Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Нисваанисын таван хорын нэг болох “АТАА ХОРСОЛ”
Нисваанисын таван хорын  нэг болох “АТАА ХОРСОЛ”

Бурханы номлосон доройтуулагч нисваанисын хорын нэг нь атаа жөтөө гэгдэх муу сэтгэл юм. Мунхагаас үүсэлтэй энэ үйл нь шунал гэгдэх цаддаггүй сэтгэхүйтэй хамт биесээ тэтгэж явдаг. Атаархагчдын гол шинж нь өөрөө юуг ч хийж бүтээдэггүй атлаа бусдын амжилтыг шүүмжилж, үгүйсгэж, халж ядаж байдгаар голдуу илэрдэг. Хүмүүсийн эрдэм мэдлэг, авъяас чадвар тэргүүтэн сайн үйлсийг гутаан муулах, хов жив тараах, тэдэнтэй барьцаж дэмий бухимдах зэрэг олон үйл хөдлөлөөр илэрнэ. Бусдын сайн үйлд даган баясахыг их буян хэмээн бурханы шашин үздэг. Бүтээлч санаачлагатай хүн бэрхшээл саадыг хичээл зүтгэлээрээ давж хөдөлмөрийнхөө үр дүнд өөрсдийн амьдралын төдийгүй улс нийгэмдээ тус нэмэр оруулж, олны хүндлэлийг хүлээж байдаг.



Атаархагчид голдуу залхуу, хоосон ярьж, мэдэмхийрэх, дэмий чалчигчид байдаг. Харин хүмүүсийн сайн үйл бүтээлээс сурч, дэмжин туслах, хүний хийснийг би бас чадах ёстой хэмээн өөрийгөө дайчилбал энэ нь зөв, цагаан атаархал болно. “Хэнд атаархал үгүй болбоос баясахуй сэтгэл төрнө” гэх номлолын үг бий.

Атаархал, гомдол, цөхрөл сэтгэлдээ тээсэн хүн жаргадгүй , ямагт бусдын ул шагайж, өө сэв эрж, хазайвал тулах бус түлхэхэд бэлэн явдаг. Монгол ухаанд өвчингүй, өр төлөөсгүй, сэтгэл амгалан байхыг жаргал гэж үздэг.

Ухаантай хүмүүсийн амьдралын эрэлт хэрэгцээ даруухан, бусдын илүү дутууд ач холбогдол өгөөд байдаггүй, аливаа юм хэмжээнээсээ хэтэрвэл зовлон болдгийг тэд мэддэг. “Эрдэмт мэргэд юмаар дутах нь бага, яагаад гэвэл тэд дэлхийг тэр аяар нь үүрч явдаг юм.” гэх их хүний хэлсэн үг бий. Зарим овилгогүй хүмүүс хүнийг нүүрэн дээр нь магтаж, сайхан зан гаргаад явсан хойно нь элдвээр муулж, бусдад ярьдаг ийм хүнийг итгэлгүй, ханилгаагүй, хоёр нүүртэн гэж дүгнэдэг.
Эртний сургаалд: “Хүний намба царай тунгалаг, хүүрнэх үг нь сэтгэл татмаар ч хорсол атаа, шуналтан байвал, хоймор залрах хүндтэн биш” гэсэн буй. Мөн “Эрдэмт мэргэд насад бусдаас эрдмийг эрнэ, эгэл тэнэгүүд үргэлжид бусдаас гэмийг эрнэ” хэмээх үг бий.

Зах зээлий нийгэмд хөрөнгөтэй хүнийг үзэн ядаж, атаархах бус амьдралаа дээшлүүлэх боломжийг хайх нь илүү дээр. Их мөнгөтэй хүнийг үзэн ядваас өөрөө мөнгөтэй болох боломжоо хаадаг далд энергийн хууль үйлчилдэг.
Бурханы сургаалд: “Яллаа дийллээ , гэвч өстөн төрүүлж үлдээнэ, ялагдлаа,уналаа гэвч өширхөн гомдож зовно. Ялах ялагдар хоёрыг эгнэгт гэтэлсэн тэр л ямагт амгалан жаргалтай байна ” гэжээ.

“ЭВИЙГ ЭВДЭЖ, ЭНЭРЛИЙГ ХАЯДАГ” гүжир гүтгэлэг нь хүний зүрх сэтгэлийг шархлуулдаг үгийн хорт сум буюу атаа хорслын нэг тал юм. Үнэн шударгын талд бат зогсдог хүн рүү өө сэв эрж дайрах нь олон. Чадал чадвар муутай хэсэг бүлэг дотроо байгаа сайн шударга ганц хоёр хүнийг өөрсдөөсөө шахан зайлуулах гэж элдвээр оролддог. Юу ч бүтээгүй хоосон ярьдаг хүмүүс бусдын хийсэнд атаархаж, үгүйсгэж шүүмжилж муулж явдаг.
Билгүүн номч Б.Ренчин агсан: “Эрдэмт мэргэдийг хорсогновол улам эрдэм гарна, эргүү тэнэгүүдийг шүүмжилбэл улам атаа гарна” хэмээн хэлсэн байдаг.

Ухаараагүй сэтгэлийн гэм нь эзнээсээ тийм ч амархан салдаггүй болох нь нисваанисын таван хороор батлагдана. ХЭРЭВ ГЭРТ ЧИНЬ МОГОЙ БАЙВАЛ ТАЙВАН УНТАЖ ЧАДАХГҮЙ ЛУГАА,ХҮСЭЛ ШУНАЛ, УУР ХИЛЭН , ӨШӨӨ ХОРСОЛ БАЙГАА БОЛ ТАЙВАН АМГАЛАН АЖ ТӨРӨХГҮЙ. Хамгийн бузар хар хүч бол хэрүүл, хэрүүлтэй газар буян байтугай хиншүү ч тогтохгүйг  номлолд хэлсэн.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:

“Атаархал бол давчуу цээжинд дүрэлзсэн бяцхан түймэр
Далдын хар малгайтй эмгэн шулам
Атаархалыг атгавал гар зүсэх хутга
Атаархлыг амталбал гашуунаас гашуун бохь
Өөрт нь тэр юм үгүй хүн
Өөр бусдад байгааг хараад
Өчүүхэн зүрх нь гинжтэй гөлөг мэт гасалж
Өвдтөл хазах гэсэндээ тэсч ядсан хуцалт юм
Сайнтай тэр эн зэрэгцэх гэхээсээ хөнөөхийг урьтал болгодог
Саранд хүн нисчээ гэхэд би байдаггүй нь юу билээ гэж бухимддаг
Зуун хулгана дотроос нь мэрж байдаг
Зулайнаас улай хүртэл буцалсан
Хорон горхи юм
Хорон зүрх юм” хэмээн шүлэглэсэн байна.


МУУ БҮХНИЙ УДИРТГАЛ МУНХАГ ХАРАНХУЙ АРИЛТУГАЙ,
ШУЛАМ МЭТ  ШУНАЛЫН ҮЙЛЭЭС ХАГАЦТУГАЙ
БУЯНГ БУЗАРЛАХ УУР УРИНГ ТЭВЧИХ БОЛТУГАЙ


Бусад нисваанисын хорыг уншихыг хүсвэл:

http://budda.mn/news/1780.html- "МУНХАГ ХАРАНХУЙ"

 http://budda.mn/news/1801.html - "УУР ХИЛЭН"

http://budda.mn/news/1794.html энэ линкээр "ШУНАЛ ТАЧААЛ" - ын талаар уншаарай.

 
Уншсан: 3062
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS