Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
Муу заяатны хийбод тамын орон
Эрхэм уншигч та бүхэндээ  гурван муу заяаны амьтан буюу тамын амьтдын зовлон болон там тэдгээрийн тус тусын зовлонгийн тухай Багш дээдсийн айлдсан айлварийг нийтэллээ.  Энэхүү нийтлэлийг оруулснаараа бусдыг айлган сүрдүүлэх гэж бус буруу зүйл хийвэл дараа  тэр нь зовлон болж бид түүнийг олон удаан амсаж зовдог гэдгийг танин мэдээсэй гэсэн үүднээс орууллаа.

                           Муу заяатны хийбод тамын орон

Муу заяат амьтдын орон там бол аймшигт их зовлонгийн хийбод орон мөн. Энэ орон замбуу тивийн зүүн урд зүгт найман түмэн бээрийн цаана төмөр балгасанд үүд хаалгагүй зургаан давхар байшинд эрлэг номун хаан /Дамжинчойжоо бурхан/ алтан сэнтийн дээр суун залраад амьтны буян хилэнцийг ялгаж байдаг болой. Буян үйлдсэн амьтдыг амгалант оронд илгээж нүгэл үйлдсэн амьтдыг тамд цаазалдаг байна. Их хааны баруун талд үхэр толгойт эрлэг гартаа бүхнийг харагч толь барьж сууна. Зүүн талд нь сармагчин толгойт эрлэг гартаа жигнүүр барин сууна. өмнө талд нь хүдэр толгойт эрлэг данс хөтлөн сууна. Бас бус олон янзын толгойтой ер бусын зарц нар гартаа жад, сэлэм, илд, нум сум, сүх, цавчлуур, хутга, хуурай, алх, цалам, соёо, чимхүүр, тэргүүтэн мэсийн зүйлсийг бариад тус тус хэ хэ ха ха хэмээн аймшигтайгаар хашгиран дөрвөн зүг найман зовхист үймэлдэн эрлэг хааны тушаалыг хүлээн гүйцэтгэхэд бэлэн байна.



Арван хар нүгэл. таван завсаргүйг  үйлдсэн хүн амьтныг цаазалдаг найман халуун там, найман хүйтэн там, янз бүрийн хэлбэр дүрстэйгээр үйлчлэгчдийн хамт бэлэн оршиж байдаг ажээ. Тамд төрсөн амьтны насны хэмжээ зовлон эдлэх хугацаа маш урт удаан болой. Тамын нэгэн өдөр нь хүний 43200 жилтэй тэнцэх бөгөөд тамд орсон хүний зовох хугацаа нь таван зуун жил байдаг болой.өөрөөр тооцвол нэгэн галавын турш зовж зүдэрнэ. Нэгэн галавын хугацаа нь урт өргөн гүнээрээ тус бүр  наян алд нүх ухаж түүнийг шар будаагаар дүүргэж нэг нэг ширхэгээр нь шуудай саванд хийж дуусгахтай тэнцэнэ.

Манай замбуу тивд халуун, хүйтэн 16н там оршдог бөгөөд тэдгээрээс салбарласан хэсэг бусаг тамууд нийлж 36н там болдог.

Халуун тамын орон

Халуун тамд унахын шалтгаан нь замбуу тивийн хүн төрөлхтөн, алив амьтныг галаар тамлан зовоох, тарчилган егүүтгэх, атгаг муу санаа өвөрлөн бусдын орон гэр, эд баялгийг шатаан түймэрдэх ой мод, ургамал, хорхой шавьжийг галын аюулаар хөнөөх нүглийн хариу, муу үйлийн үр болой.

Ахин дахин эдгэрэх халуун там

Улайтгасан төмөр лугаа адил халуун газар дээгүүр нь галан суваг өрвөлзөн дүрэлзэх агаад эл тамд зовлон эдлэгчдийг гал дүрэлзсэн дөрвөн хаалгаар оруулдаг ажээ. Тэрхүү халуун тамд унагсад арс мах нь язран шатаж амь тэмцэхдээ галаас зугтахыг завдавч мэс барьсан эрлэгийн зарлагууд тэднийг гал уруу түлхэн цохин унагаж түлж шатаан егүүтгэх авч үйлийн үрээр дахин амилж урьдын зовлонгоо тоо тоймишгүй эдлэн зовж тарчилна.

Хураан няцлагч халуун там

Эл тамд улайтгасан халуун төмөр лугаа адил хоёр уулын завсар нүгэлт хүн амьтдыг адгуус мэт хураан бөөгнүүлж, хавчин няцлахуйяа цус нь буцлан гол горхи мэт асгаран яс нь үйрэн мах арьс нь язран түлэгдэх бөлгөө. Энэ тамд улайтгасан Хонгор мод хэмэгчид авируулан зовоож тарчилна. Хонгор мод нь уруугаа харсан хурц шовх үзүүрт өргөстэй. Тамын амьтныг тэрхүү мод өөд албадан авируулахад мөнөөх төмөр өргөс тархи толгой,нүүр ам, гар хөлийг нь нэвт шувт хатган тарчилна. Доош буухад нь дээш харсан өргөс бас нэвт шувт сүлбэн зовооно. Тэрхүү модноос унавал үзүүр нь дээшээ харсан мэс хамаг биеийг нь сүлбэн хага татна.



Хар шугамт халуун там

Тамын сахиулчин зарлагууд эл тамд унагсдын биед дөрөв эс бөгөөс найман бараан зураас тавьж зулайгаас нь хөлийн ул хүртэл улайтгасан хурц мэсээр хэрчин сүлбэж хүрхрэн дүрэлзэх их гал уруу чулуудан егүүтгэх авч дахин амилж мөнөөх зовлонгоо эцэс төгсгөл үгүй эдлэн тарчилна. Эсэхүл улайдсан төмөр багананд барьж хүлээд хурц хөрөөгөөр хөрөөднө. Ихэд уйлан дуудах там Эл тамд унагсад гал бадарсан давхар ханат орон байшинд ган төмөр хайлан улайдсан халуун тогоонд арвай буудай мэт хуурагдан шатах зовлонг завсар зайгүй эдэлнэ. Тэд зовлон тарчлахын эрхээр уйлан хайлан, аврал гуйх бөлгөө.

Уйлан дуудах халуун там

Эл тамын амьтдыг ирт мэс өөд нь харуулан тавьсан замаар хөл нүцгэн хөөж гал дүрэлзсэн дөрвөн ханат орон байшинд оруулан ясыг нь цайтал түлж шатаан үйлийнхээ үрээр дахин амилан биежмэгц урьдын зовлонг давтан эдлүүлнэ. Маш халуун там Эл тамд унагсдыг гал дүрэлзсэн төмөр зуух мэт битүү саванд хүчлэн шахан оруулж махыг язартал шатаан яс нь цаймагц гаргаж дахин амилуулан урьдын адил завсаргүй үргэлжлүүнэ. Бас улайсгасан төмөр гудас дээр хэвтүүлэн арьс махыг нь шазлана. Түүнчлэн улайсгасан төмөр сэрээгээр сүлбэн зовооно. Халуун төмөр хушуут шувуугаар нүдийг нь ухуулна.

Тасаршгүй халуун там

Дөрвөн их гал дунд тамын амьтанг хашин оруулах агаад тамын амьтад бие биеэ тэрхүү их галруу түлхэн унагаж тарчлаана. Бас улайтгасан халуун төмөрөөр биеийг нь ороож тарчлаана. тамын энэ зовлонг зай завсаргүй эдлүүлэх тул тасаршгүй халуун там хэмээнэ.

Аюуш /Айс/ хэмээх халуун там

Бурхан номд үл бишрэн лам хуврагийг доромжлогч, эцэг эхээ алагч, гуйлгачин ядууст өршөөл энэрэлгүй хандагч, туслахыг үл мэдэгч хийгээд зовлонт  хүмүүний зовлонг нимгэлэх, асран хамгаалах байтугай улам нирвэн зовоож нүгэл үйлдэгчид энэхүү Аюуш тамд унаж дээр өгүүлсэн халуун тамуудаас хавьгүй бэрх зовлон адэлж тарчлах бөлгөө.

Очирт там

Эл там бол халуун тамын хамгийн бэрх там бөгөөд арван зүгээс халуун гал дөл улбалзан дүрэлзэж тамын амьтны бие гал лугаа адил улбалзан шатна.

Хүйтэн тамын орон

Замбуу тивд хүний төрөл олон аж төрөх хугацаандаа арван хар нүгэл үйлдэн алж талах, хулгай дээрэм хийх, худал хэлэх хов жив хөөцөлдөх, хомхой шунаг сэтгэлд хөтлөгдөх, буруу хурьцал үйлдэх, бусдыг хүчирхэн дарлах зэрэг бие, хэл, сэтгэлээр муу үйл үйлдэгсэд хүйтэн тамд унадаг бөлгөө.

Усан цэврүүт там

Өрөөл бусдыг хутга мэсээр тарчлаан егүүтгэсэн хийгээд цус нөжийг нь урсган яс үе мөчийг бэртээн зовоосон, эс бөгөөс амьтны амийг тарчлаан бүрэлгэж мах цусанд нь шунаж амьтны амь бүрэлгэгчид эл тамд унана. Эл тамд унагчид цас мөсөн уулаар хүрээлсэн тэсэхүйеэ  бэрх хүйтэн хөндий гуу жалга, шуурга тавьсан харанхуйд нүцгэн биеэр хүргэгдэн арьс маханд нь усан цэврүү гүйн мөстөн, хөлдөж амь тавин төдөлгүй дахин амилан зовлонгоо тасралтгүй эдэлнэ.

Шүд хавшин хавирах хүйтэн там

Эрдэм номын багш, лам хуврага хүн, өглөгч буяны эзэн хийгээд эгэл хүмүүний эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, луйвардах аргаар завших, хүмүүн хийгээд алив амьтныг мэсээр шархдуулах зэргээр тарчлаан зовоосон нүгэлтэн мөсөн хөндий хавцалд хөөгдөн очиж шүдээ хавшин хавиртал дагжин чичирсээр осгохын зовлон амсан амь тавиад дахин амилж мөнөөх зовлонгоо эдлэх тул эл тамыг тийнхүү нэрлэжээ.

Айчүү хэмээх хүйтэн там

хүмүүн төрлөгтөн хийгээд адгуус амьтныг зодож нүдсэн, бэртээж гэмтээсэн, өвтгөж зовоосон, харааж зүхсэн, айлган сүрдүүлж зовлонд унагасан нүгэлтэн бээр эл тамд унах бөгөөд хутга мэсэн навчит модны доор суух үед дээрээс нь үзүүрт  мэс унаж биеийг нь сэглэх, хага татах, сүлбэн тарчлаах тоолонгоор аврал эрэн Айчүү хэмээн хашгиран орилох бөлгөө.

Хоохой халаг хэмээх хүйтэн там

Эл тамд унагсад завсар чөлөөгүй дааран дагжиж хуруу үе мөч нь хөлдөн тасран унах бүр (Хоохой халаг) хэмээн орилох тул тийнхүү нэрлэжээ. Эл тамд унахын шалтгаан нь ан амьтныг егүүтгэн мөчлөн авдсэн нүгэлтэн, түүнчлэн эцэг эх, багш өөдөө хялайн харах төдийгөөр алдаа алдсаны улмаас цагаатгашгүй үйлдэгсэд эл тамд тарчлан зовох болой.

Удвал цэцэг мэт хагарах хүйтэн там

Эл тамд унагсад тэсэхийн аргагүй хөрөн тарчилж улмаар осгон амь тэмцэн зовж зүдэрсээр тэс хөлдөн дэлбэрч Удвал цэцэг дэлбээгээ дэлгэх мэт хагарах тул тийнхүү нэрлэжээ.

Лянхуа /Бадам/ мэт хагарах хүйтэн там

Эл тамд урьд насандаа эд баялагт шунаж тачаадан хомхой шунаг сэтгэлийн гайгаар өрөөл бусдыг мөлжин үлэмж хөрөнгө хураан бие, сэтгэл, хэл гурваар завсаргүй нүгэл үйлдэгчид унах бөлгөө. Тэд эд баялаг хураан хямгадах нь лянхуа цэцэг цоморлигоо хумих мэт тамын хүйтнийг үл тэсэн хага хөлдөхийн цагт хөлдөж цайсан арьс нь таван зүгтээ дэлбэ язран унах нь цоморлог нь салан унаж байгаа лянхуа мэт бөлгөө.

Мөсөн зам

Эл тамд унагсад толгой дээрээ асар том мөс өргөн суух бөгөөд тэрхүү мөсөнд бяц дарагдахаас эмээхийн зэрэгцээ, доороос тэсхүйеэ бэрх хайран хөлдөөх зовлонг эдэлнэ. Урьд насандаа гол мөрөн, рашаан булагт хог буртаг, цус нөжтэй өмд цамц зэрэг ариун бусыг угааж бузарласан хэн боловч эл тамд зовлон эдлэх бөлгөө.

Усан цаглашгүй там

Эл тамд унагсдыг хөлгүй их мөстсөн усанд живүүлж төмөр хошуут өтөөр ясыг цайтал идүүлэн тамлан зовооно. Басхүү толгойны үсээр нь дүүжлэн хөлөөс нь хүнд чулуу уяад төмөр саваагаар жанчина.

Өөрийн эцэг эх, хадам эцэг эх, насан буурай өтгөст гар хүрсэн, зодож жанчсан хийгээд хэл амаар даромжилсон, харааж зүхсэн нүгэлтэн эл тамд урьд насныхаа үйлийн үрийг эдлэх бөлгөө.

Энэчлэн арван зургаан тамаас салбарласан тус тусын там нийлээд бүгд 36 буй. Хүн амьд явахдаа эцэг эхийн хязгааргүй их ачийг бачаар хариулан зовоож явагсад дээр дурдсан 36 тамын бүх зовлон эдэлж нэгэн өдөрийн дотор мянган удаа төрж, түмэн удаа үхэж бүхэл галавын турш тарчлан зовдог болохыг онцлон тэмдэглэе.

Там диваажин хоёр энд, одоо байна. Тэр чинь чиний амьдрал, оршихуйн хэлбэр юм. Амьдрал чинь диваажин болтол амьдарч чи чадна Данзанравжаа ингэж хэлсэн

 
Уншсан: 4433
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 17
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS