Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Данзанравжаагийн Жодын увдис

 Шулмыг цээрлүүлэгч жод лүйжин

 УМ АА ХУМ ПАНЧА ДААКИНИ САРВА СИДДХИ ПХАЛА ХО

 Аяа!

 Бүхий л зовлонг амирлуулагч

 Бурханы дээд ном саддхарма

 Ямарваа юмсын төв, ухаан хоёр

 Ялгалгүй нэгдмэл тэгш ахуй мөн

 Илбийн олон зочдыг цэнгүүлдэг учир

Энэ ном даган олохуйн бясалгал

Холиогүй сэтгэлийг дангаар агуулах

Хосгүй дээд амирлан ахуйн эрдэм

Мажиг эхтэй сэтгэл нийлсэн учир

Магад бас егүүтгэл поваан дээд

Мөн ёсон, ахуй утгыг тодоор үзсэн учир

Мөнхүү үлэмж үзэл ч энэ бөлгөө

Ум судал Авадхүдийн төвд

Уруу арилгах тул судал, хий болмуй

Ихэд өдөөсөнд тус дэм болох тул

Тэгш амтат нэгэн чанар болмуй

Чуулганы дээд орныг баясган тахих тул

Чухамдаа үүсгэл зэрэг гэгч энэ бөлгөө

Амгалан, хоосныг бодийн мөрд авагч

Арилсан дээд төгсгөл зэрэг ч бас болмуй

Өөрөөс илүү өрөөлийг эрхэмлэх учраас

Өнөөх бодийн сэтгэл гэдэг энэ билээ

Үл зоригдох гурван нөхрийг бясалгадаг

Үзэлийн дээд гүн үзэл гэгч бас энэ

Өөрийн ухааныг санамсар, мэдэмсэрт авхуулсан

Үнэмлэхүй дээд бясалгалын хаан бас мөн

Билгийн чанад "Юм"-ын утгыг үзүүлсэн учир

Бурханы айлдсан судар ч бас мөн

Уран аргаар ялгарах өвөрмөц чанартай

Учир тиймээс тарний мөр ч энэ болмуй

Эзгүй зэлүүд хээрээр хэсүүчлэн явдаг

Эгэлгүй дээд биеийн аглаг мөн

Арвисыг ПАД тарниар таслан зогсоох

Арилсан дээд хэлний аглаг мөн

Асар атгагийн сацрах ба хурахуйг зогсоох

Ахуй дээд сэтгэлийн аглаг бас мөн

Тэнгэр чөтгөр хоёроор бус ургах тул

Тэнүүн дээд арилсан үзэгдэл мөн

Горьдох, сэжигдэхийн баримтлал гэж үгүй

Гагц тэр эцсийн үр чухам энэ

Дөрвөн шулмыг дор нь арилгах

Түвшин амар амирлангуйн үйлс мөн

Хэрийн онол, эрдмийг дээш мандуулах

Хэтийн сайн дэлгэрэх үйлс мөн

Тэнгэр чөтгөр нөхөр болон хүрээлэх

Тэнсэшгүй хүчит эрхийн үйл мөн

Үнэн баримтлалыг төвийн голд сөнөөх

Өчиггүй шийдмэг хатуу үйл мөн

Цогцсон бие, бүлээн аминдаа үл хорогдох

Цаглашгүй дээд харамгүй өглөг мөн

Хоёр түйтгэрийг үндсээр нь огтлох

Хосгүй дээд шагшаабад эрдэм мөн

Саар бүхнийг бодь мөр болгодог

Сацлалгүй дээд хүлцэл тэвчээр мөн

Төв ухаанаа алгасалгүй судлах

Түвшин хэрсүү хичээнгүй баримад мөн

Аяандаа ургадаг үзэгдлийг зөнд нь талбих

Даяны дээд тогтуун самади мөн

Уугуул ёсон эндүүгүй зөвөөр онох

Ухаарлын дээд билиг баримад бас мөн

Товчоор хэлбэл анхаарах ном бүхний оньс

Тотгорыг амирлуулагч Саддармаа билээ

Аяа! Дээд ном жодын увдис гайхмаараа

Элдэв өвчин биеийг ээрэхэд

Энэ ном онол эрдмийн дэм болгоно

Ад дон зэтгэр ирж хорловол

Арилсан үзэгдэлд тусгаж бодь мөрд авхуулна

Үхэл ирж амийг авч одох болвол

Үнэмлэхүй сэтгэл "Тод гэрэл"-д учруулна

Саар үзэгдэл элдэв ёр тохиовол

Саадгүй "Би-д барихуй"-г номхруулна

Аюуж сэтгэл ихэд зовбоос

Алгасалгүй сэтгэлийн үндсийг таслана

Риди гарч элдэв юм хувирвал

Энэ номыг авснаар мөрийн хүчийг судлана

Саад тотгор барцад тохиох болбол

Саар атгаг, шулмыг эвдэгч мөн

Үл хүсэх элдэв зүйл тохиовол

Үнэн чанарт нэгэн амтыг амсуулна

Санаа үл зохиолдох олон хүн ирвээс

Сайн нөхөрт урвуулан эвээр нийлүүлнэ

Балмад хүмүүн таарч элдэв болвоос

Бодь сэтгэлд улам бээр суралцуулна

Олныг үзвээс сэтгэлд тань

 Омтгойгүй сайтар нийлүүлэн засна

 Ууланд ганцаар суух аваас

 Уугуул чанарт хэвийн болгоно

 Хар цагаан аливаа үзэгдэл ургавал

 Харамсах хэрэгүй тэгш амтанд нийлүүлнэ

 Арилгах түйтгэр бузар болбоос

 Ахуй тэр мөн чанарыг үзүүлнэ

 Хүслийг өдөөгч элдэв юмс гарваас

Үнэн мөн өвөрчлөн чанарыг ойлгуулна

Янаг садан амраг олон ирвээс

Ямагт шуналтгүй цуг оршооно

Өөрийн хэргийг бүтээн явах аваас

Өрөөлд алагчааллаас ангид болгомуй

Өрөөл бусдын тусыг бүтээх болвол

Өөрт олох алдрын хүсэлгүй болгомуй

Аяа! Гүн жодын увдисыг үзэлтэй

Орон гэж тогтоогүй үүнд

Там ба энхжингийн орон ялгаагүй

Нөхөр гэж заадаггүй үүнд

Тэнгэр ба чөтгөрийн ялгаа үгүй

Ном гэж шийтгээгүй үүнд

Судар ба тарнийн ялгаа үгүй

Явдал гэж зааглаагүй үүнд

Хүн ба нохойн ялгаа үгүй

Хамгийг хоосон хийгээд ухаанд мэддэг

Хосгүй номын лагшинд хүрсэн иогачаря

Жодчин бүхний оройн дээд

Жаргалын манлайд хүрсэн Чакравартти мөн

Тиймийн тул аль ургасан үзэгдэл бүхнийг

Тээршаах, хүсэхээс ангид үзлээр харагтун

Алтан тив мэт эрдэнийн үзэгдлийг

Арилсан тэр дээд ухаанаар харагтун

Үүнийг ч бас хязгаар газрын солиот Данзанравжаа буюу Додмарандал хэмээгч дуулвай. Самаяа жа, жа, жа.

 

Уншсан: 1936
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS