Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үлгэр, домог
Өлзийт найман суврага

Самгарди хэлнээ Ступа, төвд хэлнээ Чоддин, монгол хэлнээ Сайны дээд орон хэмээх суврага нь Энэтхэгээс үүсэл гаралтай бөгөөд Буддын шашны гүн хүндэтгэл дурсгалын хөшөө юм. Үнэт зүйлийг хадгалах зориулалт бүхий дорно дахины уран барилга,уран баримал ч гэж үзэж бас болно. Шашиныг хөгжүүлэх үйлсэд үлэмжийн гавъяа,мөнхийн үйлс бүтээсэн номын их мэргэд,суут хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэдний чандрыг хадгалах,ном судрын дээд бүтээлийг хадгалдаг юм. Сүм хийдийн тахил мөргөлд зориулсан жижиг хэмжээний суваргыг бүтээх ч буй. Урлан бүтээсэн бүх суваргын дотор хамгийн хүндтэй нь Бурхан багшийн өлзийт найман суварга юм.

Сэнтий болон дөрвөн хананы голд заан, морь,тогос, хүн биет шувуу, дөрөн өнцөгт нь эр, эм нийт найман арслан тулж байгаагаах урладаг.’’Цаглашгүй дөрвөн үнэн’’-ийг төлөөлсөн дөрвөн шат,бумбын хамт байна.Бумбаны бадраа хүрээт гуу (төвдөөр гожин гэдэг) –н дотор бурхан багшийн баримал дүрс байна. Чойнхор зүсүм (номын 13 хүрд гэсэн үг) тугдамын наран саран хоёрын дүрс байна.Бурхан багшийн өлзийт найман суваргын тухай Гондуда Агваанлувсанжамцын’’Суврагны мөргөл’’сударт тодорхой бичсэнийг доор өгүүлье.

Нэг. Бадбүн чоддин(Цэцгэн овоолгот суврага)
Бурхан багшийн эх Майяа хүүхэд төрүүлэх болмогц нийслэл Капилавасту хотоос эцгийнхээ гэрт очихоор явах замдаа Балбын нутаг дахь Лүмбүний цэцэрлэгт хүү төрүүлжээ. Хүү мэндэлсэн газрын зургаан зүгт долоо,долоон алхам газар цэцэг дэлгэрсэн домогтой. Тэр газар нь энэхүү суврагыг босгожээ.

Хоёр. Жанчив чоддин (Бодь мөрийн суврага)
Бурхан болохынхоо өмнө Будда арван төрөл үе дарааллыг нэгэн биеэр үйлдсэний учир нийт олонд бурхан болох нь төгс мэдрэгджээ.Тиймээс зуны эхэн сарын 15-ны өдрийг зургаа хуваасны сүүлчийн нэг дор ‘’Ялж төгс ногчигсон бурханы хутгыг олсон’’гайхамшигт үйл явдалд зориулан нийслэл хотноо суварга босгожээ.

Гурав: Чойнхор чоддин буюу Дашичойман чоддин (Номын авшиг буюу өлзийт оршихын үүдэт суварга)
Зуны адаг сарын шинийн дөрвөнд их хот Баранасид өөрийн шавь нарын дотор эх болсон зургаан зүйл хамаг амьтанд бурхан хутгыг олгуулахын тулд номын хүрд эргүүлэх ёслолыг үзүүлсэн газар. Одоо Энэтхэгийн Магадхад очирт суудалд сууж олон түмэнд ном сонсгосон их ёслолд зориулан босгосон суварга.

Дөрөв: Лхавав чоддин (Тэнгэрээс буусан хэмээх суварга)
Бурхан багшийн эх Майяа хүүгээ төрүүлээд долоо хоногийн дараа насан өөд болж 33 тэнгэрийн орноо төржээ. Будда эхээ гээд тэнгэрийн орноо одуулахын тулд тэнд очиж ном хурсан гэдэг. Энэ нь зун намрын сард хурдаг 45 хоногийн хайлан (гэлэн санваартанны хурдаг хурал) юм. Номоо хураар бурхан багш намрын адаг сарын 22-нд тэнгэрийн орноос бууж ирсэнд зориулсан суварга.

Тав: Дүддүл чоддин(тэрсүүдийг дарагч буюу номын чадлыг үзүүлсэн зориулсан суварга)
Энэтхэгийн Няннёнд гэдэг их хотод бурхан багш номын рид (шид) хувилгааныг өөрийг нь хорлох гэж элдэв арга хэргэлсэн тэрсүүдийн зургаан аймгийнханд үзүүлжээ. Тэд бурханы рид хувилгааныг ихэд бишрэн буцсанд зориулан босгосон суварга.

Зургаа: Гэндүн ендүн чоддин (Хувилгааныг зохицуулсан суварга)
Хааны нийслэлд байсан хуврагуудын дунд хагарал гарчээ. Үүүнийг бурханы садангийн Лайжин гэгч зохион байгуулж ‘’Би бол бурханаас хүчтэй,миний сургаалыг дага,би рид хувилгааныг ч үзүүлж чадна’’гэж онгирсон хоосон омог бардамналыг ойлгуулж чадсанд зориулсан суварга.

Долоо: Жиндэв чоддин буюу намжил чоддин (Ариун адист буюу төгс ялахын суврага)
Бурхан багш насан өөд болох цаг нэгэнт болсон үед шавь нар нь өнө удаан залбирч байхыг гуйжээ.’’За яаха.Би гурван сараар хойшлуулъя’’ гээд өөрийн биеийг адислаж насаа уртгасанд зориулсан суврага.

Найм: Нирваан буюу Няндай чоддин
Гүши өвс ихтэй Гүша нянрэж дончир хэмээх их хотноо Будда 80 насандаа орчлонд үл үзэгдэх нирваан дүрийг үзүүлэн тэнгэрийн орноо оджээ. Энэ хот бөх олонтой хот бөгөөд суврагыг бөхчүүд босгосон гэдэг домогтой аж.Бурхан багш нирваан дүрийг үзүүлсэнд зориулж босгосон суврага.

Өлзийт найман суврага бүтсэн түүх ийм ажгуу.

Уншсан: 1256
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS