Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Дээрхийн гэгээн Далай ламын Айчи Гакуэн сургуулийн оюутнуудад хэлсэн үг


2015 оны 4 дүгээр сарын 7-нд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Айчи Гакуэн их сургуулийн багш профессоруудын хамт оюутны хоолны газар зоог барьж, оюутнуудад хандан үг хэлсэн билээ. 
 
    "Эрхэм хүндэт ахан дүүс нар аа, Та бүхэн шиг эрч хүчтэй, өсч дэвжиж байгаа залуучуудтай уулзаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Надаас ялгаатай нь та бүхний амьдрал өмнө тань байна. Өнгөрсөн амьдрал болоод өнгөрсөн учир өөрчлөх боломжгүй, харин ирээдүйгээ шинээр бүтээх боломж та нарт буй. Аз жаргалтай үндэстэн, нутаг орны иргэд болох, өөрсдийгөө аз жаргалтай болгох агуу боломж, хариуцлага та бүхний гарт байна."
 
"Би албархуу байдлаас энгийн байдлыг илүүд үздэг бөгөөд энэ удаад хурц гэрлээс нүдээ хамгаалж, та бүхнийг илүү сайн харахын тулд саравчтай малгай өмсөхийг минь зөвшөөрнө үү гэж хүсч байна. Би хаана ч яриа хийсэн, илтгэгч ба сонсогчид бүгд бие махбодийн хувьд, оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд адилхан хүн гэдгийг санаж байдаг. Бид бүгд аз жаргалыг хүсдэг, аз жаргалтай байх эрхтэй. Бид эхээс төрөхдөө ч, энэ ертөнцийг орхихдоо ч, адилхан замыг туулдаг, үүнд ямар ч албархуу байдал хэрэг болдоггүй."
 
"Өнөөдрийн нийгэмд "бид" ба "тэд" хэмээн ангилдаг хуваарилалт зохимжгүй болсон. Бидний ертөнц өөр хоорондоо эдийн засгийн хувьд ч, биднийг сорин байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухайд ч маш их харилцан хамааралтай болсон. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөөр байхад бид хуучинсаг байдлаар асуудалд хандаж байна. Үүний гайгаар бид хүсэхгүй байгаа хэрнээ өөрсөддөө асуудал бий болгож байна. Бидний үзэл бодол явцуу, харалган байна. Бид юмсыг цогцоор нь харахгүй байна. Бидний төсөөлөл хийгээд бодит байдлын хооронд ан цав байна. Энэ хэдэн арлаар хязгаарлагдалгүй, Ази тив, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах боломж япончууд та бүхэнд байна. Аль болох өргөн хүрээнд сэтгэхийг хичээгээрэй."
 
Дээрхийн Гэгээнтнийг хэдийгээр албан ёсоор танилцуулсан боловч тэрээр өөртөө хүлээсэн гурван үүргийнхээ талаар танилцуулахыг хүсч буйгаа илэрхийллээ.

Нэгдүгээрт, хүн болж төрсний хувьд тэр нийт хүн төрөлхтний сайн сайхны тухай бодохыг эрмэлздэг байна. Түүний амьдарч байсан эрин үе болох 20 дугаар зуунд асар их цус урссан бөгөөд зарим түүхчдийн нотолж байгаагаар 200 сая хүн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан ажээ. Энэ их гамшгийн дараа сайн үр дүн гарсан бол дайныг, хүчирхийллийг зөвтгөж болох байсан. Өнөөдөр гарч байгаа аллага, дайталт бол өнгөрсөн зууны алдааг үл тоомсорлосны үр дагавар хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тиймээс нэг нь ялж, нөгөө нь ялагддаг бус, харин хүн бүрийг нэг гэр бүлийн гишүүн хэмээн авч үздэг шинэ хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг тэр онцлон тэмдэглэлээ. 
 
Аз жаргалын эх сурвалж болсон хүний дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэхийг эрмэлзэх гурван шалтгаан надад бий.

Нэгдүгээрт, эхийн хайр энэрлийг бид бүгд амссан.

Хоёрдугаарт, гэр бүл чинээлэг байлаа ч тэнд хайр энэрэл дутагдвал тухайн гэр бүлийн гишүүд аз жаргалгүй байна гэдэг нь ойлгомжтой.

Гуравдугаарт, аз жаргалын хамгийн чухал эх сурвалж нь сэтгэлийн амар амгалан гэдгийн нотолгоог өнөөдөр эрдэмтэд олж тогтоогоод байна.
 
Буддын шашны лам хүний хувьд, дэлхий дээрх бүх шашин хайр, хүлээцтэй байдал, өршөөл уучлалыг түгээдэг гэдгийг би олж хардаг. Тэр бүх шашин нийтлэг уриалгыг түгээж, нийтлэг зорилгыг тавьдаг учраас бид тэдгээр шашныг үнэлж, хүндэтгэх ёстой. Эцэст нь, энх тайван, хүчирхийллийн бус амьдралын бүх хэлбэрийг хүндэтгэдэг өөрийн өвөрмөц соёлоо төвөд хүн болж төрсний хувьд хадгалж үлдээхийг хүсдэг.
 
Санскрит хэлнээс төвөд хэл рүү орчуулсан буддын 300 гаруй боть ном судрын агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан болон шашны сэдэвтэй хэмээн ангилж болно хэмээн нэмж хэлэв. Буддын шинжлэх ухааны 2 боть номыг бэлтгэн гаргасан бөгөөд англи, хятад болон бусад хэлнээ орчуулснаар сонирхсон бүх хүн үзэж судлах боломж бүрдэнэ. 30 жилийн турш орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлснээр “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэн байгуулагдсан талаар Дээрхийн Гэгээнтэн нэмж ярилаа. Тус хүрээлэнгийн ажлын хүрээнд оюун сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэдлэгийг судалж байгаа бөгөөд эрдэмтэд энэ тухайд маш их сонирхох болсон байна. 
Мөн тэрээр “Өнөөдөр дэлхий дахин ёс суртахууны хямралтай тулгарч байна” хэмээн тэмдэглэн хэлэв. “Энэ хямралыг бид сэтгэлээ төвшитгөх замаар шийдэх боломжтой. Гэхдээ үүний тулд бид өөрсдийн сэтгэл хөдлөлийн тогтолцоог ойлгох ёстой, сэтгэл хөдлөлийн дүр зургийг мэддэг байх ёстой. Төвөдийн болон Японы буддизм харьяалагддаг Наландагийн уламжлал нь энэ мэдлэгээрээ орчин үеийн дэлхий дахины энх тайванд хувь нэмрээ оруулна.”
 
Асуулт хариултын арга хэмжээг удирдахаар сэтгүүлч Акира Икэгами индэрт гарч ирэн, Дээрхийн Гэгээнтэнтэй зэрэгцэн суулаа. Залуу үеийг ирээдүйд бэлдэхийн тулд ямар зөвөлгөө өгөх вэ гэсэн асуултыг сэтгүүлч тавив. Дээрхийн Гэгээнтэн, 
 
“Хүмүүст янз бүрийн хэрэгцээ, чадвар байдаг учраас ерөнхийд нь хэлэх хэцүү ч, урьдчилан таамаглалгүйгээр, бодитоор хандаж, цогц байдлаар нь асуудалд хандах замаар оюун ухаанаа дээд хэмжээгээр дайчлах нь хамгийн зөв арга мөн. Би эрх чөлөөгөө 16 настайдаа, эх орноо 24 настайдаа алдсан бөгөөд 56 жилийн турш хүнд бэрх цагийг туулж байна. Нэг өнцгөөс бүүдгэр харагдах зүйл өөр өнцгөөс гэрэлтэй харагдах явдал байдаг. Хэрвээ би Потала ордонд байсаар байсан бол албан ёсны билэг тэмдэг төдий үүрэг гүйцэтгэх байсан. Цагаач болсноор жирийн хүн лугаа адил амьдрах боломжтой болж, найз нөхдөө өөрийн дураар сонгох болсон. Би янз бүрийн газарт олон янзын хүмүүстэй уулзаж, тэднээс ихийг сурах боломжтой болсон.” хэмээн хариуллаа.
 
Түүний байнгын өөдрөг үзлийн талаархи асуултад тэрээр хариулахдаа, 20 дугаар зууныг тэр чигээр нь амьдарч туулсан, 96 настай Английн хатан хааны эхтэй 1996 онд уулзсанаа дурсав. Дэлхий ертөнцийн байдал сайжирсан уу, муудсан уу хэмээн түүнээс асуухад, хатан хааны ээж эргэлзэлгүйгээр сайжирсан хэмээн хариулсан байна. Түүнийг залуу байхад хэн ч хүний эрх болон өөрийн хөгжлийн замыг өөрөө сонгох тухай өнөөдөр ярьж байгаа шиг ярьдаггүй байсан хэмээн тэр хэлжээ. Шинжлэх ухаан ба шашин урьд нь хоёр туйл байсан бол өнөөдөр эрдэмтэд сэтгэлийн тухай буддизмын мэдлэгийг сонирхон судлах болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. ЗХУ-д тоталиритар дэглэм нуран унаж, Хятадад өөрчлөлт шинэчлэл явагдаж байгаа тухай тэрээр эш татан хэлээд, энэ бүхэн нь дэлхий эерэг чиглэл рүү өөрчлөгдөж байгаагийн нотолгоо учраас өөдрөг байх шалтгаан байна хэмээв. 
 
Амьдралаа хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй байгаа залуучуудад хандан юу зөвлөх вэ гэсэн асуултад, Япон болон Герман улс итгэл төгс, шийдвэртэй байсны ачаар дайны үнс нурман дотроос сэргэн боссоныг тэр сануулав. 
 
“Японы залуу үеийнхэн та бүхэн англи хэлийг сурах талаар хүчин чармайлтаа дайчлах хэрэгтэй, англи хэл та бүхэнд сайнаар нөлөөлөх болно. Миний дутуу дулимаг англи хэл хүртэл надад ач тусаа өгч байгааг би мэдсэн. Англи хэлээр надаас сайн ярьдаг болоосой гэж би хүсч байна. Дэлхийн янз бүрийн газарт очин сайн дурын үйлст оролцоход зарим нэг цаг заваа зориулах талаар та нар мөн бодох ёстой. Та нарын тусламжтайгаар Африк болон Азийн олон ард түмэн дэлхийн хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна.”
 
Далай Ламаар хэрхэн тодорч, Далай Лам байх нь ямар байдаг талаар өөр нэгэн оюутан асуухад, асуултыг зохимжтой бус хэмээн Дээрхийн Гэгээнтэн үзсэн боловч, дараа нь хойд төрөл байдагт буддистууд итгэдэг талаар тайлбарлан ярилаа. Хутагт хувилгаадыг тодруулах уламжлалын дагуу зарим хүн тэднийг хаана, хэзээ төрөхийг мэдэх чадвартай байдаг гэв. Тэрээр бага балчир байхдаа өмнөх төрлийнхөө тухай тодорхой санаж ярьдаг байсан талаар эх нь ярьж байсныг тэр дурслаа. Гурван хүүхдийн дундаас Далай Ламыг тодруулах багийн шинжсэнээр Далай Лам болсон тухайгаа хүүрнэв. 
 
Энэрэнгүй байх гэсэн хүчин чармайлт нь хиймэл юм шиг санагдаад байгаа нэгэн оюутан зөвөлгөө авахыг хүссэн байна. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, 
 
“Бид бол нийгмийн амьтад учраас бидэнд анд нөхөд хэрэгтэй. Эсэн мэнд үлдэхийн тулд бидэнд олон нийт, хамт олон хэрэгтэй. Анд нөхөд итгэлцлийн үр дүнд бий болдог бол та хүмүүст хүнлэг хандвал итгэлцэл бий болно. Бусдыг ашиглаж, хуурч, гомдоовол найз нөхөдтэй болж чадахгүй. Хүнлэг, энэрэнгүй байснаар өөртөө итгэлтэй болж, улмаар шударга ба ил тод байх чадлыг олно. Өөртөө итгэлтэй байснаар сэтгэлийн амар амгалан бий болох бөгөөд цаашид эрүүл мэндэд тань ч энэ сайнаар нөлөөлнө” хэмээв.
 
“Шударга, энэрэнгүй хандлага нь хүчтэйн шинж. Худал хэлэх, уурлах нь сул доройг илэрхийлдэг. Төвөдийн үйл хэргийн жишээг харцгаая. Энэ бол үнэн болон зэр зэвсгийн хүч чадлын хоорондох тэмцэл юм. Түр зууртаа зэр зэвсэг илүү хүчтэй байж болох ч, алс хэтдээ үнэн ялах болно. Бид Хятадын алдаатай бодлогыг эсэргүүцэж байгаа ч тэдэнд уурладаггүй. Бид яриа хэлэлцээ болон харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг эрэлхийлж байна. Үнэнийг хамгаалахын тулд эр зориг гаргасныхаа төлөө шоронд хоригдож байгаа, Нобелийн шагналт Лю Сяобо шиг хүний эрхийн төлөө тэмцэгчид биднийг дэмжиж байгаа.”
 
Арга хэмжээний төгсгөлд их сургуудийн ерөнхийлөгч Эцужё Сато Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулж, хариуд нь цагаан хадаг хүлээн авлаа. Дээрхийн Гэгээнтэн индрээс буухдаа хурсан олон руу харж инээмсэглэн, гар даллахад оюутнууд халуун алга ташилтаар үдэв. 
Уншсан: 605
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS