Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Монголын бурханы шашиныг Ази тивийн бурханы шашинтай орнуудтай харьцуулж үзэхэд

Ярилцлага Ч.Гүнзээ

Мэргэн уншигч та бүхэндээ энэ удаагийн зочиноор олноо Гүнзээ аниа хэмэн алдаршсан эгэл даруухан бүсгүйтэй хэдэн хором хөөрөлдсөн яриагаа толилуулж байна. Бид энэхүү сайтаараа бурханы шашиныг дэлгэрүүлэх,нийгэмд шашины боловсрол олгох,үнэмлэхүй сахилыг ариунаар сахиж буй хуврагуудыг олонд танилцуулахаас гадна дүвчинба буюу их бүтээлч,төрөлхийн зөн билэгтэй үзмэрч нарыг олноо танилцуулахад оршино.Тухайн бодгалийн санаа бодол нийгэмд эерэгээр ямар үйл ажиллагаа явуулан олны тусыг үйлдэж буйг хүргэхийг зорьдог.

-Та хаана төрж өссөн бэ?

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.Би хуучнаар Сайн ноён Хан аймгийн Сайн ноён Хан хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумд Хан Хөгшин уулын өвөрт төрсөн.Гурван настайдаа аав ээжийгээ дагаад УБ хотод ирээд тэр цагаас хойш суурьшсан.

-Таны өвөө эмээ, удам судрын талаар сонирхвол?

-Миний өвөөг Сэрчин гэдэг, өвөө маань тус нутгийн Нарийнтээл  сумаас гаралтай малчин хүн байсан. Буурай аав маань нутаг усандаа моринд жороо оруулдаг цөөн хүний нэг ,адуу мал ихтэй ,хаяа нэг тууварт явдаг  хүн байсан гэнэ лээ. Хувь хүн нь цэцэн мэргэн үгтэй,бяртай эрэмгий хүн байсан гэдэг.Өвөөгийн аавыг Жигмэддорж гэж нутаг усандаа нилээд алдартай  арван найман аймгаар явж баячуулаас авсан эд малыг ядууст тарааж өгдөг шилийн сайн эр байсан гэдэг.Манай эмэг эхийг Мягмар гэдэг тус аймгийн Хайрхандулаан сумаас гаралтай, хувьдаа аж ахуй сайтай чинээлэгдүү айлын ганц охин байсан гэдэг. Би энэ хоёр хөгшний анхны зээ нь болж төрсөн юм.

Та анх  хийдэд яагаад шавилан суух болсон, дээдийн номыг үзэх шалтгаан юу байв?

Би анх 1992 онд сургуульд сурч байхдаа ангийнхаа хүүхдээс: ''Дарь эхийн сүм байдаг тэнд эмэгтэйчүүд бурханы номыг сайхан уншиж байна хоёулаа очиж үзэх үү? гэдгийг сонсоод тийш явж үзсэн. Эмэгтэйчүүдийн хийдэд очоод сэтгэл зүрх татагдаад  эцэг эх, сургуулын захирал ангийн багшдаа ч хэлэлгүй шууд л ном үзэхээр болсон. Тухайн үед сүмд орох хүсэлт бичихдээ Үлдсэн хэдэн насаа бурхны номд зориулна гэж бичиж байснаа санадаг юм. Тэр үед хандмаа нар: чамд хэдэн нас үлдсэн юм бэ гээд л шоолж байсан. Надад ном үзэх онцгой шалтгаан  байгаагүй. Би бодохдоо урьдын үйл ерөөл учрал барилдлага гээд олон зүйлийн учир холбоос байдаг болвуу.Мөн урьд төрлийн хүний дуусаагүй үйлийн үргэлжлэл ч байж мэднэ. Тэрнээс биш ойрын садан төрөлд лам хуврагууд бараг байгаагүй.

Дарь эхийн сүм хаана байдаг?

Амгалан дахь Ботаникийн цэцэрлэгийн урд зүгт Д.Сүхбаатарын гэрийн буурьны дэргэд байдаг.Одоогоор Дулмалин ани ( ани гэдэг нь гэцэл,гэлэнмаа сахилтай эмэгтэй ламыг хэлнэ ) хийд юм.

Сонирхолтой юмаа, Та 9-р Богд ламын дэргэд олон жил болсон, Богд руу очих шалтгаан нөхцөл юу байв?

Үнэндээ бид шууд Богд гэгээн дээр очно гэж бодоогүй байсан. Багшийн талаар бас сайн мэддэггүй байлаа. Дарь эхийн сүмд шавилж байхад бидний ачит багш Бакула ринбүүчи багшаас гэцэл сахил залсан. Элчин багш бидэнд: Та нар нэгэнт сахил санваар авч байгаа болохоор Энэтхэг рүү явж шашины боловсрол эзэмшвэл сайн байна хэмээн тэр  талаар сургаал айлдсан юм. Тэгээд Монголоос анхны дөрвөн ани Энэтхэг оронд Жамьянчойлин Буддист эмэгтэйчүүдийн дээд сургуульд 3 жилийн хугацаатай сурахаар явсан юм.Очсоны дараа удаагүй Далай багш, Богд гэгээнд бараалхсан .Түүнээс хойш бид Богд гэгээндээ ойр ойрхон бараалхдаг болсон.

Танай сургууль яг Дарамсала-д байдаг уу?

Зөвхөн эмэгтэйчүүдийн дээд сургууль Далай багшийн суурин газраас 20-иод км зайтай , жижиг тосгонд сайхан байгальтай газар бий. Буддист эмэгтэйчүүдийн дээд сургуулийг 3 жил сурч байхад Богд гэгээний лавран өргөө баригдаж байсан. Сургуулиа төгсөөд Богд ламын лавранд  суурьших  хувь ерөөл тохиох болж тэр цагаас хойш бараг арваад жил ламын дэргэд шавилан суусан.Үүний хажуугаар Insititute of Buddhist Dialectics буюу Далай ламын дэргэдэх  гүн ухааны дээд сургуульд есөн жил чойрын таван ботиос гурвыг нь үзсэн. Тус сургуульд  голдуу лам нар сурдаг боловч Монгол,Герман,Тайван зэрэг цөөн тооны гадаад эмэгтэйчүүд сурч байлаа. Надаас гадна гурван Монгол нэг зиндаанд сурч төгссөн. Тус сургуульд өмнө нь  Д.Чойжамц -Төв Гандан хийдийн хамба,  Ч.Дамбажав -Дашчойлин хийдийн хамба нар сурч төгсөж байсан.

Та хичнээн жил Богд гэгээний дэргэд шавилж суув? шавь нартаа ямар төрлийн ном,захиас  айлдвар айлддаг байсан бэ?

Бидний цөөн хэдэн эмэгтэйчүүд Богд ламаас 1995 онд номын авшиг авч байлаа.Яг дэргэд нь 1998-2008 он хүртэл лавранд суурин амьдардаг байсан.  Богд багш бол судар тарнийн бүхий л номыг эрхшээсэн эзэн нь юм. Бид ламаас ямар номыг хүснэ тэр ёсоор лам маань айлддаг байсан. Монгол лам нар төдийгүй Түвдийн дээдэс хувилгаад болон барууны орноос зорьж ирсэн хүмүүст нарийн нандин увдис дамжлагыг соёрхож багшаас ном авшиг хөтөлбөрүүдийг хайрлаж олон шавь нараа нямба бясалгалд шамдуулж дээдийн нэг  номын төрлийг ч ягштал сайтар бэлтгэхэд зааж сургадаг байж билээ.Багшийн голлон айлддаг сургаалд  Дүйнхэрийн ёс, Сандуй Дэмчиг Жигжид, Ханд, Хажид гэх мэт увдис бүтээлийг нь дурдаад баршгүй. Тэдгээрийн дотроос Гэлүгба ёсны жод лүйжин, Жононба урсгалын дамжлагыг  гадаад дотоодын олон шавь нарт өвлүүлсэн нь сүүлийн үед Монгол оронд нийтэд дэлгэрч лам ани хандмаа нар төдийгүй энгийн хүмүүс ч  анхааран авах чухал номын нэг болсон. Мөн лам маань буддын шашины боловсрол номыг айлдахаас гадна бидэнд хүний мөн чанар, хүнлэг байх сэтгэл,  ёс суртахууны тал дээр анхаарч оюуны эрдмээс илүүтэй сэтгэлийн төлөвшлийг олох нь ном бүхний суурь  нь юм шүү гэж чухалчилж  айлддагсан. Шавь нар төдийгүй Монголоос зорьж очсон сүсэгтнүүдэд нинжин сэтгэлийг эрхэмлэх хэрэгтэйг  захиж ирсэн. Ер нь багш минь жинхэнэ бодьсатва хүн байсан. Би багшийн захисан захиасыг сэтгэлдээ санан ачийг нь хариулах юмсан гэж үргэлж бодож явдаг. Хэдийгээр бодийн сэтгэлийг төгс төгөлдөр эзэмшиж чадахгүй ч бусдад өрөвч зөөлөн сэтгэлээр хандаж,хайрлаж байхыг сурсан.

Богд гэгээн Монгол лам нарын сахил санваарын талаар юу айлддаг байсан бэ?

Багш Монгол лам нарын талаар тийм ийм гэж сайн муугаар айлдаж байсныг санахгүй байна. Монголд  бурханы шашин олон жил доройтоод  1990 оны эхээр ахин сэргэж  эрдэм номын мөр хөөж яваа лам хуврагууд  олноор бий болж сүм хийдүүд баригдсаныг харин ихэд таалан болгоосон байхаа гэж бодож байна. Богд гэгээн анх  Монгол оронд 1999 онд залрахдаа ихэнх сүм хийдүүдээр морилж  сүм хийдүүдийн номын дэг жаяг хурлын уншлага, лам нарын үйл хэргийн талаар айлдаж байсан. Багш айлдахдаа олон сүм хийдүүдээр морилоход хийдийн уншлага ном нэг нь нөгөөгөөс онцгойрох зүйлгүй байна. Хэдийгээр лам хуврагууд бүгд бурханы шашинтай ч Шарын шашин бол Гэлүгба-гийн чиглэлийг баримтлах, Улааны, Сажийн урсгал гээд ламын өмсгөл, ёжод хэрэглээ, зан үйл өдөр тутмийн уншлагыг өөр өөрсдийн урсгал  чиглэлийн дагуу сурч мэргэших ёстой. Гэтэл улааны шашины гэгдэх хийд Богд Зонхавын чиглэлийн номыг уншиж байгаа нь энэ талаар судлаж мэдээгүйн шинж гэдгийг айлдаж байсныг саналаа. Сүүлийн жилүүдэд эрдэм номтой лам хуврагууд ар араасаа төрөн гарч байна. Тэд нар шашинаа улам хөгжүүлж  зөв сайхан авч яваа гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байгаа.

Бурханы шашин хоёр зүйл дээр тогтдог гэж би боддог. Шагшаабадь буюу сахил санваар, нөгөө нь их бүтээлч буюу дүвчинба гэж хоёр зүйл дээр. Манайд одоохондоо тийм их бүтээлч бясалгаач нар байхгүй байна. Тэр тусмаа сахилтай лам нар цөөхөн болоод байгаа. Үүн дээр таны бодол ямар байгаа вэ?

Мэдээж бурханы шашин сахил санваар дээр тогтдог. Тухайн нутаг оронд дөрвөн ариун гэлэн байваас тэнд бурханы шашин байгааг судар номд тодорхойлон бичсэн  байдаг.  Угтаа бол лам хуврагын үндсэн үүрэг бол бурханы төлөөлөл  болж ёс суртахууны байдлыг олон түмэнд үлгэр дуурайлал болж өгдөг, уур мунхаг шунал бага, номын  ёсоор амьдрах гэх мэт хуврага хүний  эрдмүүдийн төгссөн байх хэрэгтэй гэж бодь мөрийн зэрэгт заасан байдаг . Лам хуврага нь өөрсдөө суурь ариун санваартай,бясалгал бүтээл нямбанд суудаг, бусдыг хайрлах сэтгэлтэй олон түмний тусын тулд байваас итгэл сүжигийн орон болно шүү дээ.Одоо үед санваар ариун олон лам нар бий. Бид зөвхөн эхлээд саарыг нь тусгаж аваад байгаа болохоос номын ёсоор яваа олон эрдэмтэй хуврагууд байна байна. Одоо ч Энэтхэгийн Сэра Бэрэйвүн Лосалин гээд чойрын гурван дацанд санваартай хэдэн арван  Монгол лам нарч сурч байна.

Бүтээлч бясалгаач нарын хувьд цөөн санагддаг. Манай лам нар сүүлийн үед бүтээл гэхээр номын судалгаа шинжилгээ эрэл хайгуул хийдэг болчоо юу да гэмээр харагддаг.Мэдээж ном сонин цуглуулж олон улсын хурал зөвлөгөөнд оролцох нь  оюуны бүтээл бололгүй яахав. Харин жинхэнэ бүтээлч бясалгаач нь энэ насны амьдралыг оюунаар орхиж аглагийн орныг зорин номыг анхааран авч нямба бясалгалд суухыг хэлдэг. Миний мэдэх цөөн хэдэн лам нар болон ани нар хандмаа нарын тогтмол нямба бүтээлд суудаг хүмүүс бий. Тийм төрлийн бүтээлч нар өөрсдийгээ олонд зарлаад явдаггүй байх.

Бурхан багшийн зарлиг сургаал  дан ганц сахил санваарын талаар айлдаагүй.  2600 жилийн тэртээгээс эдүгээ хүртэл сонороос сонорт дамжиж ирсэн судар дандарын олон янзын дамжлага увдисын үргэлжлэл гэж бий. Монголын бурханы шашин 70 жил доройтоход  тухайн үеэс үлдсэн лам нар хар болон эгэлийн амьдралаар явсан ч  ном эрдэм, эш зарлиг, жүд дамжлагаа хойч үедээ нууц байдлаар өвлүүлсний ачаар одоо бурханы шашины эргэн сайхан дэлгэрч байна. Яг өнөө цагт лам нарын хувьд сахил санваараа чанд нарийн сахих чөлөө учрал бүрдсэн үе. Гэвч манай  хийд сүмийн үйл ажиллагаа хэт нийгэмшиж ард түмний  амьдралд ойр тусах гүрэм ном гээд ахуй амьжиргаад гол төлөв ууссан шиг санагддаг. Тэр дотор сайнтай саартай зүйл байгаа л байх.

Бурханы шашиныг дэлгэрүүлэхийн тулд нийгэмд байгаа лам нараа ямар зохион байгуулалтанд оруулах вэ гэдэг асуудал бидэнд тулгараад байгаа. Энэ тал дээр таны бодол?

 Шашин дэлгэрч хөгжиж байна гэдгийг зөвхөн сүм хийд, ламын хувцас өмссөн хүнээр тодорхойлж болохгүй. Өнөө цагт  Монголын бурханы шашиныг Ази тивийн бурханы шашинтай орнуудтай харьцуулж үзэхэд манай бурханы шашины боловсролын тогтолцоо, засгаас дэмжих санаачлага дутмаг, лам нарын хийдийн хангамжийн байдал дорой,лам хуврагууд ч өөрсдийн сургалт боловсролд идэвх зүтгэлгүй  байгаа нь бурханы шашины хөгжилд саад болж байна уу гэлтэй харагддаг.  Бурханы шашинаа хөгжүүлэн авч явах нь дотроо байгаа лам хуврагуудаас их шалтгаалдаг.Тэдний дотоодын шашины төлөөх үзэл бодлоо нэгтгэн, хоорондын эв түнжин, эрдэмтэй санваартай лам нараа хүндэтгэх, монгол лама нараар нийтэд ном айлдах хөтөлбөр зэрэг нь шашины хөгжүүлэхэд түлхэц болох болвуу. Миний бодлоор шашин үйл хэрэг цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа нь анзаарагдаж байна. Лам төдийгүй энгийн залуу буддистууд ,тэтгэвэрт гарсан хүмүүс ч сургаал номыг дэлгэрүүлэх үйлсэд идэвхитэй оролцож байна. Орчин цагийн хүмүүсийн сэтгэлгээнд тааруулж цахим ертөнц, буддизмын хурал хэлцэл хамтын зөвлөгөө хийж бурханы сүргаалийг түгээж байгааг бид бүгд л анзаарч байгаа. Сүм хийдүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалтад нийтээрээ зөвшилцөж шинэчлэлт хийх хэрэгтэй гэж боддог.Аль хорин жилийн өмнө гандан хийдүүд байгуулагдсан ч өглөө хуралд суусан болоод өдөр гүрэмдээд орой гэртээ харих байдлаар тогтмол үргэлжилбэл тэр хийд хэзээ ч дэвжин дээшлэхгүй. Шашины гол төлөөлөл бол лам хуврагууд, бид тэдэнд хамгаа даатгаж шүтэж залбирсаар ирсэн. Харин хуврагууд өөрсдөө шашинаа авч явахын тул өөрийн үндсэн үүрэг хууль цаазыг яс махандаа шингэтэл ойлгох, идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй болвуу.

Та лүйжин номыг олон жил бясалгасан хүн. Лүйжин номыг тайлбарлаж өгөөч, хүмүүс ямар тохиолдолд уншуулах ёстой вэ?

Жод лүйжингийн ном бол бурханы шашинд  судар тарнийг хослон барих ухааныг анхаарч авч үздэг ном юм. Их хөлгөнөөр билгийн чинадад одох сургаал, Очирт хөлгөнөөр бол эрх авшиг лүнг хүртээд бүтээл нямбыг хийж гүйцээх, багшийг шүтэн ном тарнийн ёсыг увдист ургуулах зэрэг тарнийн мөрд орших чагчин буюу их мутарлагын жод хэмээн нэрлэдэг.Жодын номыг анх дэлгэрүүлэн номлосон дээдэс  Мажиглавдонма (1055-1149) ханд бурханы хувилгаан таны хэлдгээр их бүтээлч иогч эмэгтэй лүйжингийн дамжлагыг  цөөн хэдэн шавьдаа өвлүүлж бурханы шашины дөрвөн их бага найман урсгалаар дамжуулж Монгол оронд дэлгэрсэн гэдэг.Лүйжин номын хэрэглээний  онцлог гэвэл хонх дамар,өмсгөл, хүний дунд чөмгөн ясаар хийсэн бүрээ, гавал, сонороос сонорт дамжиж ирсэн увдис, ая эгшиг, ам тангараг гээд тарнийн ёсоор үйлдэгдэх зүйлүүд их бий. Үүнээс гадна зоч хүн бол хүний биеийн биолог бүтцийг сайтар судалсан байх хэрэгтэй.Үүн дээр тулгуурлаж нөгөө нандин увдис гээд байдаг цогцсыг идшинд урвуулан тахил өглөгийн ялгааг олж уншихад дөхөмтэй. Ер нь сайн зоч больё гэвэл энэ насыг элээтэл онол практикаар хичээллэж олны тусыг үйлдэж байж хэргийг нь гаргана.

Лүйжин гэдэг нь биеийн өглөг гэсэн утгатай. Бурханы зургаан эрдмийн нэг өглөг барамидад энэ номын утга багтсан байдаг.Лүйжин номын утгад биеэ өр төлөөсний биегүй сүнслэг амьтдад идэш болгон ерөөгөөд тэдний хүслийг биелүүлэхийн үүднээс эд таваарын өглөгийг бясалган уншдаг.Эцэст нь номын өглөг нь жод бөгөөд жодын утга нь би" гэсэн үзэл баримтлалыг таслахыг хэлнэ.

Манай ард түмэн лүйжин номыг ихэвчлэн бурхан болооч нарын  хойтход зориулж уншуулдаг. Сүүлийн үед энэ байдал өөр болж хүмүүс ажил үйлс бүтээх,лусын хорлол болон өвчин зовлон барцад саадыг арилгахад зориулан уншуулдаг болжээ. Лүйжинг төрлөө олоогүй сүнс, хорогдсон сүнс, лусын хорлол, хүн хийгээд хүн бусын элдэв хорлол, өвчин эмгэг, ад солиорол,чөтгөр шулмын хорлол гэх мэт зургаан зүйл амьтдын зовлон бэрхшээлийг арилгах ба үүнийг уншигч зоч нь асрахуй нинжин сэтгэлээр суурьлагдаж уншвал бусдын тусыг хийж чадна.


 Дарамсала дахь буддын сургуулиа төгсөж ирээд эх орондоо ямар үйл ажиллагаа эрхлэж байна?

Би 2008 онд эх орондоо ирээд бурханы шашины уламжлалт ая эгшигтэй лүйжин, дарь эхийн аялгуу, тарнийн аялгуутай цуврал цомог хэвлэн гаргаж олны хүртээл болгож эхэлсэн. Шашин урлагийн тоглолтыг хоёр удаа, энгийн сүсэгтнүүдэд зориулж Дарь эх, жодын уншлага тайлбарын талаарх гарын авлага номууд эрхлэн гаргаж байна. Бурханы магтаал залбирал дууллыг хөгжмийн найруулгатай бүтээл болгон цахим ертөнцөөр олон түмний хүртээл болж байгаа. 2011 онд 9-р Богд гэгээнээс нэр айлдуулж Ханднинжүд ТББ байгуулан буддист эмэгтэйчүүдийн соёл боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа зохион явуулж байна.Тус онд лүйжингийн урсгалыг жаяг ёсоор нь улам дэлгэрүүлэхийн тухайд Лүйжин ерөөл хурлыг санаачлан зохион байгуулснаар одоо төв Гандангийн лам нар маань жил бүр хурал тасралгүй үргэлжилсээр 4 жилийн турш хурж байна. 2014 онд манай төвөөс Монголын бурханы шашинт эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурлыг удирдан зохион байгуулсандаа их баяртай байна. Тус хурлын зорилго бол Монголын бурхан шашины түүхэнд Монгол эмэгтэйчүүдийн хувь нэмэр оруулж байсан түүхэн сэдвийг хөндөж мөн өнөө үед ч шашинд эмэгтэйчүүдийн байр суурийг илтгэсэн үр дүнтэй хурал болж өндөрлөсөн. Цаашдаа бид ани хандмаа нартай нэгдэж жил бүр энэ хурлыг олон улсын хурлын түвшинд хүртэл зохион явуулах зорилготой байгаа

Та их олон ажлыг үүрч явдагын хувьд шантрах бэрхшээл их тохиодог л биз дээ?

Эмэгтэй хүн талаасаа буддын шашин дотроо хүйсийн ялгаварлан гадуурхал мэр сэр тохиодог.Богд гэгээний алдарыг барьж  шоу хийлээ ч зарим үед гүтгэж  ярьдаг л юм. Хэдийгээр өдий төдий бэрхшээл тохиовч би сөгдөхийг хүсэхгүй энэ л миний амьдрал гэж хүлээж авсаар өдий хүрлээ.

Ер нь манай монголчуудад юу ч хийж бүтээсэн таалагдадгүй, хар шар нийтээрээ шүүмжлэлийн дон туссаныг харахад үнэхээр харамсмаар санагдах юм.Миний хувьд багаасаа  дээдсүүдийн дэргэд шавилж багш нараас номын рашааныг олон жил хүртсэний хувиар ирээдүйд шашиныг дэлгэрүүлэхэд бусдын адил үүрэгтэй юм болвуу.Тэр олон жил зах зухаас нь сурчихаад орчлонгийн амьдралын гүн рүү тэр чигээрээ унаад өгвөл ном сурсны хэрэг яахин гарах билээ. Тэрнээс биш нэр алдар горилж,  амжилтад хүрэхийн тулд энэ бүхэнд зүтгэдэггүй ээ.Мэдээж ажлын үр дүн харалгүй л яахав. Хэдийгээр сүрхий эрдэм номтой биш ч чадах чинээгээр эмэгтэйчүүдэд хандсан дээрх үйл ажиллагаа нь сүсэг бишрэлтэй эмэгтэйчүүддээ гэгээрлийн мөрд одох шалтгаан болох болтугай гэж боддог доо.

Та бурханы шашины боловролыг олон жилийн туршид судлаж үзсэний хувьд цаашдаа хийдэд харьяалагдах эсвэл сүм хийд бариад номоо үргэлжлүүлээд явья гэсэн бодол байдаг уу?

Сүм хийдэд харьяалагдах эсвэл шинээр  байгуулах талаар боддоггүй ээ. Гэр бүлтэй болохоор сүм хийд байгуулбал өөрийн өмч мэт үзэж нийтэд буян хураахад зориулагдахгүй,зүгээр нэг гүрэм номын бизнес эрхэлдэг компани мэтээр ажил явагдаж магадгүй. Тийм болохоор маш их үйлийг хураах болно. Үүнийг би өөр дээрээ л авч үзэж байгааг ойлгоорой. Гэвч ирээдүйд яаж эргэхийг хэлж мэдэхгүй.Номоо одоо ч орхиогүй ээ гэртээ үргэлж уншиж судлаж байдаг.

 Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны номын үйлс тань улам дэлгэрэх болтугай.
















Эх сурвалжыг budda.mn 





Уншсан: 3090
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 31
1234
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS