Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Гэтэлгэгч ногоон Дарь-эх
                       

Тоолшгүй галвын урьд ялж төгс нөхцсөн түүнчлэн заларсан Ада [хэнгэрэгийн дуу] хэмээгчийн шашинд дээд сүсэг бишрэлтэй Илт хааны охин Иши Даваа хэмээхийн лагшин мэндэлжээ. Тэрээр тоолшгүй олон бурхан бодисадва шарвагийн хуврага сэлтэд машид сүжгийн хүчээр жил, сар, өдөр тасралтгүй агуу их тахилыг өргөж эцэст нь бодийн дээд сэтгэлийг үүсгэсэн. Тэр цагт гэлэн нугууд бээр "Чи буяны ёзоор үүндээ шүтэж дараа төрөлдөө эр төрлийг олж шашин амьтны тусыг үйлдэх болтугай хэмээн ерөөлийг талбитугай" хэмээн сануулсанд хааны охин тэр " Эр төрлийн шүтээн бодийг хүсдэг нь олон. Эм төрлөөр амьтны тусыг үйлдэж байгаа нь үгүй тул хорвоог хоосрох хүртэл бүсгүй төрлийн шүтээнээр амьтны тусыг хийж үйлдэе" хэмээн тангараглажээ.

Үзэсгэлэнт дүрс, яруу дуу, анхилам үнэр, сайхан амт, зөөлөн хүртэхүй сэлтийг хүслийн таван эрдэм, арга мэргэнээр үйлдэж самад даяаныг бясалгаж агуу их тэвчээрийг олж өдөр бүрчлэн олон амьтныг эгэл ертөнцийн сэтгэлээс гэтэлгэж байв. Түүнчлэн заларсан Ада түүнийг Гэтэлгэгч эх хэмээн нэрлэх болов. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ. Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугираг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мөшөөлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувь үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс, тэргүүний үс хар зөөлөн, шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван зургаан насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурханы газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно.
Арслан, заан, гал, хорт могой тэргүүтний дөрвөн аюул, хулгай, шорон, ус, махан идэштэй зэрэг гадаад найман аюул, омог, мунхаг, уур, тачаал, атаа, буруу үзэл, харам, тээнэгэлзээ зэрэг дотоод найм, бүгд арван зургаан аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг. Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлэгдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурханы хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг хөх, шар, улаан, цагаан, ногоон тэргүүтэн солонгон [эсвэл улаан торгон] хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог. Энэ нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой.

Тэргүүний их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Энэхүү гэрэл нь сүжиг төгс нугуудын гориллыг, сүжиггүй нугуудыг сүрээрээ дардаг амой.

Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлэгдэн улаан торгон [эсвэл солонгын өнгөт] хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурьдваас цаг бусын үхэл хийгээд гадна дотны аюулаас аварч чадна. Түүнд залбирах товч үг

нь:  Ум жэвзүнма пагма долма ла чанцало.

Жэвзүнма [Жавзанмаа] - Тэргүүлэгч тойн эх
Пагма - Хутагт эх
Долма [Дулмаа] - Гэтэлгэгч эх
Чанцало - мөргөмү гэсэн үг болой.

Хутагт Жанрайсиг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраа ч үгүйд уйсан шантарч мэлмийн нулимс унгасанд тэр нулимснаас нь лянхуа цэцэг дэлбээгээ нээж Жавзунпагмадолма бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдэе, хорлол бүгдээс авран хамгаалъя, намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдэе хэмээн зарлиглаад итгэлт Жанрайсигийн үйлсийг зохиохын нигуудыг таалсан байдаг.
Дарь эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж [магтаалыг унших], тарнийг тоолбоос юу хүссэн хүсэл бүгд биелнэ. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилна, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөр болно, эд баялаг дэлгэрнэ, бусдын тусыг бүтээнэ, өлзий бусын шалтгаан бүгдийг арилгана.

Түргэн авралт дарь эх мину
Хамаг амьтны үйлсийг бүтээгч таны өлмийд мөргөмү

www.budda.mn





Уншсан: 3529
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS