Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Мөргөл үйлдэхийн тус эрдэм
 
                          Судрын ёсны номонд мөргөл үйлдэхүйн 8 ач тусыг тайлбарласан байдаг.Үүнд :
  •   Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно.
  •  Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчилэн бүтэх болно.
  •  Хойд төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунт бүхий болно.
  •  Сүсэг бишрэлтэй амьдрах болно.
  •   Бусдын төлөө ихийг хийх, хамаг амьтныг хөтлөх үүрэг хариуцлагыг хүлээх зориг зүрхтэй болно. Бусдыг удирдах болно.
  •   Тэнгэрийн болон хүний төрлийг олох болно.
  •   Дээдийн мөрд орох буюу шашинтай уулзах болно.
  •   Бурханы хутгийг олж гэгээрэх болно.

 
                                               Мөргөл залбирал үйлдэхийн утга учир юу вэ?

Хэрхэн мөргөл үйлдэх вэ?

Тоолшгүй олон бурханы дүрийг төсөөлөн мөргөл залбирал үйлдсэнээр Гэгээрэлд хүрэх тоолшгүй олон шалтгааныг бүтээх болно.Залбирал үйлдсэнээр омог бардам сэтгэлийг дарж, бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг ариусгана. Хэрвээ та зөвхөн энэ насны биеэрээ бус урьдын олон төрлийнхөө биеэр залбирч байна хэмээн төсөөлж чадвал нэн сайн.

Гараа хавсран тэргүүндээ бариад:  "Бурхан багшийн зүрхэнээс цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна. Бурхан багшаас цацрах гэрэл нь миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн бусдын амь таслах, хулгай хийх, буруу хурьцал үйлдэх тэргүүтэн биеийн нүгэл хилэнцүүдийг, гэрэл гарахад харанхуйг үлдэн хөөдгийн адилаар ариусгаж байна. Мөн энэ нь доод муу заяанд төрөх, дайн дажинтай, харгис хэрцгий газар төрөл авах, ядуу, өвчин зовлонтой богино настай байх, гэр бүл, хань,нөхөд, эргэн тойрныхонтойгоо харьцаа муутай байх зэрэг олон муу үйлийн үрийг ариусгаж байна" хэмээн төсөөлөн залбирна.Ингэснээр та бурханы ариун лагшинг хүртэх болно.

Гараа хавсран хоолойн чигт бариад: "Бурхан багшийн биеэс цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна. Бурхан багшаас цацрах гэрэл нь миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн худал хэлэх, ширүүн үг хэлэх, хов ярих, чалчих тэргүүтэн хэлний нүгэл хилэнцийг гэрэл гарахад харанхуйг үлдэн хөөдгийн адилаар ариусгаж байна. Доод муу төрлийг авах, бусдад хууртагдах, доромжлогдох, бусдад үл ойшоогдох, бусдад муу хэлэгдэх, найз нөхөдгүй байх, найрсаг бус орчинд амьдрах зэрэг муу үйлийн үрийг ариусгаж байна" хэмээн төсөөлж залбирна. Үүний үрээр та Бурхан багшийн ариун зарлигийг хүртэх болно.



Хавсарсан гарыг зүрхэний чигт бариад: "Бурхан багшаас цацрах цагаан гэрэл бие, сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна. Бурхан багшаас цацрах гэрэл нь миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн хомхой сэтгэл,хорт сэтгэл, буруу үзэл тэргүүтэн сэтгэлийн нүгэл хилэнцийг гэрэл гарахад харанхуйг үлдэн хөөдгийн адилаар ариусгаж байна. Санасан зүйл чинь бүтэхгүй байх, айдас хүйдэстэй амьдрах, бусдад үл анзаарагдан өөрийгөө эс ойлгуулах зэрэг, муу үйлийн үрийг ариусгаж байна" хэмээн төсөөлж залбирна.Үүний үрээр та Бурханы ариун тааллыг хүртэх болно.

Эхлээд хоёр гараа, дараа нь хоёр өвдөгөө, эцэст нь тэргүүнээ газарт хүргэн таван гишүүнээрээ залбиран мөргөж болно. Эсвэл бүтэн биеэрээ газарт хэвтэн 2 гараа хамтад нь толгой дээрээ барин сунаж мөргөж болно.

Сунаж мөргөх үедээ Бурхан багшийн дүр өөрт шингэн уусаж байна хэмээн төсөөлнө. Духаа газарт хүргэсэн даруйдаа өндийн босох хэрэгтэй. Газраас түргэн босох нь төрөх, үхэхийн хүрднээс үтэр түргэн тонилж чөлөөлөгдөхийг билгэднэ.
Судар номонд заасны дагуу ямарваа үл хүндэтгэсэн байдал гаргалгүйгээр зөв зүйтэй мөргөх хэрэгтэй. Ингэхдээ хуруунуудаа нийлүүлэн гарын бүтэн алгаар газарт хүргэнэ. Тахиа галууны сарвуу мэтээр сарвайлгах юмуу гараа атгаж болохгүй.

Мөргөл залбирлын төгсгөлд дараахь ерөөлийг тавина : Миний бие , хэл сэтгэлийн бүх хилэнцийг ариусгаж хайрла. Би Бурханы ариун лагшин , зарлиг, тааллын бүх эрдэмд төгс суралцах болтугай. Залбирлыг үйлдэж байх үедээ бие, хэл, сэтгэлийн нисваанисийг арилган, нүглийг ариусгаж, бүх биеэр цагаан гэрэл дүүрлээ хэмээн сана.
 
Уншсан: 2686
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS