Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Бадамжунай багшийн “Архины уг гарал, сайн мууг сайтар ялгасан” номлол
    Улааны шашны тэргүүн ловон Бадамжунай багшийн “Архины уг гарал, сайн мууг сайтар ялгасан” хэмээх номлолоос уншигч олондоо  товч  мэдээлье.  Урьд олон галав нөхцсөн цагт нэгэн хан хөвгүүнээс: “Энэ архи хэмээгдэх нь эрт урьд алинаас болсон учир шалтгааныг номлон соёрх” хэмээн айлтгасанд хариу номлохдоо: “Нүгэлт хорлолыг үйлдэгч шуламсын хаан бээр өөрийн зүүдэддээ үзсэн есөн муу зайнаас архи хэмээх хорыг бий болгон,  үүнийгээ Догшин хар сахиусандаа хэлсэнд сахиус нь: “Хаан чиний амьтныг хорлох сэтгэл бүтэж, ирээдүйд хүний нас ахар болох үед архинаас болж, олон амьтан зуурдаар үхэх буюу тамд унах тэргүүтнийг хэлжээ.
   Тэр цагт урьд галавын Бурхан ном айлдаж байхуйд сонсогч олон,   шуламсын хороор бүтээсэн архийг ус хэмээн андуурч ууснаас ихэд мунхрав гэжээ. Шуламсын хааны зүүдэндээ үзэж бүтээсэн тэр есөн муу зай юу юж вэ? гэвэл:
1. Галзуу цагаан арслангийн тархи,
2. Галзуу догшин мунхаг зааны амны хөөс,
3. Хорт могойн хэл,
4. Галзуу зөгийн бал,
5. Галзуу нохойн шүлс,
6. Шуламсын есөн бүжигчны чөмөг,
7. Үхээр идэгч чонын нүдний цөцгий,
8. Үхээрийн мах,
9. Эм мангасын умайн цус,
 
    Эдгээрийг хорын их мөрөн архи хэмээн нэрлэн, үүнийг хэрэглэснээр юунд ч дийлдэхгүй бузар дон шүглэж, арван хар нүглийн замд эргэлтгүй орж, нас буянаа барах тэргүүтнийг айлдав.
   “Галзуу цагаан арслангийн тархины хороос бүтсэний тул эгэл хүмүүс энэ архийг ууваас надаас дээд үгүй хэмээн элдэвлэн”, “нөхөр сэлт лүгээ хэрүүл тэмцэл үйлдэж, салж хагацах тэргүүгэн, мэдрэл алдан догширч...тамд орох үрийг хураах нь энэ хороос болно.
    Галзуу догшин мунхаг  зааны  амны хөөснөөс бүгсэний тул, дээдэст ундаа болсон энэ архийг үл уух нь буруу хэмээн, буруу үзлийн хатуу сэтгэл төрөн ахин дахин уух нь энэ хороос болно.
Хорт могойн хороос бүтсэн тул муу үгсийг тэсгэлгүй өгүүлж, сэтгэлийг хордуулах тэргүүтнийг үзүүлэх ажээ.
    Галзуу зөгийн балаас бүтсэн тул архины амт нь балын амтнаас илүү хэмээн үл тэвчин үйлдэнэ. Галзуу нохойн шүлснээс бүтсэн тул бусад олон лугаа хэрүүл тэмцэл хийн, зодолдох, уралцах тэргүүтэн нь энэ хороос болсон юм.
    Шуламсын есөн бүжигчний чөмөгнөөс бүтсэн тул согтсон хүмүүсийн хөл, гарын чөмөг бүхэн нь халуу оргин, суух, хэвтэх амаргүй мэт тул босон, яван үйлдэх,  морь унаваас галзуу мэт харайлган довтлох, үхэдхийн унах, яс мах, нүүр царай эвдрэх нь энэ хороос болно.
      Үхээрийг идэгч чонын нүдний цөцгийнээс бүтсэн учир, архиар машид согтсон хүмүүний нүд балраад,  юуг ч тодорхой ялган харах, үл мэдэн сэтгэл балран явах нь энэ хороос болно. Үхээрийн махнаас  бүтсэн  тул  архийг үргэлж  шүтэн  уугч хүмүүний  нүүр  царай  үнсэн хөх өнгөтэй болж, үзэшгүй муухай болно.
    Эм мангасын умайн цуснаас бүтсэн тул архийг үргэлж уугч төрөлхтнүүдийн хамт төрсөн сахиус зайлж, түүний оронд шуламсын хаан батад оршин, тэр хүмүүний найман түм, дөрвөн мянган нисваанис (нүгэл) гал мэт бадрах бөгөөд, ус мэт хямрах, салхи мэт хөдлөх, шороо мэт бутрах тэргүүтнээр арван хар нүглийг засваргүй үйлдээд, тангараг санваар доройтон гурван муу заяа, очирт там тэргүүтэнд төрж,  элдэв  зовлонг үзэх болно хэмээн гурван цагийн хамаг бурхад номлосон гэжээ.
     Бас тэр архины хор газарт шингэснээр үрийн архи ба зассан (нэрмэл) архи хоёулаа хор болно гэжээ. Бас зарлиг болсон нь:  шуламсын хааны есөн хороос уугч төрөлхтнүүдийг согтох цагт урьд нь аль төрлөөс ирснийг нь мэдэхүйеэ хялбар гээд:
Урьд тэнгэр, хүний орноос төрсөн хүмүүс ууж согтохуйд бие хэл, сэтгэл нь үл доройтон, оюун бат дөлгөөн, үг яриагаа шудрага өгүүлж, номхон ёсоор орших болно.
Асурын орноос ирсэн (төрсөн) хүмүүс согтох цагт хэрүүл тэмцэл хийж зододдох тэмцэлдэхийн үгс өгүүлж, атаа харам, элдэв зүйл муу авир гаргана. Тамын орноос  ирж төрсөн хүмүүс согтох цагт учир шалтгаангуй уйлан дуудан байх болно.
- Бирдийн орноос ирэгсэд согтох цагт биеэ үл даан туялзах ба унах тэргүүтнийг үзүүлэх болно. Адгуусны төрлийн орноос ирсэн хүмүүс согтох цагт хэлээр ямар ч үгийг үл өгүүлэн үл чадах ба адгуус мэт тэнэг хэлгий болно хэмээжээ.
    Бурхан Шагжамуни багш: “Аяа, олон гэмийг чухалчлан шүтэгч (үзүүлэгч) аймшигт архийг огоот тэвчигтүн” хэмээн номлоод учир юун хэмээвээс... миний шавь тойн бурсан хуврагууд сонсогтун, энэ архийг өвсний үзүүрт тогтсон шүүдрийн төдийхөн амсваас миний шавь бус... Алимад тойдууд архийг уугаад галзуу мэт болж, бие, хэл, сэтгэл гурваа сул тавьж хэлээр хатуу, олхио, цалгай, бузар элдэв зүйл муу үгсийг өгүүлээд, сэтгэлд тачаангуй, уур мунхаг, омог бардам, харам, атаа тэргүүтэн хамаг нисваанис бадрах болон, бие, сэтгэл үхэтхийн мунхрах, гэрт ба хээр хэвтэн үйлдэх цагт бөөлжсөн амыг нохой долоох, хувцасгүй нүцгэн, нууцын орон тэргүүтэн биеийг хүмүүс үзэж ичихийн орон болмой... хамт төрсөн сахиус зугтааж номыг тэтгэгчид хилэгнэсний шалтгаанаар элдэв аюулд орж зовох болой” хэмээгээд хүмүүн та нар... энэ архийг Бурханд өргөж тахих байтал биднийг үл уу хэмээхийн учир юун буй гэвээс та нар Бурханы хутагыг эс олсны тул энэ архийг яаж эдэлж чадах вэ?
    Үлгэрлэвээс, арслангийн харайсан гуунд үнэг харайж ууцаа хугалах, гарьдийн халин ниссэн мөрөөр болжмор нисч далавчаа хугалсны үлгэртэй адилтган үзэггүн хэмээв. “Энэ архийг номыг тэтгэгч сахиусанд таван мах, таван рашаан болгон адислаж өргөснөөр сахиус  нар,  амьтны таван хорын нисваанисыг түүнд нийлүүлж рашаан болгон зооглоод амьтны нүглийн шалтгааныг арилган үйлдэх болой” хэмээн зарлиглав. “Таван мах гэдгийн дотор хүний ба морь, нохойн мах буй, түүнийг та идэж чадах уу, таван рашаан хэмээх дотор баас, шээс хоёр буй, түүнийг арилгах, онуулах, бадруулах гурвыг үйлдэж чадах уу? Хэрвээ чадваас архи уугч мөн амуй. Үл чадах бөгөөс үл болмуй” хэмээв.
   Энэ архийг галзууруулагч, баатарлагч, бардуулагч, баярхуулагч, өгөөмөрлүүлэгч, үл эргэцүүлэгч хэмээн нэрийдсэн, бас согтууруулагч идээнд багтсан тамхи гэх муу үнэртийг Бурхан бээр архи лугаа  адил цаазлан зохиоход болох байсан авч тэр цагг тамхи ихэд дэлгэрээгүй буй хэмээн Бадамсамбава багш айлдаад: “Бурхан нирваан дүрийг үзүүлсний хойно,  нэгэн үед шуламс язгуурт нэгэн эхнэр буруу үзлийг гаргаж умайн цусаа  газар булснаас нэгэн ногоо ургасан бөлгөө, тэр нь Энэтхэг, Нанхиадад дэлгэрч, түүний утааг сорогчдын сэтгэлд муу ад оршиж дахин дахин сорохын хүслийг төрүүлсэн  гэх. Түүний гэм нүгэл нь биед тусгуй, өвчин болон муу үнэр тэргүүтнийг үүсгэх, түүнийг сорогч хүнд Бурхан, номын сахиус байтугайй цагаан зүгийн тэнгэр, лус ч үл таалах, тийм хүмүүс сүм хийд,  шүтээний дэргэд одвоос муу үнэр түгж, хойтод муу заяанд төрж зовлон эдлэх тул архи лугаа адил тэвчигтүн” хэмээн номложээ.
    Нэгэн зүйл: Дээр дурдсан номлолоос үзэхэд архи, тамхи алин ч маш муу гарал үүсэлтэй буюу шуламсын хаан гэгч нь Бурханд бишрэгч олны сэтгэлийг буруутгах,  зөв явдал мөрөөс хүн амьтныг холдуулж, хорлох атгаг муу бодлын улмаас шөнө зүүдэндээ гарсныг хэрэгжүүлснээс архи гэх гашуун бий болжээ.  Мөн нэгэнт архи тамхинд автсан хүн эргэж гарч чаддаггүй нь уг зүйлсийн гарал үүсэл муу учирт юм.  “Ирээдүйд хүн амьтний нас богино болох цагт миний хорлох санаа бүтнэ” гэж шуламсын хаан ихэд муу ерөөл тавьснаас, архи, тамхи их хэрэглэсэн хүмүүс хордож богино насалдаг төдийгүй элдэв осол эндэл, муу үйл ихэд дэлгэрчээ.
     Өнөөгийн хүний сэтгэл буруудсан цөвүүн цагт архи идээний дээж гэгдэх болтлоо хүндлэгдэн буй, бас улсын төсөв бүрдүүлэх  нэг  арга хэрэгсэл болсон нь нэн гэмшилтэй бус уу.
    Архи савнаасаа бусдыг дийлдэг нь есөн муу хорт зайнаас бүтсэний учир юм.  Нэгэн домог ярианд: Урьд цагг нэгэн лам хуврага хүнд архи уух, авгай хэрэглэх, ямаа алах гурваас аль нэгийг нь заавал үйлдэхээс аргагүй тулгалт учирсанд лам бодож бодож  архийг уух сонголт хийсэн чинь соггсоны улмаас гурвууланг нь гүйцэтгэсэн нүгэл хийж сахил санваар тэргүүтнээ зөрчсөн гэдэг. Нэг санааг хэлэхэд малын сүү, цагаан идээнээс нэрж гаргасан архи өөр байж болох ч согтууруулах чанар нь адил юм.
   Чингэвээс дээрхи номлолоор бол нууц тарнийн увидас бүхий чадалтай хүн архийг рашаан болгож адислаад сахиус чойжингуудад өргөдөг ёстой.  Ингэж рашаан болгох чадалтай хүн ууж хэрэглэж болохыг Бадамжунай бурхан номлосон бололтой.  Энд нэгэн жишээг дурдая. Манай Улааны шашны тэргүүн их тарнич хутагт Д.Данзанравжааг сархад, эхнэр хоёрт таалалтай байсан гэдэг.
     Хутагтын шавь нар багш архи уудаг юм, бид уухад яахав гэсэн байдалтайг  Ноён хутагт мэдсэн байна. Ингээд нэг удаа шавь нараа цуглуулж тус бүрийн өмнө аягатай ус, архи хоёр тавиад: “Усыг нь архи, архийг нь ус болго, тэгээд ууцгаа: гэсэнд шавь нараас нэгэн ч чадаагүй тул өөрөө усыг тарнидаж архи болгоод, мөн архийг тарнидаж усны чанарт оруулж үзүүлээд: “Над мэт чадалтай болсны дараа та нар надтай барьцаарай” хэмээн сануулсан гэдэг хууч яриа бий.
     Үүнээс хойш шавь нар нь багшийнхаа тухай жиг жуг яриа гаргахаа огт больсон ажээ. Ийнхүү архи, тамхины мөн чанар, гарал үүслийн тухай дээдсүүдийн номлосны орчуулгаас товчлон авч уншигчиддаа хүргэхийг хичээлээ. Дашрамд өгүүлэхэд, энэ ертөнцийн ямар ч юмс эерэг сөрөг, сайн муу, таатай таагүй хоёр талтай, мөн тийм үр хаялга, хэм хэмжээ бүхий бичигдээгүй хууль зүй тогтоолтойг хүмүүс тэр бүр анзаардаггүй.
    Энэ жам ёсоор бодож үзвээс юмсын хэмжээг хэтрүүлбэл, сайн нь муу талдаа урвадаг. “Бүх юм хор, бүх юм эм, гагцхүү хэмжээ” гэх мэргэн үг бий. Архи сархад ч ялгаагүй тааруулж хүртвэл эм болох, таашааж хэтрүүлбэл там болж зовлонд учруулдаг. Архи жаргалтай нэг хэсгийг дэврээж хөгжөөдөг бол зовж бухимдсан нэгийг түр тайвшруулах шидтэй. Харин өөртөө татагдаж донтсон хүнийг тавьдаггүй эцсийг нь үзэж салдаг, бахь мэт хатуу урхитай тул сэрэмжлэх учиртай буй.

                                                                                                                                                                        www.budda.mn
 
 
Уншсан: 4340
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS