Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Цогт цагийн хүрдний Дүйнхор бурхан
 Цогт цагийн хүрдний Дүйнхор бурхан

 

Бурхан багш анх номоо номнохдоо шавь нарийн ухааны хир хэмжээнд тааруулж “Их хөлгөн”,” Бага хөлгөн”- ий хоёр ёсыг айлдсан байна. “Их хөлгөний”- ий ёсыг хамгийн ухаантай хувь сайтай шавь нартаа айлдсан бөгөөд “Их хөлгөн”- ий ёс нь дотроо “ Судрын ёс”, “ Тарнийн ёс” гэж хоёр байна.
Хамгийн ухаантай сайн шавь нартаа номлосон “Нууц тарнийн ёс” нь дотроо “ Үйлийн нууц тарнийн үндэс” , “Явдалын нууц тарнийн үндэс” , “Бясалгах нууц тарнийн үндэс” , “ Ханьцашгүй бясалгах нууц тарнийн үндэс” гэж дөрөв байдаг.
Гадна талын үйл , дотор талын бясалгал хоёроос гадна талын үйлийг голлон хийхийг нь “Жажэд” буюу “Үйлийн нууц тарнийнёс” буюу гадна талын үйл, дотор талын бясалгал хоёрыг адил тэгш хийх нь “ Жожэд” буюу “ Явдалын нууц тарнийн ёс” юм.
Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос дотор талын бясалгалыг голлож байгаа нь “ Налжаржүд” буюу “ Бясалгах нууц тарнийн ёс” бөлгөө. Тэрнээс дээш бясалгал байхгүй учраас “Налжорлана мэдвийн жүд” буюу “Ханьцашгүй бясалгалийн нууц тарнийн ёс” гэжээ. “Ханьцашгүй бясалгалийн нууц тарнийн ёс” нь дотроо “ Эцгийн үндэс” , “Эхийн үндэс” гэж хоёр байна.
Бурханы лагшин таалал хоёроос лагшинг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “ Палжүд” буюу “ Эцгийн үндэс” гэх ба Тааллыг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “ Мажүд” буюу “ Эхийн үндэс” гэнэ.
Дүйнхор бол “ Мажүд” буюу “Эхийн үндэс”- ийн ёсонд багтана. Ер нь хэн ямар Ядам бурхантай холбоотой байна түүнийгээ бясалгах нь чухал хэрэгтэй юм. Жигжид, Сандуй, Дэмчиг, Дүйнхор тэргүүтэн нь ядам бурхан юм. Ядам гэдэг бол гол болгож бясалгах бурханыг хэлнэ. Ямарч Ядам бурхан бясалгасан ч түүний орд харш, бурхад сэлт нь онолын эрдэм гадна талын дүрс байдалд урван гарах юм.
Дотор цагийн хүрд үйлийн үртэй холбоотой хий, бие таван цогцос бүгд дуусаад гадна жил, сар тэргүүтэн гурван цаг мөн чанараараа бүтээгүй хоосон чанарын хэлбэр дүрс хот мандалын бурхадын дүр ургасан нь Дүйнхор юм. Дүйнхор гэсэн нь түвд үг бөгөөд санскрит хэлээр бол калачакра, Монгол хэлэнд орчуулбал “ цагийн хүрдэн” гэсэн үг бөгөөд Дүйжий хоролд “ Гадна дүйжий хорол”, “ Дотор дүйжий хорол” Бусад дүйжий хорол” гэсэн гурван зүйл бий.
Гадна дүйжий хорол гэдэг нь нэг жилд арван хоёр сар, нэг сард гуч хоног, нэг жилд 360 хоног ээлж дараагаар эргэхийг хэлнэ.
Дотор дүйжий хорол гэдэг нь нэг өдөр шөнөд 21600 удаа амьсгал авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхийг хэлж байгаа юм. Бусад дүйжий хорол гэдэг нь гадна дүйжий хорол , дотор дүйжий хорол хоёр мөн чанараараа бүтээгүй хоосон чанар нь бурханы лагшинд ургаж байгааг хэлнэ.

Дүйнхор бурхан олон тэргүүнтэй, олон мутар өлмийтэй, олон зүйл барьсан зэрэг нь Дүйнхор бурханы дотор талын эрдэм гадна талын дүрсэнд урвасан байгаа юм.
Дүйнхор бурханы баруун талын хөл улаан өнгөтэй, жийсэн байрлалтай, зүүн талын хөл цагаан өнгөтэй, хумисан байрлалтай, бүсэлхийнээс гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа нь юуг бэлэгдэж байна гэвэл бясалгал хийсний хүчээр баруун талын хөлөөр эхийн улаан дусал доош хураагдах, зүүн талын хөлөөр эцгийн цагаан дусал дээш хураагдахыг бэлэгдэж байгаа юм.
Ер нь хүн амьд байх үед гол судасны дунд эхийн улаан дусал дороо, эцгийн цагаан дусал дээд талд, завсар нь сүнс саванд байгаа юм шиг байдалтай байдаг. Тэгээд эхийн улаан дусал хураагдан хоёр дусал гадагш гарна. Сүнс нь зулай, дух , нүд, чих, хамар, ам, хүйс, нууцын хоёр орон гэсэ есөн сүв газраар гарахад хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг.
Сүнс бол урвашгүй дээд амгалангийн мөн чанартай тул түүнийг бэлэгдэж бүсэлхийнээс дээш гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа юм. Учир нь бусад бүх өнгө урвадаг бөгөөд хар хөх өнгө хэзээ ч урвадаггүй тул урвашгүй дээд амгаланг бэлэгдэж байгаа юм.
Баруун хөлний өлмий дор хүслийн тэнгэр улаан өнгөтэй Дүдгэрваанчиг, зүүн хөлийн өлмий дор догшин цагаан өнгөтэй Ваанчиг гишгэсэн байгаа нь баруун талын ором судас зүүн талын жама хоёрт хий байгааг цогнож байгаа бөгөөд тэр судсаар хий явуулахгүйг цогнож хоёр өлмий дор ваанчиг гишгэсэн байгаа юм.
Тэр хоёр хийг юугаар хааж байна гэвэл гол судсанд хий орж тэр хоёр судсыг хааж байгаа юм. Үүнийг нь бэлгэдэж Дүйнхор бурханы өлмийд сар, нар , рахул гурвыг бэлгэдэн цагаан, улаан, хар гурван өнгийн дэвсгэртэй байгаа юм. Үүнийг юуны тухайд ингэж тайлбарлаж байна вэ гэвэл Дүйнхор бурханыг бясалгахыг хүнд мэдүүлэхийн тухайд юм.
Ер нь хүн юмыг бүрэн гүйцэд танин мэдэж чадахгүй байгаа нь юунаас болж байна вэ гэвэл баруун зүүн хоёр талын судсаар нисваанис , атгаг мунхагтай холбоотой хий явж гол судсаар хий яваагүйгээс болж байгаа буюу. Ийм учраас Бодьсадын сэтгэл хоосон чанарыг мэдсэн сэтгэлийг гол бариад баруун зүүн хоёр судасны гэмийн хийг дарж чадаад гол ум судсаар хий явж байвал атгаг нисваанис мунхагийг арилгаж чадна.
Гадна сав ертөнцийн талаас Дүйнхор бурханы хоёр өлмий нь нэг жилд арван хоёр сар эргэх буюу нар ойртох , буцах хугацаанд нэг жил багтахыг,дотор шим ертөнцийн талаас бол бясалгаачин нэг өдөрт хамрын хоёр нүхээр арван хоёр хийг ээлжлэн сольдог бөгөөд энэ нь баруун зүүн хоёр судаснаас гарч буйг бэлгэдэж байгаа юм.
Мөн баруун ,зүүн талын мутарын мөр нь гадна сав ертөнцийн нар ойртож буцах , дотор шим ертөнцийн арван хоёр хийг урт богино зургаа зургаагаар ээлжлэн гарч байгааг, арван хоёр булчин нь гадна арван, дотор арван хийг ээлжлэн эргэхийг тус тус бэлгэдэнэ.
Баруун зүүн талд нийт хорин дөрвөн бугуй буй нь гадна арван хоёр сард эхэн, дунд, адаг саргээд хорин дөрөв болж байгааг, дотор арван хоёр хийг дээш аривдах, доош буурах гээд бүгд хорин дөрөв болж байгааг тус тус бэлэгдэнэ.

Нэг мутарт арван таван үе байх бөгөөд хорин дөрвөн мутарт бүгд гурван зуун жар болох буюу энэ нь гадна нэг жилийн 360 хоног , дотор нэг хийд гучин бага хий байгааг арван хоёр хийд гурван зуун жаран бага хий оршдогийг бэлгэдсэн юм.
Цагаан найм, хар найм , улаан найм гэсэн нийт хорин дөрвөн мутар нь лагшин, таалал, зарлигийн мөн чанарыг , таван хуруу нь шар , цагаан , улаан, хар, ногоон таван өнгөтэй бөгөөд шороо, ус , гал , хий, огторгуй гэсэн таван махбодыг тус тус бэлэгджээ.

Дөрвөн тэргүүн нь гадна сав ертөнцийн нэг жилийн дөрвөн улирал, Дүйнхор бурханы улаан , хар , хөх , цагаан, шар | тэргүүн дотор шим ертөнцийн бясалгалын үеийн тухайд Дүйнхор бурханы лагшин, таалал, зарлиг билиг билгүүнийг гэх мэт зүйлийн эрдмийг олохыг бэлгэдсэн. Мөн язгуурын дөрвөн бурхан болох Донёддүв, Одвагмэд, Ринжүндорж, Намнанг бэлгэдсэн.
Дүйнхор бурханы мутарт элдэв зүйлийн юмс барьсан байгаа нь янз бүрийн үйлийг бэлэгдсэн. Жишээлбэл: барын арьс зүүсэн нь уур хилэнг дарах, хүний арьс нь шунал тачаалыг дарах, зааны арьс нь мунхаг харанхуйг амирлуулахыг тус тус бэлгэдсэн.
Энэ мэи Дүйнхор бурханы өнгө , тэргүүн, мутар, өлмий, барьсан зүйл, зүүсэн зүүлт чимэг бүгд нь ямар нэгэн зүйлийг бэлгэдсэн байх бөгөөд бясалгаачин энэ бүгдийн утга учрыг мэдэж бодон бясалгавал Дүйнхор бурханы эрдмийг олох юм.

Уншсан: 1989
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS