Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Оточ Манал бурхан
 Оточ Манал бурхан
тэд Шагжамүни бурхан багшийн шажин ном доройдох цөвийн цагт ерөөл залбирал бүхнээ бүтээнэ хэмээн тангараг талбисан ажээ. Бурхадын ариун зарлиг хөтөлбөргүй билээ.Түүний алдарыг хийгээд зүрхэн тарнийг сонссоны төдийхөнд ч дорд муу заяаны үүдийг хаана хэмээн ялгуусны судар номонд айлдсан байдаг болой.
" Биндэръяа гэрлийг сацруулагч Оточ Манал бурхан" хэмээгдэгч судрын аймгийн номонд Шагжамүни бурхан багш зарлигласан нь:
"Гунгаабуу, Түүнчлэн ирсний \Оточ Манал бурхан\ бэлгэ чанарын тухай миний сургаал тайлбарыг ямар мэт бодож байна вэ?"
Гунгаабуу Ялж төгс нөгцсөнөө хариу өчрүүн: "Ялж төгс нөгцсөн өө, би бээр таны сургаалыг хоёргүй сэтгэлээр даган баримуй. Энэ юуны учирт буй хэмээвээс Түүнчлэн ажрагсдын ариун зарлиг, таалал хийгээд лагшны зохиол туурвил нь өчүүхэн төдийд ч гэм хийгээд хир үгүйн тулд болой."
Үүнийг сонссон Шагжамун Бурхан багш ийн хэмээн зарлиглавай: "Гунгаабуу, хэн бээр Түүнчлэн ажрагсдын ариун алдрыг сонссон тэрбээр дорд муу заяаны гаслант амьтны төрөлд үл унамуй."
Тийм учраас насан эцэслэж буй хүмүүний чихнээ Түүнчлэн ажирсан, Оточ Манал бурханы алдар хийгээд зүрхэн тарнийг дуудан сонсговоос нэн сайн хэмээдэг билээ. Мөн та идэж буй мах, эсвэл өгөршсөн яс, эс бөгөөс үхсэн хүн амьтны цогцосыг энэ тарнийг уншин үлээвээс туйлын их ач үр бүхий байх болой. Учир нь энэ адилыг миниймхийрэн барих үзлийг огоорч өрөөл бусдыг эрхэмлэх бодь сэтгэлийн угаас үйлдсэнээр тэдгээр амьтны үйлийн үрийн түйтгэрийг ариусгадаг.
Мөн энэчлэн та энэ тарнийг уншсанаар өөрийн болон өрөөл бусдын уух гэж буй эмийн ид хүчийг ихэд өсгөн арвидуулах болой. Энэ адилыг үйлдэхдээ:
Өөрийн өмнө эмийн аяга, түүний оройд саран дэвсгэр дээр хөх өнгөт УМ хөрөнгө үсэг, түүнийг цагийн зүүний дагуу тойрон хүрээлсэн Манал бурханы зүрхэн тарнийн үсгүүд тэргүүтнийг бясалган бүтээнэ. Ингээд зүрхэн тарнийг урихын сацуу эдгээр үсгүүдээс рашаан ундарч эмэнд шингэн орж байна гэж сэтгэ. Тарнийн бүх үсэг, саран дэвсгэр эл эмэнд шингэн орсоноор тэр нь амьтны биеийн элдэв өвчин эмгэгийг илааршуулахаас гадна ад зэтгэрийн хорлол хийгээд тэдгээрийн уг шалтгаан ,нүгэл хийгээд сэтгэлийн түйтгэрийг машид арилгах ид хүчтэй болов хэмээн бясалгаарай. Хэрвээ та ямар нэгэн хорт хавдар гэх зэрэг аминд халтай өвчнийг засаж буй бол энэ эм тухайн өвчнийг илааршуулах ид хүчтэй болох болтугай хэмээн сэтгэж бясалгах юм. Сүжиг хэдий чинээ их бөгөөд хэдий олон удаа тарни урина төдий чинээгээр эмийн ид хүч өсөх бөлгөө.
Ер нь аливаа юмсыг гурав ангилдаг:
- Танин барихад амар хялбар таваг, цэцэг, будаа, ширээ гэх мэт хуурмаггүй илт мэдлийн орон,
- Мөнх бус, хоосон чанар тэргүүтэн танин барихад төдий л амаргүй тул учир шалтгаанаар барих орон,
- Танин барихад туйлын бэрх тул гагц хамгийг илтэд болгоогч мэдэл оюунаар барих орон. Энэ нь эгэл төрөлхтөнүүдийн тухайд эдгээрийг гагц бурханы зарлигт дулдуйдан танин мэддэг байна. Тиймээс бясалгалын ёсыг бүтээсний ач үрс нь танин барихад бэрх нэгэн мөний тул сүжгийн хүчээр ухаарна.
Манзушир бурхан найман түүнчлэн ирэгсдэд \Шагжамуни бурхан хийгээд долоон Оточ Манал бурхад\ тухайлан таван муу цөвийн цагт төрсөн, буян дорой бөгөөд элдэв өвчин хийгээд ад зэтгэрийн хорлолын эрхэнд болсон амьтанд туслах урдийн ерөөлийг нь үтэр түргэн бүтээх ид бүхий тарнийг үзүүлэн болгоохыг хүсэмжлэн айлтгажээ. Эл үест хамаг найман Түүнчлэн ирэгсэд нэгэн дуугаар Манал бурханы зүрхэн тарнийг зарлигласан гэдэг. Тийм учраас хэрвээ энэ тарнийг өдөр бүр унших бөгөөс хамаг бурхад хийгээд бодисадва нар таныг таалалдаа болгоож буян номын мөрд хөтлөх болой. Нууцын эзэн Очирваань хийгээд дөрвөн Махранз нар таныг цаг ямагт сахин тэтгэх болно. Хэрвээ та бусдын тусыг бүтээж буй бол ,ялангуяа бусдыг эмчлэн сувилах үйлийг бүтээж буй бол онцгой үр ачтай.
 
Манал бурханы хураангуй тарни, орчуулага:
 
ТАЯАТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ \БЭХАНЗЭ\ РАЗА САМУГАТЭ СУХА
 
ТАЯАТА - Түүнчлэн
УМ - Бурханы хир үгүй ариун лагшин,зарлиг,тааллыг бэлэгдэнэ.
БЭХАНЗЭ - зовлон энэлэлийг илааршуулагч
МАХА БЭХАНЗЭ - зовлон энэлэлийг машид илааршуулагч
\БЭХАНЗЭ\ РАЗА - Оточийн хаан
САМУГАТЭ - Төгс гэгээрсэн
СУХА - Өлзий хутаг орших болтугай 
 
Элдэв өвчнийг илааршуулж, өвчний аюулаас гэтэлгэх зан үйл
 
Хотол өдөөлгө:
Миний амьдралын эрхэм зорилго бол хамаг амьтныг чухамхүү өөрсдийн нь сэтгэлийн үндсэнд орших бүхий л зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас нь хагацаах, улмаар тэдний горилон эрэлхийлж буй амгалан жаргаланд хөтлөх явдал мөн. Энэ их хэргийг бүтээхийн тухайд би бээр хиргүй ариун бөгөөд эрүүл саруул бие махбод хийгээд сэтгэл оюуныг олох ёстой юм. Тиймийн тулд хамаг амьтны тусын тулд бие махбодыг тэтгэн илааршуулахын бясалгалыг үйлдсүгэй.
 
Бясалгал:
Үүр хаяарахын үест эс бөгөөс алин нэгэн зохист цагт өөрийн эгэл махбодыг дурслэн бясалгана. Цээжний төв тус газарт өөрийн зүрх дээш эргэсэн байдалтай байна. Зүрхний дотоодод найман дэлбээ бүхий цагаан өнгийн лянхуа оршино. Түүний голд байх саран дэвсгэрийн дээр Оточ манал бурхан заларна. Түүний ариун лагшин нь тодорхой хийгээд гүн хөх өнгийн гэрлийн мөн чанар, асар дээдийн хувилгааны бэлэг чанараар ажирна. Тэрбээр баруун мутраар ар-үрийн нахиа, зүүнээр бадар аяга соёрхжээ. Манал бурханы дөрвөн талд цагаан,шар,улаан,ногоон лагшинт охин тэнгэрүүд байна.
 
Дараахийг хүсэмжлэн залбирна:
Түүнчлэн заларсан, ялж төгс нөхцсөн Манал бурхан хийгээд оточ дөрвөн охин тэнгэр минь ээ, намайг элдэв өвчин эмгэгийн зовлон эдлэхээс болоод эдүгээ надад туссан өвчин эмгэг бүхнээс амирлуулж хайрлана уу.
Зүрхэн тус газар орших дурьдсан таван идамаас тус тусын лагшингийн өнгө бүхий гэрэл цацарч байна. Өөрийн бүхий л бие хийгээд сэтгэл энэхүү амгалант гэрлээр дүүрснээр хамаг өвчин эмгэг, ад зэтгэрийн хорлол, нүгэл хилэнцэт үйлээс ангижран ариуслаа. Өөрийн биеийн сүв бүхнээс таван өнгийн гэрэл цацарна. Түүнчлэн тааллын таван идамын мутар дахь бадар аяга хийгээд бумбанаас рашаан гарч өөрийн биеийг дүүргэлээ. Ингээд хамаг өвчин эмгэг бүхэн бүрэн амирлалаа.
Ийнхүү нэгэн үзүүрт сэтгэлээр дүрслэн бүтээгээд, Оточ Маналын тарнийг 7, 21, 108, түүнээс дээш тоогоор тоолно.



Эх сурвалж: Будда.мн
Уншсан: 6154
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 13
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS