Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Их мэргэдийн цаст орон
      Цаст орон нь мөнх цаст сүрлэг уулс, мөрөн гол, онгон зэлүүд байгальтай, бөгөөд хүмүүс нь ан гөрөө, газар тарилан, мал аж ахуй эрхлэн амьдардаг хөрслөг бор царайтай, хүдэр чийрэг биетэй, ажилч хичээнгүй ажээ.

Тэд шашин номын үйлийг ихэд дээдлэн, нэг насны үйлсээ нүгэл хилэнгүй байлгахыг хичээж, хойд насандаа төрөл дээшлэн төрөхийн тулд амьдрах зорилготой.
 Төвдүүд айл гэрийн зочноо хүч тамир сэргээн, хий хуй дарах чанартай сарлагийн сүү, шар тостой, аагтай халуун цай, шар тосонд чанасан хавсай боорцог, балингаар дайлна.

Хоол хүнсэндээ шар тос голлон хэрэглэх бөгөөд энэ нь хүний биеийн гал илчийг барин, дархлаа сайжруулан, үе мөчийг уян хатан байлгах, шарх үрэвслийг анагаах тустай хэмээн ач тусыг нь ихэд эрхэмлэдэг.

Мөн айл гэрийн бурхан шүтээн, балин тахилын зүйлсийг модон тагшанд сүү, бурам, шар тос, арвайн гурилаар зуурч,  гарын дөрвөн хуруугаар тагшаа эргүүлэн зуурч бэлтгэнэ.

Тийн зуурч бэлдсэн арвайн гурилаар гоёмсог балин тахил хийхээс гадна аян замд зориулсан жижигхэн богцонд хийн, биедээ авч явна. Богцонд хийсэн балингаа цайнд үйж хэрэглэхээс гадна, арцтай хольж, газар ус, лус савдгийг баясгах сайхан үнэрт утлага болгон хэрэглэдэг.   

      Цастын хүмүүс үндэснийхээ хэв шинжийг агуулсан торго, даавуу, тэрэм, нэхий, сарлагийн ноосон дээл өмсөн, галт шар үнэгний арьсан малгай, ээтгэр хоншоортой сөөхий гутал хэрэглэдэг заншилтай.

Тэд үндэсний хувцаснаас гадна алт, мөнгө, гуутай бурхан шүтээн, Диваажингийн чулуу хэмээх нүдэт “3и” чулуу, улаан, цагаан шүр, оюу, хув зэргээр гоёдог нь зэрэг зиндаа бэл бэнчин нь хэр зэрэг болохыг харуулдаг.        

“Зи” чулууг нь хар, бор ухаа улаан өнгөтэй, олон нүдэн хээ бүхий, сайтар ажиглавал нүдний судас мэт олон нарийн судалтай бөгөөд Төвдүүд уг чулууг муу ёр, ад зэтгэрийн хорлолоос хамгаалан, эмчлэн анагаах увидастай хэмээн ихэд сүжиглэн өндөр үнээр худалдан авцгаадаг.

Харин оюу эрдэнэ хорыг сааруулан, хар цагаан хэл ам, атаа жөтөөг  сарниулах  увидастай гэдэг бол шүрийг арвижин дэлгэрүүлэх, цус тогтоох, газар лусын хорлол, аянганд ниргүүлэхээс хамгаалах зориулалтаар хэрэглэнэ.

Мөн шар хув нь олон жилийн тэртээгээс байгалийн эрчим хүчийг тэр хэвээр нь шингээсэн булчирхайн үрэвсэл, хорт хавдраас хамгаалах шидтэй гэх бөгөөд түүнийг өнгөний хувиралаар нь эдэлж буй хүний хийморь сүлдийг шинжин, эдийн буян тогтоох тустай хэмээн үр хүүхдэд өвлүүлэн хэрэглүүлдэг уламжлалтай.

Тийнхүү үе уламжлуулан эд, эрдэнэсийг хадгалан цуглуулах боловч, эрдэм номын буян хураах ёсыг “Бурханы хишиг” хэмээн билгэшээн, ном судрыг эрхэмлэн дээдэлсээр иржээ.

Мөн шинээр мэндэлсэн хүүхдийг сайтар шинжин, хүү төрвөөс сүм хийдэд шавилуулан эрдэм сурган, охидыг ариун явдалт, гэрийн сайн эзэгтэй болохын төлөө уламжлалт гэрийн аргаар өсгөн хүмүүжүүлсээр иржээ.

Эрдмийг сонгосон хүүхдүүдийг дээдийн хувь тавилан хэмээн бага балчираас нь сэтгэл зүрхээ номонд дадуулах эрдэмд суралцуулахаар алс холын нутагт ч орь ганцаар нь явуулан, бие, сэтгэлийн хат суусан, амьдралын үнэн мөнийг таних ухаантай болгон хүмүүжүүлэхийг зорино.

Энэ нь хүүхдүүдийг өөрийн амьдралаа зөв замд одуулж чадваас бусдыг зовлонгүй байхад тустай хэмээх сургаал номтой холбоотой бөгөөд зөв амьдралд дадсан хэн бүхэн, амьдралын эрч хүчийг зөвхөн биеийн ид, бядаар бус, сэтгэлийн чин зоригоор туулж болно гэдгийг ойлгуулах зам нь болдог.
 
                                                                                                                                                                                                                  Budda.mn

Уншсан: 801
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS