Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Шашны эв нэгдэл

Хойд Америкт болсон бүх шашинтны их чуулганд Далай ламын тавьсан илтгэлээс толилуулж байна.

Олон өөр шашны зүйл бүрийн хүмүүс нийлж өнөөдөр бид энд цугласан нь сайны ёр тэмдэг юм. Шашнуудын үзэл  баримтлал өвөр хоорондын ялгаатай олон янз бөгөөд бүр үндсэн гол онолоороо хүртэл хоорондоо үл нийцэх эрс тэс үзэл баримтлалууд ч бий. Жишээ нь: Бурхны шашинтнууд ертөнцийг үүсгэн бий болгогч эзнийг хүлээн эввшөөрдөггүй байхад Христийн шашин ертөнцийг үүсгэн байгуулсан эзнийг үндэслэж үзэл баримтлалаа номлодог. Хэдийгээр ийм их ялгаатай ч гэлээ би та бүхний ном сургаалыг гүнээ хүндэтгэнэ. Энэ нь ямар нэг улс төрийн шалтгаан юмуу эсвэл боловсон байдалтай хамаагүй миний хоёргүй сэтгэлийн илрэл юм. Олон зуун жилийн туршид та бүхний шашин хүний нийгэмд ихээр үйлчилсээр ирсэн билээ.
    Тухайлбал, манай Түвдүүдэд бидний хамгийн бэрх хэцүү цагт тив дэлхийн христийн шашны байгууллага тэргүүтэн хүмүүнлэгийн олон байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь бидэнд бодитой их тус болсон юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт Христийн шашинт найз, ахан дүүс нартаа энэрэнгүй сэтгэлээр биднийгээ харж, дэмжиж тусалсаных нь төлөө үнэн зүрхнээсээ талархалаа илэрхийлж байна.

     Шашны олон урсгалууд эгэл таван мэдрэхүйгээс хэт тасархай далдын  өөр нэгэн хүчин байдаг гэж үздэг бол хамт нийтээрээ биднийг залбирахад надад ер бусын тийм нэгэн мэдрэмж төрлөө. Үүнийг яг нигүүлсэл эсвэл адис жанлав  ч юмуу ер нь юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч байлаа гэсэн энэ мэдрэмжийг зөв зүйтэй ашиглаж, чадвал наанадаж дотоод сэтгэлийг хөгжүүлэх, ялангуяаүнэмлэхүй үнэн ахан дүү, эгч дүүсийн халуун дотно ухамсарт сэтгэлийг үүсгэхэд чухал хэрэгтэй, тустай юм. Тиймээс миний бие шашнаар ялгаварлах үзлийн эсрэг христийн шашны байгууллагуудад онц илүүтэй даган баясаж байна.

Үзэл баримтлалын тал дээрх ялгааг үл тооцвол харилцан адилгүй бүхий л шашны зорилго тэмүүлэл нь ижилхэн, нэг зүйл байдаг. Бүхий л шашин хүн төрөлхтнийг хөгжүүлэх, асрал энэрэл, бусдыг хүндэтгэн үзэх үзэл, бусдын зовлонг үнэн сэтгэлээрээ хуваалцах зэрэгт хүчээ дайчилдаг. Эдгээрийн тал дээр шашин бүгдийн үзэл, сэтгэхүй, зррилго зэрэг нь бараг адилхан.

Барагдашгүй, хэмжээ хязгааргүй их хүч чадлын эзэн болсон ертөнцийг байгуулан бүтээгч эзэн тэнгэр, түүнд итгэх, энэрэл хайрын тухай хичээнгүйлэн номлодог шашнуудын хамгийн гол зорилго нь ертөнцийн эзний санааг ёсчлон биелүүлэх явдал. Тодруулж хэлбэл, бид нар бүгд нэг л ертөнцийн эзний бүтээл, түүний шавь нар мөн учраас харилцан нэг нэгнийгээ дэмжин тэтгэж, тус дэм болж байхыг сургадаг. Ертөнцийн эзэнд итгэмжлэн сүсэглэхийн гол хэрэг нь ч гэсэн түүний санасан хэргийг биелүүлэхийн төлөө байх ёстой. Санасан хэргийнх нь хамгийн гол утга нь бусад хүн төрөлхгнийг эрхэмлэн тэтгэх, хүндлэх, асарч энэрэх, тэдэнд үйлчлэх зэргийг хэлнэ.

Түүний нэгэн адилаар бусад шашнуудын хамгийн гол нэгэн хэрэг зориг нь бусдад туслах сайхан сэтгэл ба тийм үйл хэргийг хөгжүүлэн дэгжээх явдал юм. Энэ талаас нь ийнхүү харахаар үзэл баримтлалын элдэв олон тогтолцоонуудын хамгийн гол хэрэг зориг нь нэгэн ижил юм гэдэг бодол маш хүчтэйгээр мэдрэгдэж байна. Шашны олон урсгалуудын нөлөөгөөр тухайн шашныг шүтэгчид ахан дүү, эгч дүүс нартаа туслах ариун сайхан санааг өвөрлөн хүний нийгэмд үйлчилсээр байна. Үүнийг өнгөрсөн түүхийн хуудсанд бичигдэн үлдсэн маш олон Христийн шашинтнуудын хүн төрөлхтний сайн сайхны тухайд амиа зольж байсан баатарлаг явдлаас харж болно. Энэ л жинхэнэ амьдралд бодитоор хэрэгжсэн нигүүлсэнгүй сэтгэл юм.

Түвдийн ард түмэн бидэнд хүнд хэцүү үе тулгараад байх цагг нийт дэлхийн Христийн шашинт байгууллагууд сэтгэлээрээ дэм өгч тулгамдсан байдлаас гарахад бодит туслалцаа үзүүлсэн юм. Тэд яс үндэс, соёл иргэншил, шашин, үзэл баримтлалын ялгаа зэргийг харалгүй хүн төрөлхтөн гэдгээрээ бид бүгд ижилхэн гэсэн ариун ухамсрын үүднээс туслахаар ирсэн. Тэр нь бидний үнэмлэхүй үнэхээрийн чин зоригийг бадрааснаар эогсохгүй бидэнд асрал энэрлийн хүч чадлыг ч ухааруулж, сэхээрүүлж өгсөн юм.

Асран хайрлах, энэрэн нигүүлсэх сэтгэл хоёр бол нийгмийн жинхэнэ суурь тулгуур нь юм. Хэрэв зээ эдгээр сайхан сэтгэлүүд алдагдах юм бол нийгэмд бэрхшээл зовлон үүдэх тул хүн төрөлхтний оршин аж төрөхөд том аюул нүүрлэж байгаа хэрэг. Дотоод сэтгэлийн амар амгалан, нийгмийн эв нэгдлийг бий болгохын тулд эд материалын хөгжлийг улам дээшлүүлэхийн зэрэгцээ дотоод сэтгэлийн хөгжлийг хамт цогцлоох хэрэгтэй. Сэтгэлд энх тунх, амар тайван байдал үгүй бол тууштай аз жаргал бий болох гэдэг маш хэцүү. Тиймээс дотоод сэтгэлээ хөгжүүлэх тал дээр шашнууд л ихээр үйлчилж чадна.

Аливаа бүх шашин нигүүлсэн энэрэх сэтгэлийг онцгойлдог ч тэдэнд олон ялгаатай үзэл баримтлал байх нь зүйн хэрэг. Гэвч энэ бол асуудал бус, үзэл баримтлалын гол номлолууд туйлын гол хэрэг зориг бишээс гадна зорилго чиглэл нь ч бус юм. Үүгээр бусдад төдийлөн үйлчилж чадахгүй. Гол зорилго нь, бусдад тус хүргэх явдал  юм. Тусч санаанд дэм болдог үзлийн гол номлолууд үнэхээрийн их чухал. Хэрвээ үзэл баримтлалын ялгаан дээрээс болж хоорондоо маргаж, бие биенээ доромжлох  аваас үзлийн хэрэг тус гэж үгүй болно. Бүр түүгээр үл барам түүнээс  шалтгаалсан мөнхийн тэмцэлтэй болж  эцсийн үр дүнд нэг нэгнийхээ амгалан тайванд хор хийхээс өөр ямар ч үр дүнгүй. Тиймээс тэдгээр үзэл баримтлалын нэг хэрэг зоригийг ойлгож асрал, энэрэл хийгээд ер бусын тэр их хүч чадлыг хүндэтгэх зэрэгт хүчээ дайчлах нь тун чухал юм.

Ер нь аль ч шашин гадна талын матөриаллаг хөгжил хүн төрөлхтний хүслийг бүрэн дүүрэн хангаж чадна гэж үл итгэдэг. Бүгд л адилхан материаллаг байдлаас илүү өөр нэг ер бусын хүч чадал байдагт итгэдэг. Бас нийгэмд тустайгаар үйлчлэхийн тулд хичээх нь чухал ач холбогдолтой их хэрэг гэдэг дээр бүгд нэг санаатай байдаг.

Тэгэхийн тулд бид нягт харилцаа холбоотой байх нь чухал. Өнгөрсөн түүхээс харахад хэт явцуу өчүүхэн бодол, бас бус шалтгаанаар шашны хооронд үл ойлголцох явдал үе үе гарч байсан бол хойшид тийм явдал гарахгүй болгох хэрэгтэй байна. Нийт дэлхий дахинд болж буй үйл явдал, шашин номын үнэ цэнэ зэргийг холбож нарийн ажиглах аваас тэдгээр муу нөхцөл байдлаас ямар ч төвөггүйгээр салах боломжтой юм. Учир нь бидэнд эвсэн нэгдэх олон арван эерэг сайн үүд хаалга бий. Тиймээс харилцан ойлголцож, нэгийгээ хүндлэж, дэмжиж туслалцах зэргээр нийгэмд үйлчлэх зорилгыг өвөрлөн үүргээ тэгш тэнцүүгээр хичээнгүйлэн биелүүлэх нь зүйтэй. Нийгэм хүн төрөлхтний зорилго бол нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс хүн төрөлхтнийг хөгжүүлэх явдал байх зайлшгүй шаардлагатай.

      Дэлхийн улс орнуудын удирдагч, улс төрчид зэр зэвсгийг багасгахад санаа тавин хичээж байна. Энэ бол угаасаа цаг нь болсон, зайлшгүй тулгамдсан арга хэмжээ юм. Үүний нэгэн адил шашин номд итгэн бишрэгчид бидэнд бохир муу санаа бодлоо хорьж хаах үүрэг хариуцлага бий. Хүн бүхэн дор бүрнээ зэр зэвсгийг хориглон хаах нь жинхэнэ зэр зэвсгийг хааж хорьсон хэрэг болно. Сэтгэлийн амар амгаланг цогцлоож, муу санаа бодлоо номхотгон дарж байвал гадаад өнгөц хориг  арга хэмжээ  тийм ч онц чухал зүйл бус юм.  Дотоод санаагаа ариусган номхотгоогүй бол өнгөцхөн гадна талдаа хичнээн их хичээл гарган олон янзын аргыг хэрэглэвч үр дүнд хүрэх боломжгүй. Тийм болохоор өнөөгийн энэ үед шашинтан гэдэг нэрд хамаарах бидэнд нийт  хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн нийтийг хамарсан онцгой үүрэг хариуцлага оногдож байна.
     Өнөө эрин үед дэлхий тив тивээрээ нэг нэгээсээ маш ихээр хамааран орших болсон. Ийм нөхцөл байдлын дор үнэмлэхүй  үнэн эв нэгдлийг байгуулах нь чухал. Түүнийг байгуулах эсэх нь сэтгэлийн зөв сайн чиг хандлагаас хамаарна. Эдгээрийг бидний нийтийг хамарсан үүрэг гэж нэрлэж болно.

Асуулт: Шашны тэргүүн хүний хувьд бусад хүмүүсийг өөрийн шашиндаа идэвхтэй уриалах сонирхол танд байдаг уу? Эсвэл өөрийн чинь шашныг сонирхон судалж буй бусад хүмүүст зөвлөгөө сургаал өгөх үүргээ гүйцэтгэж байгаа төдий хэрэг үү?

Хариулт: Энэ асуулт бол их голоо олсон чухал асуулт байна. Надад бусдыг бурхны шашинтан болгох хүсэл байхгүй ч гэсэн манай бурхны шашинтнууд өөрийн бодол дээр тулгуурлан нийгэмд хэрхэн үйлчлэх бололцоотойг эргэцүүлдэг юм. Бусад шашнууд ч гэсэн нийтийн тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд дээрхийн адил элдвийг нэгтгэн бодож буй буйзаа хэмээн итгэнэ.

Урт удаан хугацааны туршид шашнууд нийтлэг зорилгоо хэрхэн хэрэгжүүлэх талаар бодохын оронд хоорондоо маргалдан тэмцэлдсээр ирсэн нь харамсалтай. Тиймээс өнгөрсөн  хориод жилийн дотор өөртөө олдсон бололцоог ашиглан  Католик, Протистант шашинт Христийн хувраг, хандмаа нар болн мөн түүнчлэн Мусульман, Еврейн шашин,  Энэтхэгийн Хинди ээргийн шашинтнуудтай уулзалт зохион байгууллаа. Бид нэг нэгэнтэйгээ уулзаж хамт ерөөл уншин залбирч бясалгал зэргийг үйлдэж мөн түүнчлэн тэдгээрийн үзэл баримтлал, арга замын талаар хөөрөлддөг. Би Христийн шашны дадлагын арга барил, уламжлалаас суралцууштай, үлгэр жишээ авууштай зүйлүүдийг маш ихээр анхаарч үздэг. Түүнчлэн Бурхны шашны номлолуудын дотроос бясалгал хэрхэн хийх тухай ч юмуу ер нь Христийн шашинтнуудад анхааран авууштай зүйл байж болохыг үгүйсгэхгүй.

Бурхан багш ханаж цадах ухаан, тэсвэр тэвчээр, амин хувиа хичээх буруу ухамсраас салж бусдад тусыг үйлдэхийн яруу тод жишээг үзүүлсний нэгэн адил Машика Христ ч бас тэр мэт үзүүлсэн байдаг. Ачит их багш нарын ихэнх нь хаад, ихэс дээдэс шиг элбэг дэлбэг бус эгэл нэгэн хүн шиг даруухан амьдарсан байдаг. Тэд дотоод сэтгэлийн хувьд хэмжээгүй их хүчтэй ч гадаад төрх нь шуналгүй, ханаж цадахаа мэддэг зангаар аар саар зүйлээр амьдарч байсан байдаг.

Асуулт: Бурхны шашин, Еврейн шашин, Христ, Хинди, түүнчлэн бусад бүх шашны үзэл баримтлал, явдал ёс суртахууны хамгийн сайныг нь шилэн авч нэгтгэн дэлхийн шашныг бий болгох боломж бий юу?

Хариулт: Дэлхий нийтийн шашныг шинээр бий болгоно гэдэг бэрх ажлаас гадна тэгэх зайлшгүй шаардлагатай ч бус. Харин бүх шашны охь шим болох бусдыг хайрлах явдлыг дэлхийн шашин гэж хэлж болно. Энэрэх сэтгэлийн хувьд, түүнчлэн гэгээрэл буюу ашдын нирваанд хүрдэг зам мөрийн хувьд шашнууд хоорондоо их ялгаатай учраас нэг шашин, нэг үзэл баримтлал болгож чадна гэж бодохгүй байна.

Харин ч бүр түүгээр зогсохгүй шашин бүрийн хооронд ялгаа байгаад маш их ач холбогдол байна. Арга замыг заах арга барил, өргөн сонголттой байхын хэрээр шашин маань баялаг байна. Нөгөө үгээр бол ухаан санаа, хүсэл сонирхол адилгүй элдэв олон төрөлхтөн байдаг тул адилгүй олон шашин байх нь ашигтай тустай хэрэг.

Үүнээс гадна шашны бүхий л анхааран авлагын үндсэн чиг санаа нь энэрэл нигүүлсэл, шударга, башир үгүй байх зарчмын хувьд ижил тэгш юм. Бүх шашин шүтлэгтнүүдийн амь амьжиргаа ханаж цаддаг сэтгэлтэй байх явдал. Бүхий л шашинд тэсвэр тэвчээр, асрал хайр, нигүүлсэн өрөвч сэтгэлийн тухай ижилхэн сургадаг. Хүн төрөлхтөнд тус хүргэх нь үндсэн гол зорилго нь тул шашнууд өөр өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрийн арга замыг хүн төрөлхтнийг хөгжүүлэх үйлсэд ашигладаг. Хэрвээ өөрийн үзэл бодол, ном сургаал, тогтсон таалал зэргийг бусдаас илүүд өргөмжлөн, хэт ихээр миниймхийлж бусдад хүч хэрэглэн ухуулах аваас асуудал үүснэ. Ялж төгс нөхчсөн Бурхан багш, Машика христос, Мухамед зэрэг ач гавьяат багш нар цөм л бусдад туслах сайхан сэтгэлээр шинэ сургаал номлолоо айлдсан юм. Тэд сургаалаа хувийн ашиг сонирхолд чиглэж эсвэл дэлхий ертөнцөд бэрхшээл зовлон, таагүй байдал үүсгэхэд зорьж номлоогүй юм.

Хамгийн чухал нь бид бие биенээ хүндэтгэж анхааран авлага номоо хөгжүүлэх зорилгоор бусдаасаа шаардлагатай сайн чанарыг авч хэрэглэж байх явдал юм. Шашин сургаал болгон адилгүй ч зорилго нэгтэй учир харилцан нэгнээсээ суралцаж байх нь тустай.

Асуулт: Заримдаа өрнөдийн ном соёл, дорнын оюуны соёл хоёрыг харьцуулан тайлбарлахыг сонсохоор барууныхан эд материалын хөгжлийн хувьд давуу сайн ч дотоод сэтгэхүйн хөгжлийн хувьд дорно зүгийхнийг бодвол сул юм шиг санагддаг. Та тэгж боддог уу?

Хариулт: Оюуны өлсгөлөн хоосролыг арилгах, бие махбодийн өлсгөлөнг арилгах хоёр зүйлийн идээ байдаг. Тиймээс гадаад эдийн, дотоод сэтгэлийн хөгжил дэвшлийг хослуулан аж төрөх нь зүйд нийцнэ. Би хувьдаа олон Америкчууд, ялангуяа залуучууд материаллаг хөгжил дангаараа хүний амьдралын хүсэлт хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чаддаггүй гэдгийг ойлгодог гэж бодож байна. Өнөөдөр дорно зүгийн бүх улс гүрнүүд, өрнөдийн техник хөдөлгүүр, барилга байгууламжаас жишээ авч өөрсдөө хөгжүүлж чадвал ирээдүйд ард түмнээрээ тун ч их аз жаргалтай болно гэж боддог юм. Гэвч би Европ, Хойд Америк тэргүүтэнд биеэрээ хүрэлцэн ирэхэд эд материалын гоё сайханд харин ч сэтгэл санаа нь хямарч, аз жаргалгүй, амар тайван бус байгаа хүмүүсийг олж харлаа. Энэ бол дан ганц гадаад эд матетиалын хөгжил дэвшил хүн төрөлхтөний хэрэгцээ шаардлагыг бүрэн гүйцэд хангаж чадахгүй гэдгийг харуулж байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Будда.мн

 

 

 

Уншсан: 951
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS