Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ
 

Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ

 


Япон, Хоккайдо, Саппоро, 2015 оны 4 дүгээр сарын 3 – Токиогоос Саппоро хүртэлх бараг 800 км замыг агаараар туулсан нь нэг улирлаас нөгөөд шилжсэн аялал байлаа. Токио хотын хөх тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг, хотын гудамжинд сакура битүү цэцэглэсэн байв. Харин Хоккайдод эсрэгээрээ хүйтэн, салхитай, чийглэг, дүн өвлөөрөө байлаа. Замын цасыг цэвэрлээд овоолсон нь хаа сайгүй харагдана. 

18-40 насны залуучуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын ашгийн бус байгууллага болох Жи Ай Си-гийн Саппоро хотын салбарын зочны хувьд Дээрхийн Гэгээнтэн Саппород морилж байгаа билээ. Уг байгууллага нь дэлхийн 80 гаруй оронд салбартай бөгөөд залуучуудыг хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд оролцуулах, олон улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх тэдний үйл ажиллагааг дэмжих зорилготой. Дээрхийн Гэгээнтнийг индэрт гарахад 1800 хүн халуун алга ташилтаар мэндчилж, түүний үгийг анхааралтайгаар сонслоо.

Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бүх нийтийн хариуцлага" сэдвээр
яриа хийлээ. Япон, Саппоро, 2015.4.3. Гэрэл зургийг Жереми Рассел
“Сайн байцгаана уу? Би энд анх удаагаа ирж байна. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг, аз жаргалтай байх бас бүрэн эрхтэй. Яс үндэс, сүсэг бишрэл, гэр бүлийн болон нийгмийн байдал зэрэг хоёрдугаар зэргийн ялгаанууд бидэнд байдаг ч, хүн гэдэг утгаараа бүгд адил гэдгийг санаж байх нь юунаас ч илүү чухал. Бидний хэн маань ч хүндрэлтэй тулгарахыг хүсдэггүй хэрнээ хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их ач холбогдол өгснөөр өөрсөддөө асуудал бий болгож байна. 

Хэрвээ бид ийм ялгааг үл тоон, бусдыг өөртэйгээ адилхан хүний төрөлтөн хэмээн харж чадвал бид өөр хоорондоо тэмцэлдэх, зөрчилдөх үндэс байхгүй болно. Бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол эв зохицол бөгөөд үүнийг япончууд та бүхэн ямар нэг хэмжээгээр бүтээж чадсан гэдэгт би итгэдэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

1973 онд Дээрхийн Гэгээнтний анхны Европт хийх аяллын босгон дээр Энэтхэг дэх Би-Би-Сигийн сурвалжлагч Марк Тулли түүнээс дэлхийгээр аялах түүний зорилгын талаар асууж байсныг тэр дурсав. Тэрээр өөрийгөө дэлхийн иргэн гэж үздэг учраас бусад хүмүүстэй уулзаж, өөр өөр соёл иргэншлийн талаар мэдэх хүсэлтэй хэмээн түүнд хариулж байжээ.

“Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэгдмэл байдлыг бид ухамсарлах шаардлагатай. Би бусад хүмүүстэй уулзахдаа өөрийгөө бусдаас өөр, тухайлбал төвд хүн, буддист хүн эсвэл Далай Лам гэж боддоггүй. Би өөрийгөө бусадтай л адил хүн гэж үздэг. Хүмүүн бидэнд сэтгэлийн сөрөг ба эерэг хандлагаа төлөвшүүлэх ижил боломж буй бөгөөд хүн болж төрсний хувьд бидэнд заяасан онцгой бэлэг бол бидний сэтгэл, оюун ухаан мөн. Хэрвээ бид тэдгээрийг зөв хэрэглэж чадвал амжилтыг бүтээж, аз жаргалтай амьдрах боломжтой.”

Орчин үеийн нийгэмд бүх зүйл, тэр дундаа боловсролын тогтолцоо ч материаллаг хөгжлийн асуудалд чиглэсэн мэт байгааг тэр тэмдэглэн хэлэв. Үр дүнд нь дотоод үнэт зүйлсдээ хангалттай анхаарал тавиагүйгээс сэтгэл санааны тайван бус байдалд ордог. Энэ тэнцвэргүй байдлыг шийдэхийн тулд бид сэтгэл оюундаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. 

Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзсан уулзалтад 1800 гаруй
хүн оролцлоо. Япон, Саппоро, 2015.4.3. Гэрэл зургийг Жереми Рассел
“Сэтгэлийн сөрөг хандлага, амин хувиа хичээх бодол, бусдыг үл тоох сэтгэл бидний оюун ухаанд байсаар байвал бид хэзээ ч аз жаргалыг олохгүй. Бид нийгмийн амьтад учраас хамтдаа хөдөлмөрлөх шаардлагатай. Бид найз нөхдөөр хүрээлэгдвэл аюулгүй, аз жаргалтай байж, бидний сэтгэл амар тайван байна. Түүнээс гадна эрүүл энх байна. Хэрвээ уур хилэн, айдас, сэтгэл гутралд автагдвал бидний сэтгэл тавгүйтээд зогсохгүй, энэ байдал бидний бие махбодийн эрүүл мэндэд ч хөнөөлтэй. Тиймээс аз жаргалын үндсэн эх сурвалж бол сайхан сэтгэл гэдэг нь маш тодорхой билээ. Энэтхэгийн иргэний ёс зүй хэмээх онолын үндэс нь сайхан сэтгэл байдаг. Бид энэ сэтгэлийг эхийн хайр энэрлээр анх мэдэрч, хожим бусдад хайр энэрэл үзүүлэх чадвартай болдог. 

“Японд залуу хүмүүсийн дунд амиа хорлох явдал их байдаг гэж би сонссон. Үүнийг шийдэх нэг арга нь бусдыг халамжлах, бусдыг хайрлах сэтгэлийг залуу үеийнхэнд төлөвшүүлэх явдал хэмээн бодож байна.”

Шашны бүх уламжлал хайр энэрлийн сургаалийг түгээдэг учраас иргэний ёс зүй тэдний сургаал бүгдэд нь байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Тэдгээр шашин гүн ухааны үзэл баримтлалаараа ялгаатай ч, үзэл баримтлалын зорилго нь сайхан сэтгэлийг бэхжүүлэхэд чиглэгддэг. Шашны бусад ялгаатай уламжлалыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь тэдгээрийн эв зохицлыг бэхжүүлэх гол хүчин зүйл юм. Шашны нэрийн өмнөөс хүмүүс бие биенээ хөнөөж буй ийм цаг үед шашны эв зохицол илүү ач холбогдолтой болоод байна. 

Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бүх нийтийн хариуцлага" сэдэвт яриа
хийж байгаа нь. Япон, Саппоро, 2015.4.3. Гэрэл зургийг Жереми Рассел
Хүмүүсийн асуултад хариулахдаа, тэрээр амьдралын зорилго нь аз жаргалтай байх явдал гэдгийг тайлбарлав. Аливаа уридлагыг сонгуулиар сонгохыг тэрээр дэмжээд, гэхдээ удирдагчид үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, хийх гэж байгаа зүйлийнхээ талаар өргөн мэдлэгтэй байх ёстой гэв. Хүүхдүүдийг хайр энэрлээр дутаахгүй өсгөснөөр тэд аюулгүй, амар тайван байж, үлдсэн амьдралдаа бусдад хайр энэрлийг үзүүлэх чадвартай болдог. 

Энэтхэг дэх кастын ялгаварлан гадуурхах үзлийн тухай асуултад, үүнийг Бурхан Багш хүртэл эсэргүүцэж байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Бүх хүн адилхан учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ч ялгаварлан гадуурхах явдал байж болохгүй хэмээн тэр хэлэв. Бурхан Багш кастаар ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцсэнээрээ хувьсгалч хүн байсан хэмээн 1955 онд Мао дарга хэлж байсныг тэрээр хошигнон дурслаа.

Хайр, нигүүлслийн тухай сургааль буюу шашны чиглэл, бүтээгч бурхан ба учир шалтгааны ухаанд анхаардаг гүн ухааны чиглэл, соёлын чиглэл гэсэн гурван үндсэн асуудал аль ч шашинд байдаг гэв. Энэ гурвын сүүлчийн буюу соёл, зан заншлын хэв шинжийг цаг хугацааны эрхээр өөрчилж болох бөгөөд шашны тэргүүн, багш нар энэ талаар үгээ хэлэх ёстой. 

Ямар нэг байдлаар хяналтаа алдах тохиолдол өөрт нь байдаг эсэх талаарх асуултад, тэрээр бусадтай л адил хүн учраас тийм тохиолдол бий гэж хариулав. Нью Йоркийн нэгэн сурвалжлагчийн асуултад хариулах зүйл алга гэж хэлсээр байтал нөгөө л асуултаа давтаад байсан тохиолдлыг тэр дурдав. Тэр үед тэрээр ихэд бухимдсан боловч нэг жилийн дараа тэр хоёр дахин таарах үедээ хоёул болсон явдлын талаар инээлдэн дурссанаа тэмдэглэн хэллээ. Уур хилэн, айдас хүйдэс, хардлагад автагдах нь бидний сэтгэлийг бусниулаад зогсохгүй, биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг Дээрхийн Гэгээнтэн давтан сануулав. Уур хилэн гэр бүлийг ч салгах чадалтай бол итгэл нөхөрлөл дээр хүний нийгэм тогтдог. 

Далай Лам Саппоро хотноо бүх нийтийн хариуцлагын талаар олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуух хүмүүс дугаарлан
зогссон байлаа.
Сайн, муу мэдээг хэрхэн хүлээж авдаг тухай асуулттай дээрх бодлоо холбон тэр тайлбарласан байна. Хүмүүс бие биендээ итгэж, бие биетэйгээ харьцах нь ердийн зүйл хэмээн тэр хэлэв. Нөгөө талаас, өөдрөг байх шалтгаан өнөөдөр байна, учир нь 20 дугаар зууны эхэнд нигүүлсэл гэсэн үгийг цөөхөн хүн хэрэглэдэг байсан бол өнөөдөр улс төрчид хүртэл хэрэглэх болжээ. Үүний нэгэн адил нэгэн зууны өмнө өнөөдрийнх шиг хүмүүс байгаль эколог, хүрээлэн байгаа орчны талаар боддоггүй байсан. Түүнээс гадна 20 дугаар зууны эхэнд хүмүүс дайн, хүчирхийлэл нь аливаа асуудлыг шийдэх арга хэмээн үздэг байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байна. 

Уулзалтын төгсгөлд хүүхдүүд индэрт гарч ирэн Дээрхийн Гэгээнтэнд бэлэг гардуулсныг тэр баяртайгаар хүлээн авав. Хүүхдүүдэд тэр талархал илэрхийлээд, 21 дүгээр зууны эдгээр хүүхдүүдээс өөрсдийн эрин үеийг илүү аз жаргалтай, амар амгалан болгож чадах эсэх нь тэднийг хэрхэн бэлдэхээс шалтгаална хэмээн тэмдэглэн хэллээ.




 
Уншсан: 651
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS