Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Хойд төрөл
Алтан савны ёс буюу оршуулгын зан үйл
Эрдэнэт хүмүүнийг нас барахад нь мэлмий нь нээлттэй байвал аниулж, биеийг нь шулуун засаж хоёр гарыг нь хэвлийн тус газар зөрүүлэн тавьдаг бөгөөд мөн хэвтэж буй арслангийн шинжээр баруун хамрын нүхийг баруун гарын эрхий хуруугаар бөглөж, сарвууг нь дэрлүүлж, сул гарыг нь биеийн дагуу сунгаж тавиад  дарагдаагүй дээд хөлийг нь нугласхийлгэн хэвтүүлдэг. Энэ нь Бурхан багш нирвааныг бидэнд үзүүлэхдээ хэвтэж буй арслангийн шинж байдлаар мөнх бусыг үзүүлсэн тул нас барагчийг ингэж байрлуулах нь гэгээрч гийхийн билиг дэмбэрэл хураадаг байна.

Монгол ёсонд үхсэн хүнийг 3 ба 5 хоног дотор нь хөдөөлүүлдэг ёстой бөгөөд олон хоног гэрт удаан байлгахыг цээрлэдэг. Учир нь хүүр гэрт удаан байх нь үлдсэн ар гэрийн хишиг буянд муу хэмээдэг. Мөн нас барагчийн дэргэд нэрээр нь дуудах, чанга дуу чимээ гаргах, амьдчилан харьцах зэрэг ёс бус үйлдэл хийхийг цээрлэдэг. Зурхайн ёсонд нас барсан хүнд гүн хүндэтгэлтэй харьцах, мөн судар номонд заасны дагуу оршуулагын зан үйлийг үйлдэх ёстойг анхааруулсан байдаг бөгөөд дур мэдэн зан үйл зохиож үхсэн хүнийг оршуулах нь гэм алдас их гарах бөгөөд үлдэж хоцорсон ах дүү, ураг саданд гай барцад нүүрлэх гэмтэй хэмээн үздэг.

Нас барсан хүнийг оршуулахын өмнөх ёсыг зурхайн судар ном мэдэх зурхайч хүнээр “Алтан сав” нээлгэж тэр номын дагуу ёсчлон үйлдэнэ. Монгол ёсонд нас барагчийг оршуулах өдөр малгайг буруу харуулж, дээлийн захыг дотогш чихэж, дээлийн хормойг хормойг хоёр тийш ярж ордог бөгөөд бусад үед дээрх үйлдэлүүдийг цээрлэдэг. Эцэг, эхийг оршуулж байгаа бол баруун өвдөгнөөс нь зөвхөн төрсөн хүүхдүүд нь адис авах ёстой. Нас барагчтай хамаа бус салах ёс үйлдэж болохгүй.

Шарилд номонд заасан жилтэн эхлэж хүрсэн хойно бусад ёсыг гүйцэтгэх бөгөөд оршуулгын ажилд жирэмсэн эмэгтэй болон нялх хүүхэд оруулдаггүй. Мөн 49 хоног дотор нөхрийг оршуулж байгаа бол эхнэр нь, эхнэрийг оршуулж байгаа бол эр нөхөр нь өөр бусадтай эр, эмийн ажил үйлдэх, амьтны амь таслах, хулгай дээрэм хийх, мод огтлох, хэл ам хэрүүл маргаан, зарга тэмцэл хийхийг хатуу цээрлэдэг.

Шарил хөдөөлүүлэхээр явахдаа шарилыг оролцуулж тоолоод сондгой тоотой явж буцаж ирэхдээ тэгширдэг нь араасаа үхэл хагацал дагуулахгүйн билэгдэл юм. Оршуулгын ажилд архи дарс оруулахыг цээрлэнэ. Мөн зэрлэг амьтад болон ангийн мах, тахиа шувууны мах иддэггүй.

Оршуулгын ажилд унаж эдэлсэн морь, тэмээг нэг жилийн дотор барьж унаж эдлэхийг цээрлэдэг бөгөөд хадаг уяж хүндэтгэдэг. Энэ нь оршуулганд оролцсон морь мал нь урьд эртийн ерөөл буяны хүч байсан хэмээж бүтэн жилийн турш уналага ачилгаас чөлөөлж амар тайван, эрх дураар нь байлгадаг ажээ.
 
Уншсан: 5601
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS