Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
 

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт

 

2015 оны 6 дугаар сарын 7

Австрали, Нью Саус Уэльс, Блью Маунтэнс, Леура, 2015 оны 6 дугаар сарын 7- Өвлийн нарны элчинд агаар бүлээцсэн энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар ой мод бүхий толгодыг нэвт гарсан замаар ойрхон зуур аялж, Катоомба хотод морилон ирлээ. Тусгайлан зассан асрын дор 1400 орчим хүн суудлаа эзэлсний дотор Австрали болон Шинэ Зеландаас ирсэн 100 гаруй төвөд хүн, 200 вьетнам, 60 орчим бутан, 10 монгол болон бусад хүмүүс байсан бөгөөд тэд Дээрхийн Гэгээнтэнд даншүг өргөх ёслолд оролцохоор ийнхүү хүрэлцэн ирсэн ажээ. Мөргөл явагдаж байх хооронд ирсэн зочдод үндэсний цай болон амтат будааг байгальд амархан шингэх цаасан аяга болон тавганд хийн барьж байв. Мөргөлийн дараа Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан, 

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд зориулан өргөх урт
наслахуйн ерөөл болохын өмнө хурсан олонтой мэндчилж
байгаа нь. Австрали, Катоомба, 2015.6.7. Фото Расти Стьюарт
“Та нарын ихэнх нь Энэтхэгээс гаран хоёр дахь удаагаа цагаачлахаар энд ирсэн буй заа. Мөн та бүхэн Төвөдийн үйл хэрэгт үнэнч учраас надад зориулж даншүг өргөх энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Бидэнтэй нэгдэхээр Вьетнам, Монгол, бидний хөрш орон Бутанаас номын нөхөд маань мөн хүрэлцэн иржээ.Та бүхэнд гүн талархлаа илэрхийлье” хэмээн яриагаа эхэллээ.

“Австрали- Төвөдийн Хорооноос бэлтгэсэн энэхүү товч бөгөөд тодорхой илтгэлд Төвөдийн үйл хэрэг хийгээд Төвөдийн үзэл санааг хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээр амласан та бүхний амлалтын талаар дурдсан байна. Түүнээс гадна Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар өөрийн соёлыг хадгалан үлдэх, хүүхэд залуучуудыг боловсролд хамруулахад чадах бүхнээ хийж байгаа Төвөдийн Төв Захиргааг дэмжихээ та нар мөн амлажээ.”

“Бид НҮБ-д хандсан боловч, бандида Неру надад зөвлөсөн лугаа АНУ Төвөдийн төлөө Хятадтай дайн хийхэд бэлэн биш байсан юм. Эцэст нь бид өөрсдөө Хятадын засгийн газартай тулж ажиллах ёстой гэдгээ ойлгосон. Өнөөг хүртэл Хятадын засгийн газрын бодлого Төвөдийн ард түмэн хийгээд соёлыг гутаан доромжлоход чиглэгдэж байгаа ч БНХАУ-ын улсын дотоодод бид соёл, үнэт зүйлсээ хадгалан үлдэж чадна гэсэн итгэл найдварыг тээсээр байна. Дундаж хандлагыг Хятадын сэхээтнүүд ойлгон хүлээж авч байгаа. Бид Хятадын ард түмэнтэй харилцаа холбоотой байх хэрэгтэй.” 

“Та бүхэн мөн Шүгдэнтэй ямар ч холбоо тогтоохгүй гэдгээ амлажээ. Шүгдэнгийн асуудал үүссэнээс хойших 400 жилийн туршид энэ асуудал эргэлзээтэй байсан. Дромод байхдаа би алдаа гаргаж, Шүгдэнг шүтэж эхэлсэн бөгөөд ингэснээрээ өмнөх Далай Лам нарын уламжлалыг зөрчсөн юм. Үүний үр дагавраар урсгал чиглэлээр явцуурах явдал газар авсан бөгөөд тэрхүү доголдлыг ухамсарласны үр дүнд би шүтэхээ зогсоосон билээ. Дараа нь Гандан Жанзэ дацанд таагүй явдлууд ар араасаа тохиолдоход лам нар нь Тижан ринбучитэй зөвлөлдөхөөр айлтгасан байна. Сүмийн гол сахиус Балдан Лхам хилэгнэж байна хэмээн ринбучи хэлжээ. Тэд юу хийхээ надаас асуусан юм. Би судалж үзээд Шүгдэнг шүтсэний улмаас сахиус хилэгнэснийг тогтоож, Шүгдэнг шүтэхээ зогсоохыг тэдэнд зөвлөсөн.” 

“Шүгдэнг шүтэхийг хориглосны маань дараа шүтдэг хүмүүс нь өөрийн байгууллагыг байгуулсан. Судалж нягталж үзэхэд 5 дугаар Далай Лам Шүгдэнг буруу ерөөл тавьсны улмаас, амьтан хийгээд Дээдийн номонд хал хүргэх буг болсон хэмээн тодорхойлсон байсан. Үүнийг олж мэдээд би шүтэхээ зогсоосон боловч бусдад үүнийг хэлж мэдүүлэх үүрэгтэй хэмээн үзсэн юм.”

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулсан урт наслахуйн ерөөлийн
арга хэмжээний үеэр. Австрали, Катоомба, 2015.6.7. 
Гэрэл зургийг Расти Стьюарт
“Зарим хүн миний эсрэг жагсаал цуглаан хийх болсон. Тэд намайг лалын шашинтан хэмээн нэрлэж, лалын шашинтны малгай өмсгөсөн зураг тавьсан байдаг. Тэд намайг хуурамч Далай Лам хэмээн нэрлэж, хачин хачин шог зураг үйлдвэрлэх болжээ.”
“Буддистууд сахиусанд аврал одуулдаггүй. Бид Лам Гурван Эрдэнэд аврал одуулдаг. Богд Зонховын төрсөн нутгийн сахиус Мачэн Бомраг Төв Төвөдөд залах үед сахиусны сүмийг Гандан хийдийн хашааны гадна барьсан байдаг. Шүгдэнг шүтэх эсэх нь хувь хүний асуудал боловч шүтсэнээр сайнаасаа саар нь илүү тохиолдох болно.”

Тэрээр гадаадад цагаачилсан 200,000 очим төвөд хүн үг хэлэх ч эрх чөлөө үгүй байгаа Төвөдөд үлдсэн нутаг нэгтнийхээ сайн сайхны төлөө шаргуу хөдөлмөрлөх ёстой хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Нутагтаа үлдсэн ард иргэдийн үзэл санаа, эр зоригийг магтан сайшаагаад, тэрхүү үзэл санаа хүүхэд залуучуудад хүртэл амь бөхтэй байгааг тэмдэглэн хэлэв. “Тэд хүчтэй хэвээр байгаа бөгөөд Хятадын засаг захиргаа ямар ч асуудал байхгүй мэт дүр үзүүлсээр байж чадахгүй. Төвөдийн ард түмэн зовж байна. Тиймээс хамтдаа байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. 

Тэрээр Дуньхуаны бичиг баримт дээр үндэслэн 7-9 дүгээр зуунд Ази тивд оршин тогтнож байсан 3 их гүрнийг тодорхойлсон Америкийн нэгэн эрдэмтний тухай дурдан ярилаа. Тэрхүү гурван гүрэн нь улс төрийн хувьд хүчтэй Хятад, цэрэг дайны явдалд хүчирхэг Монгол, шашныг хүчтэй хөгжүүлсэн Төвөд орон ажээ. Үүний дараахнаас Төвөд орон хэдэн хэсэг болон бутарснаар олон хүндрэлийг араасаа дагуулсан байна. Тиймээс өнөөдөр эв санааны хийгээд хамтын нэгдэл юу юунаас илүү хэрэгтэй байна” гэв. 
Тэрээр цааш нь өгүүлэхдээ, 

“Төвөдийн үйл хэргээс буцах зам бидэнд үгүй учраас цаашид хэрхэх тухайгаа бид хэлэлцэх ёстой” гэлээ. 

Төвөдийн төлөөлөгч асан Тэнзин П Атишагийн хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Жанрайсигийн аман дамжлагыг өгөхийн хамт ‘Бодь мөрийн зэргийн үндсэн унал’ ба ‘Оюун судлахуйн найман бадаг’ зохиолыг давхар судлахыг сонсогчдод зөвлөсөн байна. Тэрээр сурч судлахын ач холбогдлыг тэмдэглээд, оюун сэтгэлээ төвшитгөлгүйгээр Жанрайсигийн хутгийг олж чадахгүй хэмээн айлдлаа. 

Катоомбагийн нөгөө хэсэгт орших Каррингтон зочид буудалд Дээрхийн Гэгээнтэн Хятадын 100 орчим сэхээтэн, зохиолч, ардчиллын хөдөлгөөний зүтгэлтнүүдтэй уулзав. Түүнийг танхимд орж ирэхэд тэд халуун дотноор угтан авлаа. Тэрээр, 

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын сэхээтнүүдтэй уулзаж
байгаа нь. Австрали, Катоомба, 2015.6.7. 
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Та бүхэнтэй уулзаж байгаадаа би баяртай байна. Би хаа ч явсан өөрийгөө бусдын нэгэн адил хүн гэж үздэг. Хүн болж төрснөөрөө бид бүгд адилхан учраас хүн төрөлхтний нэгдмэл байдлын тухай бодох ёстой. Ингэснээр бидний дунд дайсагнал үүсэх явдал аяндаа багасна. Шашны нэрийн өмнөөс хүмүүс харамсалтайгаар бие биенээ хөнөөж байгаа Ойрхи Дорнодын байдлыг харцгаа. Өнөөдөр бидэнд тохиолдож байгаа олон хүндрэлийн үрийг бид өөрсдөө тарьсан юм. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэрнээ өөрсөддөө асуудал тарьсаар байдаг. Бид бие биенээ ‘бид’ ба ‘тэд’ гэсэн өнцгөөр харж байна. Хүчирхийллийн үр дагаварт бий болсон зөрчилдөөнийг хүчирхийллээр дарах боломжгүй учраас бид бие биентэйгээ ярилцдаг байх ёстой” хэмээн хэлэв. 

“Би бас буддист хүн учраас шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх үүрэгтэй. Дэлхийн томоохон шашнууд гүн ухааны үзэл баримтлалаараа ялгаатай ч, хайр, уучлал, тэвчээр болон хувийн сахилга батыг номлодог. Тиймээс бид бүх шашныг хүндлэх хэрэгтэй.”

“Түүнээс гадна би бол төвөд хүн. Буддизмын нөлөөн дор хөгжсөн Төвөдийн соёл бол хүчирхийллийн бус, энх тайван, нигүүлслийн соёл билээ. Хадгалж хамгаалах ёстой соёл бол энэ мөн. Үүний нэгэн адил хамгаалах ёстой зүйл бол Төвөдийн байгаль орчин юм. Дэлхийн уур амьсгалд Төвөдийн өндөрлөгийн нөлөөлөх нөлөөг судалж үзсэн Хятадын экологич Төвөдийг хойд, урд туйлтай эн зэрэгзэхүйц гурав дахь туйл хэмээн нэрлэсэн байдаг. Төвөдөөс эхтэй дэлхийн томоохон гол мөрнөөс 1 тэрбум орчим хүн ундаалдаг учраас Төвөдийн байгаль орчныг хамгаалах нь туйлын чухал ач холбогдолтой байна.”

“Сүүлийн 30-40 жилийн хугацаанд би Төвөд, Хятадын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхийг хичээсээр ирсэн. Сүүлийн 60 жилийн хугацаанд энэ харилцаанд хүндрэл гарсан ч 2000 жилийн түүхтэй бидний харилцааг сэвтээх ёсгүй. Энэ уулзалтыг зохион байгуулахад хүчин зүтгэл гаргасан хүн бүрт талархлаа илэрхийлэхийг хүсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн ирсэн хүмүүсээс асуулт тавихыг хүслээ. Зарим хүн боломжийг ашиглан түүнд 80 насны ойн мэнд хүргэхийн ялдамд түүний саруул ухаан, эр зоригийг магтан дуулсан хуйлмал бичгийг гардуулав. 

Бирм дахь лалын рохингья урсгалынхныг хавчиж байгаа тухай түүнээс асуухад тэдгээр хүмүүсийн эсрэг уур хилэн төрсөн цагт Бурхан Багшийн төрхийг төсөөлөхийг Бирмийн буддистуудад хандан завлөсөн хэмээн тэр хариуллаа. Хэрвээ Бурхан Багш ийм нөхцөлд орсон бол дайралтад өртөгсдийг хамгаалах байсан гэдэгт итгэл төгс байна хэмээн тэр хэллээ. Тэрээр энэ асуудлаар Ан Сан Су Китэй ярилцсан тухайгаа мөн дурдав. 

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Хятадын сэхээтнүүдтэй хийсэн
уулзалтын дараа тэдэнтэй зургаа авахууллаа. Австрали, 
Катоомба, 2015.6.7. Гэрэл зургийг Расти Стьюарт
Төвөдийн буддизмыг хадгалж үлдэхэд Далай Лам байх нь чухал эсэх тухайд, Бурхан Багш 2600 жилийн өмнө таалал төгссөн ч шавь нар нь түүний сургаалийг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа хэмээн тэр хариулав. Хятад дахь нөхцөл байдлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, тэнд 300 гаруй сая буддист байгаа хэмээлээ. Тэрээр Си Жиньпиний аавтай уулзаж байснаа дурсаад, түүний ээж мөн буддист байсныг дурсав. Өнөөдөр Си Жиньпин хээл хахуулийн үндсийг таслахаар тэмцэж байна. Утай ууланд мөргөл хийх хүслээ 1954 оноос хойш илэрхийлж буйгаа Дээрхийн Гэгээнтэн мөн хэллээ. Хятад улс 5000 жилийн түүхэндээ ёс суртахууны хамгийн доод түвшинд хүрсэн хэмээн хоёр жилийн өмнө Нью Иорк хотноо Хятадын сэхээтнүүдтэй уулзах үед хэлж байсныг ярив. Тэр үед ганц итгэл найдвар бол буддизм хэмээн олон хүн хэлсэн ажээ. 

Нөхцөл байдал хэзээ сайжрах вэ гэсэн асуултад, ирээдүйг таах боломжгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. “Утай ууланд мөргөл хийх боломжтой хэмээн саяхан болтол Хятадын албаны хүмүүс мэдэгдэж байсан бол төдөлгүй мөргөл хийх итгэл найдварыг маань нураасан. Цагаан номонд Төвөдийн асуудлаар хатуу чиг шугам илэрхийлэгдсэн хэвээр байна” гэлээ. 

21 дүгээр зуунд газар нутаг нь улс төрчид, удирдагчдад бус, харин тухайн газарт оршин суугаа хүн ардад харьяалагдах ёстой хэмээн тэр хариуллаа. Тэрээр 1.3 тэрбум хятад хүн бодит хийгээд үнэн мэдээллийг авах эрхтэй хэмээн хэлдэг үгээ давтав. Тэд үнэн худлыг ялгаж чадах учраас цензур тогтоох явдлыг арилгах ёстой. Хятадад юм болгоныг ард түмний хэмээн нэрийддэг гэж хэлээд “Энэ үнэн үү?” хэмээн асуув. 1954-1955 онуудад Хятадын социалистууд үнэхээр ард түмний сайн сайхны төлөө үйл хэргээ зориулж байсныг тэр дурслаа. Гэвч тэр цагаас хойш баян ядуугийн ялгаа улам ихэсч, намын гишүүд улам баяжих болсон. Хуулийг дээдлэх, Хятадын шүүх засаглалыг олон улсын түвшинд хүргэхийн чухлыг тэрээр тэмдэглэн хэлэв. 

“Хятадад хүн юу бодож байгаагаа илэрхийлэх боломжгүй хэмээн нэгэн хятад оюутан надад хэлж байсан. Сэтгэлээр бүү уна. Шударга байж, чадах бүхнээ хийцгээ” хэмээн тэр эцэст нь хэллээ.

Урт наслахуйн ерөөл ба Хятадын сэхээтнүүдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леурад ном айлдаж байгаа нь.
Австрали, Леура, 2015.6.7. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш ном айлдахаар эргэн ирээд, тарнийн ёсны ном эхлэхийн өмнө балин өргөдөг заншилтай хэмээн хэллээ. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд ‘Зургаан тасалгаат багшийн егүзэр’ номыг хамтдаа уншихыг тэрээр санал болгов. Гухясамажагийн таван зэргэмжийн тайлбарын удиртгалын үеэр орчуулагчийн хэл хальтарч, ‘Их багш Нагаржуна’ хэмээн хэлэхийн оронд ‘ноён Нагаржуна’ хэмээн хэлсэнд Дээрхийн Гэгээнтэн хөгжин инээлээ. 

“Наландагийн 17 их бандида нарыг би профессор гэж ихэнхдээ нэрлэдэг ч, ноён гэхэд болохгүй зүйл алга. Заримдаа би буддист ч бай, биш ч бай найз нөхөддөө Бурхан багшийн хөрөг бэлэглэдэг. Тэр бол мэдээж Будда, гэхдээ тэр агуу сэтгэгч байсны зэрэгцээ шинжлэн нягтлахыг дэмждэг байсан учраас түүнийг эрдэмтэн хүн хэмээн нэрлэж болно гэж би тэдэнд хэлдэг.”

“Үнэн хэрэгтээ Нагаржуна гэгээн алхимич байсан. Өлсгөлөн нүүрлэсэн он жилүүдэд тэрээр Наландагийн лам нарын төлөө хариуцлага хүлээж байхдаа тэр төмрийг алт болгон хувиргаж байсан гэдэг. Харин сүмийн дэг сахиулагчид амь зуух буруу арга хэрэглэсэн хэмээн үзсэн тул түүнийг сүмээс хөөсөн байна. Вирвапагийн түүх энд давтагдсан бөгөөд дэг сахиулагчид үнэхээр хатуу чанга байсан нь харагдаж байна.”
Уншсан: 988
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS