг үг бол түвд үг юм. Монголоор орчуулбал “Зургаан урт настан” гэж хөрвүүлдэг. Ямар зургаан урт настай зүйлийг хэлж байна гэвэл:

1.Мөнх сүндэрлэх уул,
2.Мөнхөд урсах рашаан,
3. Мөнх наст хүн,
4. Мөнх наст гөрөөс,
5, Мөнх наст шувуу,
6. Мөнх наст мод гэсэн эдгээр зургаан зүйл урт наслан мөнхрөх зүйлсийг хэлдэг байна.

Энэ зургаа нь Аюуш бурханы адис хүчээр ийм урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэдэн үздэг байжээ. Мөн нөгөө талаар Цагаан өвгөнийг ойн сайхан цэцэрлэгт оршин сууж, амьтны сайн муу үйлийг тольдон сууж, уул усны эзэд савдагийг захиран суудаг гэж үздэг бөгөөд Цагаан өвгөний тахилгыг хийвэл хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаалдаг хэмээдэг. Монгол Цагаан өвгөн нь хүн олон сайн сайхан явахын ерөөлийн үгсийг айлдан байхын бэлгэдлээр баруун гартаа эрих барьж, хүмүн олон урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа Луун толгойт зургаадай таяг барьсан байдаг. Баян сайн явахын бэлгэдлээр цагаан дээлийг өмсөж, газар лусыг захирах бэлгэдлээр барын арьсан гутал өмссөн байдаг байна.
Эх сурвалж:wwwwww.budda.mn

      
Уншсан: 3430
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS