Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Далай лам "би өглөө бүр үхэлд бэлддэг
 Шашин шүтлэг, нас хүйс ялгаагүй дэлхийн олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн хүн бол яах аргагүй Буддын шашны тэргүүн, Түвдийн төрийн удирдагч XIV Далай лам Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо билээ. Түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа эдийн засаг, улс төр, урлаг гээд бүх л салбарт үнэ цэнэтэй байдаг. Бурхны шашин шүтдэггүй нэгэн байлаа ч барааг нь холоос ч болов харахыг эрмэлздэг нь түүний бусдад үзүүлсэн сайн үйлс, энэрэнгүй үзлийнх нь үр юм. Анх таван настайдаа Далай ламаар өргөмжлөгдөж түүнээс хойш 70 жил олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэр бол энх тайвны “Нобель”-ийн шагналтан, хүний эрхийн төлөө тэмцэгч. Гэсэн ч түүнд шийдвэрлэхийг үргэлж хүсдэг, дэлхий даяар ч үүнийг нь тодорхой мэддэг нэг асуудал бий. Энэ бол мэдээж Түвдийн тусгаар тогтнол. Бид танд 1993 онд “The New York Times” сонинд өгсөн ярилцлагыг нь хүргэж байна. Энэ ярилцлага XIV Далай ламыг хувь хүн, шашин төрийн тэргүүн гээд аль аль талаас нь харуулж чадснаараа шилдэгүүдийн тоонд багтсан юм.
 
-Таны инээмсэглэл дэлхий даяар алдартай. Таныг юу инээлгэдэг вэ?
-Манай гэр бүлийнхэн, ер нь инээж баясах зүйл энд тэндгүй л байна шүү дээ. Намайг бага байхад чин сэтгэлээсээ инээх нь эрүүл мэндэд тустай гэж сургадаг байсан. Үнэн үг.
-Таны чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг, яаж амардаг бол гэдэг сонин байна?
-Би өглөө босоод бодол санаагаа цэгцлэхийн тулд хэдэн цагаар бясалгал хийдэг. Харин дараа нь бусдад урам өгч, халуун дулаан уур амьсгал бий болгох ажилдаа орно доо. Надад цэцэрлэгээр зугаалах, зузаан тайлбар толь бичгүүд унших гээд олон хобби бий. Би энх тайвныг эрхэмлэдэг ч Дэлхийн II дайны тухай зурагт ном үзэх дуртай. Ийм төрлийн ном надад 30 орчим байдаг.
-Тийм үү? Яагаад энэрэнгүй үзэлтнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай хэрэг татдаг билээ?
-Магадгүй тэр явдлууд муу зүйлийг жигшиж, хүчирхийллийн эсрэг бат зогсоход минь тусалдаг байх. Бас зарим үед их эрсдэл, хор хохирол учруулдаг танк, нисэх онгоц, дайны шумбагч  онгоц сонирхдог юм. Хүүхэд байхдаа цэргийн тоглоомоор тоглох дуртай байсан санагддаг. Аа, тийм надад нэг сайн чавх байдаг байлаа. Жижиг шувуудыг барьж идэх гэж байгаа махчин шувууг харвадаг чавх. Яаж ч бодсон хүчтэй нь хүчгүйгээ идэх гэж байхад туслах ёстой биз?
-Та ер нь бачуурч, багтартлаа уурлаж байсан уу? Есүс шиг...
-Намайг Есүстэй харьцуулах хэрэггүй. Тэр бол агуу, маш агуу сургаал айлдагч. Асуултын хувьд гэвэл би залуу байхдаа уурладаг байсан. Харин сүүлийн 30 жил тийм зүйл болоогүй. Өөрийгөө барьж сурсан гэсэн үг байх аа.
-Тэгвэл таны сул дорой чанар юу вэ?
-Залхуурал.
-Үүрийн 4 цагт босдог хүн яаж залхуу байх юм бэ?
-За байз, юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Би барууны орнуудад явж байхдаа эхэндээ англи хэлээ сайжруулъя гээд их л урам зоригтой байдаг юм. Гэсэн ч төд удалгүй тэр хүсэл маань буурчихдаг. Энэ чинь нэг төрлийн залхуурал байхгүй юу. Өөр дутагдалтай зан бас бий. Уур бухимдал, заримдаа үзэсгэлэнтэй эмэгтэй... Ер нь лам хуврага хүн бүрт ийм асуудал байдаг. Хэрэв тийм зүйлийг мэдэрвэл ямар байх бол гэсэн сониуч зан бас байдаг. Энэ бодлоосоо салахын тулд сайн биш муу, сөрөг талуудыг нь олж хардаг даа. Эмэгтэй хүн, цаашлаад өөр зүйлийн тухай бодохгүй бол амгалан тайван байна. Тэгээд ч үр хөндөлт, ДОХ гээд олон асуудалд санаа зовох хэрэггүй болно.
-Буддын нэгэн сэтгүүлд та эмэгтэй хүнтэй ноцолдож байна гэж зүүдэлдэг тухайгаа ярьсан байсан. Их сонин зүүд юм аа?
-Эмэгтэй хүнтэй ноцолдох оо? Үгүй, үгүй. Миний хэлэх гэсэн санаа бол заримдаа хэн нэгэн эмэгтэй надад дөхөж, ойртох гээд байна гэж зүүдэлдэг. Тэр болгонд “Би бол лам, хуврага хүн” гэж хэлээд тэр эмэгтэйг сэнхрүүлэхийг оролддог. Энэ бол зөвхөн зүүд, эрэгтэй хүнд байдаг л зүйл.
-Тэгэхээр зүүдэндээ өөрөө өөртэйгөө, өөрийнхөө мэдрэмжтэй тэмцдэг байх нь ээ?
-Тийм гэж болно. Үүнтэй адил заримдаа хэн нэгэн намайг цохиж байна гэж зүүдэлдэг. Хариуг нь өгөхийг хүсдэг ч гэнэт л “Би лам хүн, түүнийг алах ёсгүй” гэсэн бодол толгойд орж ирдэг юм.
-Та бидний нүдэнд үргэлж жаргалтай хүн шиг харагддаг. Хүн л болсон хойно сэтгэл тавгүйтэх үе олон байсан байх?
-Мэдээж зуун хувь даруу төлөв, амиралангуй хүн гэж байхгүй л дээ. Миний хувьд гунигтай, сэтгэл өвтгөсөн тохиолдлууд олон байсан. 1987, 1988 оны үед Лхаст явуулсан Хятадын хэлмэгдүүлэлтээс болж олон агуу хүн үхсэн. Түвд хүмүүс зодуулж занчуулж, шаналж байхыг хараад өөрийн эрхгүй уур хилэн төрдөг. Гэхдээ энэ бухимдал удаан үргэлжилдэггүй л дээ. Би байнга илүү өндөр түвшинд бясалгаж, сэтгэлгээ тайвшруулах арга зам хайж байдаг.
-Таныг 1990 оны Персийн булангийн дайны үед хамгийн ихээр уурлаж бухимдаж байсан гэдгийг гадарлаж байна л даа?
-Уурласан гэж үү? Үгүй ээ. Харин нэг зүйлийг хэлэхэд хүмүүс Саддам Хусейнийг буруутгах тусам би түүнд татагдах болсон шүү.
-Яагаад заавал Саддам Хусейн гэж?
-Бүх бурууг түүнд тохно гэдэг шударга бус шүү дээ. Тэр муу хүн байж болно. Гэхдээ түүнийг дагасан арми, тэднийг зэвсгээр хангаж байсан барууныхан байгаагүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Иракчууд өөрсдөө зэр зэвсэг үйлдвэрлэдэггүй шүү дээ. Хүмүүст Саддам Хусейн буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь огт хамаагүй. Зүгээр л бүх алдаа завхралыг түүн рүү чихсэн. Энэ буруу. Армигүйгээр зарим нэг хүмүүсийн амийг хороохыг хүлээн зөвшөөрч болно. Цэргийн том том ажиллагаанаас болоод хэчнээн хүн зовж байгааг бид бүгдээрээ мэднэ.
-Зарим хүний амыг хороохыг хүлээн зөвшөөрч болно гэсэн үг үү?
-Энэ ч харьцангуй зүйл л дээ. Маш олон шалтгаанаас болж хүмүүс үхэж байна. Гэхдээ цэрэг арми, цөмийн зэвсэг бол ганц хоёр биш, хэдэн сая хүний аминд хүрдэг. Бүр хэдэн зуун сая шүү. Тийм болохоор цэргийн арми гэдэг огт хүлээн зөвшөөрч болдоггүй зүйл.
-Түвд үндэстэн чадварлаг улс төрийн удирдагчтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүй гэж азийнхан ярих болсон. Түвдийн тусгаар тогтнох гэсэн хүсэл, тэр их хүчийг дарахын тулд хятадууд таныг хөнөөж магадгүй юм биш үү?
-Зарим хятадууд түвд хүмүүст “Түвдэд ганц л хүн байна. Хэрэв бид түүнд анхаарлаа хандуулах юм бол /мэдээж муугаар/ бүх асуудал шийдэгдэнэ” гэж шуудхан хэлдэг.
-Та үүнд бэлэн байна уу?
-Би өглөө бүр бясалгаж байхдаа үхэлд бэлддэг. Байгалийн энэ хуулиас хэн ч зайлж чадахгүй шүү дээ. Би байгалийн жамаар үхэхэд бүрэн бэлэн. Харин гэнэтийн үхэл над шиг дадлагажигч /амьдралаас суралцаж, дадлагажиж байгаа хүн гэж өөрийгөө хэлсэн бололтой. Орч/-ийн хувьд бол харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болно.
-Махатма Ганди, Мартин Лютер Кинг нар шиг хийх ёстой зүйлээ гүйцээж чадахгүй байх вий гэж эмээдэг үү?
-Ийм бодол заримдаа толгойд орж ирдэг л юм. Гэхдээ намайг байхгүй байсан ч бусад хүн тэр зайлшгүй хийх ёстой зүйлийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Бид аль хэдийн эх орноо алдсан. Гэсэн ч дэлхийн ирээдүйн тухай санаа зовсоор л байна. Тухайлбал, дэлхий нийтээрээ Хятад дахь ардчиллын өмнө хариуцлага хүлээх ёстой. Хятадын сэхээтнүүд, оюутнууд аль хэдийн улс төрийн өндөр мэдлэг, чадвартай болсон. Тэр шинэ хүчийг дэлхий нийтээрээ дэмжиж өгөх хэрэгтэй.
-Дахиад Тань Ань Миний талбайд болсон явдал шиг аймшигтай зүйл болохгүй гэж бодож байна уу?
-Мэдээж, магадлал асар өндөр. Тэр 6-р сарын 4-ний үйл явдал намайг цочирдуулсан. Арай ч өөрсдийнхөө хүнийг тэгж хэрцгийгээр ална гэж бодоогүй.
-Өөрсдийгөө хядаж байгаа юм чинь эрх чөлөө гэж хашгирсан түвд хүн бол...?
-Тэр үеийг бодвол өнөөдөр дэлхий нийтийн нүд нээгдсэн. Тал талаас нь шахаж шаардах улс орнууд бий болсон. Гэхдээ л өөрсдийгөө алчихаж байгаа юм чинь бусад үндэстэн бол нэг их асуудал биш гэдэг нь ил тодорхой байна.
-Ийм гутрангүй үзэлтэйгээр та Хятад, Түвдийн харилцааны ирээдүйг хэрхэн харж байна?
-Хятадын коммунист дэглэм цагийн аясаар өөрчлөгдөх болно. Дэлхий даяар эрх чөлөө, ардчиллыг дэмжигчид үржиж, өсч байна. Хятууд бас гаднаа ч дотроо ч ардчиллын үйл хэрэгт идэвхитэй оролцож байгаа. Ирээдүйд эвлэрч, зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэж байна. Мэдээж олон улсын байгууллагууд Түвдийг дэмжиж, Хятадад шахалт үзүүлэхгүй бол сүүлийн 14 жилийн туршлагаас харахад ямар ч итгэл, найдвар алга.
-Та 21-р зуун энх тайван, шударга байдлын зуун болно гэж хэлсэн байсан. Яагаад ийм итгэлтэй байна вэ?
-Яагаад гэвэл 20-р зуунаас хүн төрөлхтөн олон зүйлийг ойлгож авсан. Тэр дунд эерэг бас сөрөг зүйлүүд ч бий. Юу нь сүйрэлд хүргэдэг, юу нь дэвшил авчирдгийг мэдэж авсан. Өнгөрсөн зуунд болсон хоёр том дайнд асар олон хүн үхсэн шүү дээ. Дахиад тийм зүйлтэй нүүр тулгарвал хүмүүс нойрмог байдлаасаа гарч, өөр олон сонголтыг авч хэлэлцэх болно. Энэ чинь хүн төрөлхтний амьтдаас ялгарах бас нэг чадвар.
 
Орчуулсан Б.Баярмаа
Уншсан: 3676
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS