Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Итгэл хамбын амьдралын сонирхолтой баримтуудаас
Итгэл хамбын амьдралын сонирхолтой баримтуудаас

- Тэрбээр одоогийн Буриадын БНУ-ын Иволгийн районы Оронгойн Өлзий Дов гэдэг газар 1852 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээс өнчирч, Батбазар гэдэг айлд таван жил хонь хариулжээ.

- 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж шинээр Чойрын, Диваажин хэмээх хоёр дугана бариулсан бөгөөд Орос-Японы дайнд үрэгдсэн олон мянган буриад залуусын хойтоход зориулсан энэ буяны ажилд хувиасаа 15 мянган рубль гаргаж байжээ.

- 1913 оны хоёрдугаар сард Романовын угсааныхан Оросын төр барьсаны 300 жилийн ойг Санкт-Петербургт нижгэр тэмдэглэхэээр болж гадаад дотоодын ихэс дээдсийг олноор урихад тэдний дунд Буриадын хамба Итгэл багтжээ. Хамбыг дагалдан Цүгэлийн дацангийн ширээт лам Г.Бадмаев, Буриадын шашин сүмийн мяндагтан Гомбо, Цогтбадамжав нарын олон санваартан Санкт-Петербургт айлчлан очсон байна. Итгэл хамба хоёрдугаар сарын 22-нд Николай II хааны өргөөнд ёслолын хүлээн авалтад оролцож Буриадын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэн үг хэлсэн бөгөөд дараагийн хоёр өдөр нь Санкт-Петербургийн буддын ганц сүм Дүйнхорын дацанд хааны өлмий батдахын ерөөл айлтгаж ном хурсан байдаг. Үүнээс нэлээд хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-нд хамба бараа бологчдын хамтаар Цагаан хаанд бараалхжээ. Хамба хааны гэр бүлд ихээхэн бэлэг сэлт өргөсний дотор Николай хаанд том мөнгөн цар, хатан хаан Александра Феодоровнад мөнгөн Цагаан Дарь эх бурхан, дөрвөн охинд нь жижиг хэмжээтэй мөн ийм хүрэл бурхан, хунтайж Алексейд найман мутартай мөнгөн бурхан барьсан байна.

- Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Итгэл хамба Верхнеудинск хотод “Буриад зоны нийгэмлэг” гэдгийг байгуулан алдар хүнд, хөрөнгө чинээ бүхий 120 буриад эрхэмийг элсүүлсэн бөгөөд энэ нийгэмлэг фронтод байлдагсдад туслахаар 130 мянган рубль, хүнсний зүйл, хувцас, эм бэлдмэл цуглуулан илгээснээс гадна цуглуулсан хөрөнгөөрөө фронтын бүст цэргийн хээрийн эмнэлэг байгуулсан гэдэг. Мөн 1915 онд Итгэл хамба, нэртэй лам нарын нэг Хишигтийн Дамбыг дагуулан Буриадын дацангуудаар тойрч өглөг цуглуулсан бөгөөд олсон мөнгөөрөө гутал хувцас, бөс даавуу, цагаан хэрэглэл, тамхи, жимс, сахар, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс авч Улаан өндөгний баяраар фронтод илгээж байжээ. Үүгээр зогсохгүй фронтод буй эмнэлгүүдэд ажиллуулахаар Ерөөлт хамба тэргүүтэй оточ нарыг явуулж байв. Дайтаж буй цэргүүд, тэдний ар гэрийнхэнд үнэтэй тусламж үзүүлсэнийг нь талархаж эзэн хаан II Николай, Итгэл хамбыг Гэгээн Аннагийн II зэргийн одонгоор шагнасан гэдэг.

- Дэлхийн нэгдүгээр дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахиж байж. Хамба үүнийг үзээд ихэд хилэгнэж “Ямар хатуу хада уула гээшэб, 108 амитанай ами тапалха. Тархи эдихэ гээ haa, маа минии тархи эди!” хэмээн тэдгээр хонины толгойг авч чулуудаж байжээ. Үхтэлээ айсан лам нар номоо ч хурж чадсангүй. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөн тахидаг болсон гэдэг.

- Итгэл хамба 38 настайгаасаа жанч халах хүртлээ 50 гаруй ном бичжээ.

- Буриад зон түүнийг үнэнхүү дээдлэн шүтдэг байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайнд явсан буриад залуус фронтод байхдаа хамба ламаа санагалзаж нэгэн дуу зохиосноо амьд буцаж ирсэн нь Итгэл хамбад дуулж өгөхөд хамбын сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Тэр дуу нь ийм үгтэй:

Хаан Германида сэрэгтэй байна
Хамага орхижо мордоболди,
Хамба багшынгаа юроолоор,
Харижа бусахамнай болтогой.
Баруун Германида сэрэгтэй байна
Баранаа орхижо мордоболди,
Багша хамбынгаа юроолоор
Бусажа ерэхэмнай болтогой.
Энэ Германида сэрэгтэй байна
Элдин нютагаа орхижо мордоболди.
Этигэлэй хамбын юроолоор
Эрьеже бусахамнай болтогой.

Б. Бат- Амгалан
Уншсан: 4711
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 5
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS