Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Заябандида Намхайжамц
Заябандида Намхайжамц

Ойрадын их эрдэмтэн тэрээр 1638 онд их  гурван Богд хэмээн алдаршсан буюу Y дүрийн Далай лам Агваанлувсанжамц,IY дүрийн Банчин-Эрдэнэ,Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу,дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ. Зая Бандаида Намхайжамц\цаашид Огторгуй далай хэмээх\ Ойрадын их хүрээг байгуулан төр шашин,соёлын энэ төвөөс ард олныг соён гэгээрүүлэхийн төлөөнөө шашин дэлгэрүүлэх,ном номлох, судар бүтээн туурвих, дуун хөрвүүлэх, шавь сургах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэх болжээ.
Түүний нэр Монгол түмний дунд   алдаршиж сүсэгтэн олонд ихэд хүндлэгдэх болсон тул 1641 онд халхын Засагт хан урьж улмаар халхын Түшээт хан, Сэцэн хан нар үргэлжлүүлэн залсан байна. Огторгуйн далай ийнхүү Халх долоон хошуунд бурханы шашин, номыг дэлгэрүүлсэний дараахан Ижил мөрний  Халимагийн ихэс,дээдсийн заллагаар 1945 онд тэр нутагт  морилж бурханы шашныг нийт Монгол туургатан даяар дэлгэрүүлэх том  үйлсийг бүтээж гурван Богдын зарлигийг хичээнгүйлэн  биелүүлжээ.

Огторгуй далай 1640 онд тарвагатайд болсон Халх ойрадын 44 ноёдын Их чуулганд оролцож тэндээс гаргасан “Их цааз “-ыг түгээн дэлгэрүүлэх, сахин хэрэгжүүлэхийн төлөөнөө Ойрад , Халх, Халимагийн нутгаар явж байхдаа хошуу ноёдод давтан сануулж,  манж чин улсын эсрэг эвлэлдэн нэгдэхийг уриалж явжээ. Тэрээр 1650 онд Түвдэд дахин очихдоо Төв Азийн улс төрийн уур амьсгалыг зөөллөхөд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн хэмээн судлаачид үздэг байна.  Ойрадын ноёдуудын дотоодын дайснагцлыг эерүүлэх тухайлбал 1646 онд Хөндлөн Увш, Очирт тайж, Эрдэнэбаатар хун тайж нарын,1656 онд Лувсан,Огжодов,Тугал,Мэргэн тайж нарын хоорондын эвдрэлцээн, дайн тулааныг зохицуулж эврүүлсэн нь том гавъяа байлаа.

Худам Монгол бичиг нь Ойрад аялгуунд нийцэхгүй, гадаад үг тэмдэглэхэд бэрхтэйг Огторгуйн далай  ухааран ойлгож “ТОД ҮСЭГ”-ийг 1648 оны өвөл Чуйн голд суурьшин байхдаа зохиожээ.   Эл үсэг 363 жил Монголын Утга зохиол,соёлын хэрэглэгдэхүүн болж, түгээн дэлгэрч, олон ном судар тод үсгээр хэвлэгдэж, ШУӨЗО-ны нийслэл Өрөмч хотноо “Үүрийн цолмон” сэтгүүл хэвлэгдэн гарч байна. Тод үсэг дотоод,гадаадын  эрдэмтэн мэргэдийн судлахуйн хэрэгсэл болж ,олон мянган хүн сурч   эзэмшиж байна.  Тод үсэг зохиосон тухайгаа Огторгуйн далай
Атаатан дайсныг дарагч төр, шашныг баригч
Алжаас үгүй бат явдалд Очирт тайж хийгээд
Хэтэд сайн үйл хураахуй урьд явсанаар
Гэтэлгэгчийн шашныг тэтгэгч өглөгийн эзэн болон
Хэнтэгт дайсдыг дарж төр,шашин хоёрыг баригч
Хэтэрхий сайн онолт Авлай баатар хоёр
Омог Монгол улсын хувьтанд хялбар болохын тул
Олон адил дүрстэй үсэг нүгүүдийг
Онц тус бүр хольцолгүй гийгүүлэн ялгаж
Олохуй хялбар Монгол үсэг зас хэмээн дурдсанд
Хайрт зарлигийн товч үсгийн найрлага үүнийг

Хамсан зөвлөж Рабжамба Зая Бандида  найруулвай хэмээн товч тодорхой бичин бидэнд өвлүүлжээ.
Огторгуйн далай Ойрад Монголын их яруу найрагч , дуун хөрвүүлэгч ,уламжлалт соёлыг өвлүүлэгч билээ. Ховд их сургуулийн багш, доктор, судлаач Б.Батмөнхийн нотлосноор Алтангэрэл,Банзрагч,Тарвачамба,Доржзодов, Цагаан шүхэрт,Субашид зэрэг 178 бүтээлийг түвд хэлнээс эх хэлнээ дуун хөрвүүлж эхлэл,төгсгөлд нь уянга тансаг 4-100 мөрт яруу найргийг  шигэтгэсэн байдаг байна.

Монголын их соён гэгээрүүлэгч Рабжамба Зая Бандида Намхайжамц 1662 онд Түвд явах зам зуураа Хөхнуурын газар жанч халжээ. Түүний шавь Раднабадраа нар соён гэгэрүүлэгчийн намтар,цадигийг тодруулан “Сарны гэрэл ” номыг бүтээжээ. Тэр номонд “Зүүн хүрээнд хэлмэрчдийн ядам дуусаад догшид эхлэн ахуй цагт буяныг нэмэгч хэмээх усан барс жилийн намрын дунд сарын хорин хоёронд нар гялбахын мандах цагт дүрст биеэсээ сэтгэлийн гэгээн гэрэл номын биеийн агаарт шингээн гаслангаас нөгчих ёс үзүүлвэй “ хэмээсэн бий. Монголын оюуны харанхуйг гийгүүлж асан их сарны гэрэл ийнхүү бөхсөний дараа Y Далай лам Агваанлувсанжамцын айлдварын дагуу  түүний шавь нар нь чандрыг нь бэхтэй найруулж тогтоол тэргүүтэн бичиж дотрын шүтээнд оруулсаны дээр гурван зуун  мөнгөөр тохой хирийн хэмжээний дүрийг арванзургаан Балба урчуудаар бүтээлгэсэн байна.

Рабжамба Зая Бандидагийн Захчины Төгрөгийн хүрээ одоогийн Манхан сумын хүрээнд   “Сарны гэрэл” судрын эх хувь, 21х10 см хэмжээтэй цутгамал дүр  нь   шүтэгдэн  байсныг  бурханч лам агсан Ж.Ванчиг, зурмал хөргийг хамба лам агсан Ө.Еэшээ нар хадгалан түүх, соёлын судлагдахуун болгон үлдээжээ
Уншсан: 1899
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS