Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавын товч намтар
Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавын товч намтар

Чойжин ламын сүм нь  “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн сүсэгтэн олны дунд ихэд алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, 5-н сүм, 3 жасаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараажээ.
Халхын VIII богд жибзундамб хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуугийн төрсөн дүү Лувсанхайдав 1872 онд Түвдийн Шолао хэмээх газар эцэг Гончигцэрэн, эх Ойдовдуламын 5-р хүү болон төрж, 1874 онд Монгол оронд иржээ.






























Төрийн их Чойжин Лувсанхайдавын сүм "Чойжин ламын сүм"

1883-1884 оны үед Богдын багш төвд лам Ёнзон хамба Балданчоймбол (түүний занданшуулсан шарил эдүгээ музейн Гол сүмд оршин байдаг) Лувсанхайдавт чойжин сахиус оршиж байна хэмээн, 1884 онд Түвд орноос Чойжин Сэтээвийг урин ирүүлж, Лувсанхайдавын Чойжин болох явдлыг удирдуулж, хүрээний монгол лам Лувсанпэлжээгээр чойжин буух уншлага ном уншуулдаг байв. Энэ лам чойжин буух үед түүний авралын үгийг чагнаж, хүмүүст хэлмэрч хийж өгдөг Гомбоо буюу Сойвон лам нь байжээ.
Лувсанхайдав хэдэн жил чойжин болох эрдэм сурсны дүнд өөрийн гол шүтээн Найчин-Чойжин, Зэмэр-Чойжин, Доржшүгдэн зэрэг догшин сахиусаа дуудан онгодоо залжээ. Эдгээр сахиусынхаа тусламжтайгаар ид шид үзүүлэн, далдыг харж, алс ирээдүйн аливаа зүйлийг урьдчилан зөгнөж байв. Тэрээр төр шашин, улс орноо хамгаалах, ад зэтгэр, шулмасын хорлолыг үлдэн хөөхийн тулд догшин сахиусуудын нэрийн өмнөөс чойжин бууж, нууц тарни ид шидийг иогийн эрдэмтэй хослуулан үзүүлэхээс гадна мэргэ төлөг буулгадаг догшин хувилгаан /гүртэмбэ/ байв.
VIII Богд Жибзундамбаас Лувсанхайдавыг жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд Зүүн хүрээний Цогчин дуганд гурван сахиусын үүднээс чойжин бууж байх тогтмол журам тогтоожээ. Улмаар Лувсанхайдавыг үеийн үед өөрийнхөө сүмд Чойжингоор тахин сууж байх болтугай гэж ерөөн “Энэтхэгийн хар явдалт Дүвчиннагважодов бодитой мөний тул Монголын шарын шашныг хамгаалан сахих чойжин сахиус тодрон гарав” гэж Монголын ард түмэнд лүндэн (зарлиг) буулгажээ. Үүнээс хойш Чойжин Лувсанхайдавыг шүтэх, итгэх явдал хөгжиж, чойжин сахиусны хурал, жасын албаны орон тоогоор үүсгэн байгуулж, Лувсанхайдавыг Монголын шашны гол Чойжин болгосон түүхтэй билээ.
Монголын ард түмэн Манжийн түрэмгийлэгчдэд 200 гаруй жил боолчлогдон дарлагдаж байсан гав дөнгөө 1911 онд мултлан таягдаж, эх орноо Манжаас тусгаарлав. Тусгаар Монгол Улс байгуулж, VIII Богд Жибзундамба хутагтыг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын хаан ширээнд суулгах баярыг тохиолдуулан Богд хаанаас Чойжин Лувсанхайдавт үе улиран залгамжлах Монголын шашны гол чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба, эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнан олгож, сүмийн олон тушаалтныг нэмэн томилжээ. Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамганы дардас бүхий Доржшүгдэн сахиус залах нууц судар музейн өдгөө Занхан сүмд хадгалагдаж байна.
Тэрээр Халх Монголын 13 тамгатай хутагтын нэг. Шашин номын үйл эрхлээд зогсоогүй төр улсынхаа төлөө бие, сэтгэл, оюунаа зориулж, монгол түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө номынхоо ид шид, эр биеийн хүч чадлаар тэмцэж явсан нэгэн. Чойжин лам Лувсанхайдав 1918 онд Чойжин бууж байх үедээ жанч халжээ.
Уншсан: 3615
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 22
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS