Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Монголчуудын цээрлэх ёсноос
Монголчуудын цээрлэх ёсноос
Газар усны цээр

-Буга намнахаас цэрвэнэ.Лусын унаа тул лусыг явгалчихвий гэдэг.
-Шулуун сухай авдаггүй/шулам биелэнэ/
-Сонгинын хальс шатаадаггүй /нүд сохрох/ малын нүд өвдөх.
-Шувууны өд галд хийдэггүй.
-Өнчин дэрснээс тойрдог. /муу юм шүгэлсэн гэдэг/
-Сонгино ухаж/гараар/ авдаггүй. /Ганц хуруудна, үлд гаргана/
-Удган модны сүүдэрт суудаггүй. /өвчин олно/
-Өнчин ганц модны ойр байхыг цэрвэнэ. /аянга буудаг/
-Буцламгай халуун ус, галтай үнсийг газарт асгахыг цээрлэнэ. Гэмгүй хорхой шавьж, ургамал амьтныг хөнөөн нүгэл хураана гэдэг.
-Газар гадас шааж орхих цээртэй.Өргөс орхисон адил.
-Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ.Хог хаягдлыг оромгүй болгон цэвэрлэж нүүнэ. Газар нутгийн сахиулсан хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэдэг.
-Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ.Мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
-Буцан нүүдэллэж буй шувуу, тогорууг хуруугаар заах, тоолохыг цээрлэнэ.
Тоолбоос аян замдаа барцадтай тоолсон хүнд өлзий бус болно.
-Борооны усыг алгаар тосохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс тэнгэр задраана, бороо ихдэж, усны аюул болно.
-Зулзага, үр төлөө дагуулсан ан амьтанг агнахыг цээрлэнэ. Агнаваас эх үрс хагацах.
-Зулзган модыг огтлох, гэмтээх, булгалахыг цээрлэнэ.Уул, ой тайгын сахиулсан хилэгнэнэ гэнэ.
-Онгон /ганц/ модыг огтлох, гэмтээхийг цээрлэнэ. Зөрчвөөс гай гамшиг дайрна, савдаг хилэгнэн гэм тавина гэнэ.
-Өндгөө дарсан шувууг үргээх, цочоохыг цээрлэнэ.Зөрчвөөс нүгэл хураана, шувууны хараал хүрнэ гэнэ.
-Зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь сугалах, хаана байгаа газраас нь дур мэдэн түүхийг цээрлэнэ. Үндэстэй нь сугалваас үржиж төлжихгүй.
-Мангис /дорго/ алахыг цээрлэнэ. Алваас хараал хийнэ, хараал нь хүрнэ гэнэ.
-Харцага шонхор, бүргэд мэтээс дутаасан бялзуухайг гэрт орж ирэхийг цээрлэнэ. Хэрэв ороод ирвэл гай чирлээ, дагууллаа хэмээн сэжиглэнэ.
-Харганаар ширвүүл хийхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өв хөрөнгөө ширвэж барахын ёр гэнэ.
-Мод тарих, бургасаар хашаа хороо барихдаа гол толгой мөчрийг мухарлан огтлохыг цээрлэнэ. Огтолвоос толгойг нь хяргаснаас өөрцгүй гэх буюу мод, бургас ховордоно гэнэ.
-Хөлдүү газар, хүйтэн чулуун дээр удаан суухыг цээрлэнэ. Шамбарамтай болно гэдэг.
-Хаврын гурван сард хээр хөдөө гал алдахыг сэрэмжлэн цээрлэнэ.Зөрчвөөс хангай дэлхийг түймэрт идүүлнэ гэнэ.
-Хавар гол мөрөн цөн түрэх үес мөсөн дээгүүр нь хайхрамжгүй явахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс осолдоно гэнэ.
-Хавар гол, мөрний эрэгт ойр хаваржаанд буухыг цээрлэнэ, Учир нь усны үерээс сэрэмжилж буй хэрэг.
-Хавар холын аян замд, эс бөгөөс мал эрэхээр одогсод хөнгөн нимгэн хувцаслан явахыг цээрлэнэ. "Хаврын тэнгэр хартай" гэхийн учир тийнхүү хориглоно.
-Тул загасыг дур зоргоороо гогдох, хөнөөхийг цээрлэнэ. Зөрчвөөс лус хилэгнэнэ, нас охор болно гэнэ.
-Монголчууд загасыг урт настай амьтан, лусын сүрэг гэх тул дураараа алах, идэхийг цээрлэдэг байжээ.
-Тогоруу алахыг цээрлэнэ. Алваас нас богино болно. Тогоруу шувуу ган дөрөөг сэтэртэл хараадаг хэмээн ихэд цээрлэдэг. Чухамдаа амьтныг хайрлахын учир хөнөөхийг цээрлэдэг болой.
-Түлээ түлш бэлтгэхдээ залуу, зулзган мод, иш мөчир гоолиг сайхныг нь огтлохыг цээрлэнэ.
-Удган модны сүүдэрт суухыг цээрлэнэ. Өвчин тусна, лусын хорлол болно.
-Ургаа модны битүү хар сүүдэрт амарч суух, хэвтэхийг цээрлэнэ.
-Унааны шон, гадасны нүхийг битүүлэхгүй орхихыг цээрлэнэ. Газар дэлхийг амраасангүй, хайрласангүй гэх, мөн хожим морь малын хөлд гэмтэй гэдэг.
-Нүүрс, заг түлээд өрхөө бүтээх, яндангаа битүүлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьсгаа боогдоно, бүтэж үхнэ гэдэг.
-Сар, бэгбаатар зэрэг шувууг харвах намнахыг цээрлэнэ. Зарим нутагт шөнийн ангууч шувуудыг бэлчээрийн эзэн сахиул хэмээн үргээх, хөнөөхийг хорьж цээрлэдэг.
-Сармис, сонгинын хальс галд хийхийг цээрлэнэ. Хийвээс малын нүд өвдөнө.!
Нарын цээр

-Нар өөд харж морь харах, гадаалахыг цээрлэнэ.
-Нар мандахаас өмнө, нар шингэснээс хойш орон гэрээс эд юм гаргахыг цээрлэнэ. Хишиг буянаа хямгадахын учир тэр бөлгөө.
-Нар сар хиртэх үес найрлан цэнгэхийг цээрлэнэ. Хэрэв найр цэнгэл давхацваас завсарлаж тогоо түмпэн нүдэж, дөрвөн нүдтэй улаан халтар нохойгоо турхирч боргуулна.
-Нар хиртэж байгааг нүдээрээ шууд эгцлэн харахыг цээрлэнэ. Зайлшгүй харах болвол бараан шил, тортог суулгасан шилээр харна.Хиртэж буй нарыг нүдээр эгцлэн харваас муу гэмтэй гэдэг.
-Нартай халуун өдөр малгайгүй явах, нялх хүүхэд , нялх төл малыг гадаа удаан байлгахыг цээрлэнэ. Наршина.
-Нар, сар, од тэнгэрийг хараах цээртэй.
-Нар, сарыг хуруугаараа заах цээртэй.Хүндэтгэлгүй болно.
-Нар, сар, од гариг, тэнгэрийг хараах зүхэх цээртэй.Заяа гомдоно.
-Нар, сарны гэрлийг толгой дээрээ гэрийн цоорхой юмуу толины гэрлээр тусгаж тоглох цээртэй. Шээрэн болно.
-Нар, сарны зүг хар ус, хог шороо цацах нүгэл.
-Наран өөд эгц харж, хуруугаар чичлэх цээртэй.Хүндэтгэлгүй болно.
Уншсан: 3141
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS