Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Дияны тухай

   Диян хэмээх үг нь Монгол хэлнээ Нямба хийх Диян-д суух гэх бөгөөд Санкрит хэлнээ चणक chanakah Балба хэлнээ चना chana,  Төвд хэлнээ хөрвүүлбээс tsa na хэмээх сунжирсан үгийн дуудлагаар дууддаг байна. Диян нь аглаг сэлүүнд сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох Бурханы шашны нэгэн гол аргын нэг юм.

    Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол диян нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билиг оюун аж. Утгыг онож танихуй нь нэн бэрхтэй орчлонгийн тоосон дунд хүмүүс хоорондын нарийн төвөгтэй харьцаанд түүртэхгүй амьдарна гэдэг нэн амаргүй. Харин хувь хүн дияны аргыг эзэмшсэнээр гадаад орчны хүлээсэнд автахгүй уснаа хөвөх загас, агаарт дүүлэх шувуу лугаа адил чөлөөтэй тааваараа амьдарч амьдралын гэрэл гэгээг цацруулж байдаг аж.

   Диян хийх нь бидэнд сэтгэлээс алдууран одсон цэнгэлийн орныг эргүүлэн олж авахад туслаж чадна. Эдийн шунал хүсэлд аалзны тор мэт хэрэгдсэн өнөөгийн нийгэмд, оюуны хоосролд орж, сэтгэлийн дарамтанд хүлэгдсэн хүн цөөнгүй байдаг. Түүнийг дагалдан хүмүүний сэтгэл цэвдэгшин зэрлэгшиж, нэр ашгийг эрхэмлэх үзэл сэтгэлийн орон зайг зугуухан эзэлсээр байна бус уу. Тэр хэрээр хүмүүс амьдралын үнэ цэнэ, утга учрыг эрэлхийлэх зав чөлөөгүй болж, аажмаар эд материалын боол болон хувирч байна. Харин диян нь цэнгэг салхи, шүүдрийн дусал мэтээр бидний амьдралыг тэтгэн ундаалж, төөрөгдлөөс гэтэлгэн, сэтгэлийг маань илүү эрх чөлөөтэй орон зайд аваачин хүмүүний ёсоор амьдрахад тусладаг юм.

  Диян хүмүүс бидэнд билиг оюуны хурц нүдийг хайрладаг. Хариуцлагын хариуд сэтгэл ханамжтай байж, шударга журмын хүчинд амар амгаланг эдлэн, бусдын төлөө гэсэн сэтгэлийн жаргал эдлэснээр амьдралын алхам тутамдаа дияаны нарийн ёсыг ойлгож мэдэрч болдог ажээ. Диян хэмээгч нь бодит байдлаас ухрахгүй түүнийг гэтлэн давж, орчлонгоос хэтийдэн ангижирч, эргэж түүндээ хутгалдан орохын нэр ажгуу. Дорно дахины билиг оюуны сор болсон диян нь хувь хүний амьдрал, сэтгэл санааг ажиглах, жинхэнэ утга учиртай амьдралыг эрэлхийлэх зэрэг онцлог шинжээрээ дэлхийн улам олон улс орны хүн ардын сонирхлыг ихээр татаж байна.

   Дияны ёс нь хэдийгээр ойлгохуйяа нэн бэрх мэт атлаа хэлбэрийн тал дээр туйлын энгийн хялбар байдаг.

Диян хийх аргыг энгийн хүмүүс бид бүгд чадна. Гагцхүү хийхэд анхаарах шаардах маш чухал зүйлс их олон байдаг. Үүнд Сэтгэлийн чиг хандлага, Үг хэл, Үйл хөдлөл, Дияан хийх үеийн байршилууд онц чухал гэдгийг нэрлэмээр байна.

Сэтгэлийн чиг хандлагын тухай

    Сэтгэлийн гүнд орших Орхихуй Гээхүйн ухааныг энгийн хүмүүс бид бүгд чаддаггүй.

Орхихуй Гээхүйн үйлийг ертөнцийн хүмүүний хамгаас гүйцэлдүүлэхэд бэрхтэй үйлийн нэг ажгуу. Хүмүүс нэр төр, эд хөрөнгө, хайр сэтгэл, ажил үйлтэйгээ нэг л учирч орхивол, түүнийгээ тэвчиж орхиж чадах нь хүмүүс байх нь маш ховор. Энэ үйлээс ундран гарч буй бие сэтгэлийн дарамтаа хүн өөрөө бий болгодог. Хүний шунах сэтгэл улам ундран гарч улам ихийг авахыг хүсдэг. Авсан хойноо чамлаж улам ихийг авна. Өнөөдөрийн өөртөө гутарч өөрийнхөө ажилд амьдралд ханаж цадахаа хүн үл мэднэ. Энэ үргэлжилсэн шуналын аалзны торноос бид гарах тун бэрх.

   Чухам энэ аалзны торонд орооцлогдом дарамт ачаалал нь биднийг амьдрал хэмээх урт аяны туршид сульдааж улам цуцаадаг. Авахыг хүссэн хийхийг хүссэн бүх нь бүтэлгүйтэж эхлэх үед хүн зовж шаналдаг. Сэтгэлийн шаналал атаа жөтөөгөө хүн Орхихуй Гээхүйн үйлээс үүдэж өөртөө бий болгодог. Тийм болохоор орчлонгийн ороо бусгаа тоосон дунд хэрэгтэй хэрэггүй зүйлсийг орхиж сурах нь сэтгэлийн хүлээсийг алдууруулж, сэлүүн чөлөөтэй амьдрах ерөндөг болдог байна.

 Үг хэлийн тухай 

  Үг хэл нь хүмүүний сэтгэлийн илэрхийлэл толь байдаг. Хүмүүн бидний дунд хэрүүл тэмцэл атаа жөтөө хорон муухай бүх зүйлсийг бид өөрсдөө бий болгодог. Үүнийгээ мэдэлгүй бид өөр нэгэн хүн лүү алдаагаа чиглүүлдэг. Төвийг сахиж эрдмийг илэрхийлсэн хүмүүн бусдад үл мэдэгдэм нам гүмхэн байхыг эрхэмлэдэг.


   Эрдмийг сахиж ухааныг илэрхийлдэг хүмүүс бусдыг бурхан мэт өргөмжилдөг. Бусдад сайхан үгс хэлж бусдыг баярлуулж урам хайралдаг. Ухаан их хүмүүний хэлсэн үг саглагар мод мэт хүнд цэцэглэдэг бол өөрийгөө дөвийлгэж хэлсэн хүний үг хувхайрч унаж буй мод мэт үлддэг. Хүмүүний ёс суртахуун, хүмүүжил ихэвчлэн үг хэлээр илэрч байдаг болохоор хүн өөрөө хичнээн нуун далдлахаар чармайсан ч гэсэн санаатай санамсаргүй ямар нэгэн байдлаар тухайн эзнийхээ ямархуу хүмүүжил ёс суртахуунтай хүн болохыг төвөггүй илэрхийлэн гаргаж ирдэг.

Үйл хөдлөл 

      Үйл хөдлөлөөр хүмүүн орчин тойрондоо асар их нөлөө үзүүлдэг.

     Байгаль хүмүүний шүтэлцээг устгаж өөрийнхөө үйлээр хүмүүс ирээдүйн үр хойчдоо үлдээх зүйлээ устгаж байгаагаа мэддэггүй. Хүмүүн зөв явдалтай нам гүмхэн амьдарлыг эрэлхийлж буй бол үг хэлээр бус үйл хөдлөлөө анхаарч явах нь зүй. Өөрийнхөө үйлээр өөрийгөө гэтэлгэхийн ухааныг үүнд өгүүлнэ. Өөрийн мөн чанарыг таньж мэдэлгүй бусдын хүчинд дулдуйдаж амьдрах нь зүй бус үйлдэл. Эцэг эхийнхээ хань ижил нөхрийнхөө хүчинд амьдарч суудаг хүмүүс. Өөрийн дотор буй эрдэнээ үл хайн бусдын дотоод рүү шагайхыг азнах хэрэгтэй. Тиймд ямарваа нэгэн зовлон өвчин бүтэлгүйтэл ирвээс өөрийнхөө асуудалаа өөрөө шийдэж бусад рүү бүү тох.

Харин өнгөтэй өөдтэй болохын цагт бусдад өгөхийн үйлийг сайтар эзэмших хэрэгтэй. Ядарч яваа нэгэнд гараа сунгаж туслах нь өөрийн тань ашид хойшдын замд нэн сайн тул буяны үйлд шамдах хэрэгтэй.

 

Уншсан: 842
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS