Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Тээврийн жолооч нарыг хорлодог хөх торгон дээлтэй бүсгүй
Тээврийн жолооч нарыг хорлодог хөх торгон дээлтэй бүсгүй

   Завхан аймаг орох замд тааралддаг Улаан толгойн өвөр гэх газарт зун өвлийн аль ч цагт хөх торгон дээл өмсч саатай улаан алчуураар толгойгоо ороосон хорин тав орчим насны царайлаг хүүхэн холын тээврийн жолооч нарын зам тосон гарч ирээд гар өргөн зогсоож "Манайх энүүхэнд байдаг юм та дөхүүлээд өгөөч" хэмээн царайчлан гуйдаг байсан гэдэг. Ганцаараа хол замд яваа жолооч нар хөгшин залуу ялгаагүй л дуртайяа хаалга дэлгэн хүүхнийг суулгадаг байсан ч нэг их холдолгүй онхолддог байжээ. Ганц ч чулуугүй шахам тэгшхэн газарт онхолдоод дөрвөн дугуй нь дээш харчихсан арваад жолооч байдаг бөгөөд тэднээс амьд үлдсэн нь тоотой хэдхэн аж.

Тэдгээр цөөн жолоочийн нэг болох Раднаасэд хэмээх эр нутгийн айлд очиж хөх торгон дээлтэй хүүхний тухай ярьсны дараа л тэр хавийнхан үйлтэй нэгэн бүсгүйн сүнс замын жолооч нарыг хорлоод байгааг мэдсэн гэдэг. Тээврийн жолооч нарт халгаатай тэр сүнс бол Тэгшээ гэгч хүний ганц охин Гэрэлмаагийн сүнс гэдгийг ойр хавийн нь хүмүүс бараг л нэгэн дуугаар нотолж байсан гэдэг.
  Олон жилийн өмнө Гэрэлмааг дөнгөж хорь хүрээд байхад Ховд руу бараа тээвэрлэж явсан нэг жолооч "Машин эвдэрлээ" хэмээн замаас холгүй нутаглаж байсан Тэгшээ өвгөнийд хэд хоног саатаж, энэ хоорондоо царайлаг охин Гэрэлмаад нүд алдарч үгийн сайхныг урсган өөртөө татаж амжсан байжээ. Замын жолоочоос бие давхар болж хоцорсон Гэрэлмаа сайн сайхан амьдралыг зөгнөн мөрөөдөж байгаагаа үе тэнгийнхнээсээ нуудаггүй байж.

Тэрбээр нэг л өдөр хайртай эр нь ирээд дагуулаад явна гэж итгэж хүлээж байснаас биш хүний муутай таарч хууртагдаад үлдсэн гэдгээ огт гадарласангүй. Хайртай хүнээ хагас жил хэртэй хүлээсэн Гэрэлмаа нэг өдөр аавдаа "Би хоёр яс салахаасаа өмнө хот руу явж хүүхдийнхээ эцэгтэй уулзмаар байна. Намайг мартана гэж байхгүй наашаа ирэх завдал нь болохгүй байгаа байх" гэсэн аж. Өдөр ирэх тусам өнгө зүс алдаж, сэтгэл санаагаар унан гунихрах ганц охиноо өрөвдсөн хөгшин эцэг нь хорьж зүрхлэлгүй хамаатныхаа нэг залууг хань болгон хот руу явуулсан байв.
   Харин хот руу яваад ирэхдээ Гэрэлмаагийн. нүдний гал нэг мөсөн бөхсөн байжээ. Хамаатныхаа залуутай хамт хотод ирсэн Гэрэлмаа шууд хайртай эрийнхээ ажилладаг авто баазад очиж манаачаас нь лавлатал "Эхнэр нь төрөөд арван дөрвөн хоногийн чөлөө авсан. Тав хоногийн дараа ажилдаа орно. Тэр үед ирээд сурагла" гэсэн юмсанж. Манаачийн үгийн сонсоод чихэндээ итгээгүй Гэрэлмаа юу юугүй цурхиран уйлахад хамаатны нь залуу манаач дээр ахин орж "Бид хоёр хөдөөнөөс ирсэн хамаатнууд нь байгаа юм.

Та гэрийн нь хаягийг өгөөч. Бид хоёрт өөр таньж мэдэх хүн байхгүй" гэж гуйж байгаад хэлүүлээд авсан аж. Жолооч нарынхаа дэл сул явдалтайг сайн мэдэх манаач өвгөн эхлээд "Би мэдэхгүй" гэж гүрийж байснаа "Салсан нийлсэн авгай хүүхэн нь биш биз" нь залуу Гэрэлмааг айлд хүргэж өгөөд өөрөө тэр хаягаар очиж явдал учрыг тодруулах санаатай байсан ч Гэрэлмаа "Би заавал өөрийн нүдээр үзэж, чихээрээ сонсоно" гэж зөрүүдэлсээр дагаад явсан байна. Улаанхуарангийн муруй сарий гудамжуудаар хоёр цаг гаруй тэнэж байж жолооч эрийн гэрийг арайхийн олж очвол хашаан доторхи ганц гэрийн гадаа татсан хэцэн дээр нялх хүүхдийн даавууг эгнүүлэн хатаасан байжээ. Мөн тэр гэрийн ард байх модон амбаарын хажууд хоёр хүн хонь муулж байсан бөгөөд "Төрбатын эхнэр ч сайхан тарган хонины шөл уух нь дээ" хэмээн хоорондоо чанга чангаар ярьж байсан юмсанж.

Энэ бүхнийг хараад Гэрэлмаагийн нүүрэнд гомдол шаналал сүүдэртэн буусан ч горьдлого тасраагүй бололтой "Хоёулаа айл руу ороод Төрбатыг байна уу үгүй юу үзье. Байвал уулзъя тэгэх үү" хэмээн цөхрөл дүүрэн хоолойгоор гуйжээ. Хамаатны нь залуу түүнд үгүй гэж чадсангүй. Гуйсан ёсоор гэр лүү дагуулан ороход толгойгоо цагаан даавуугаар боосон хүүхэн хүүхэд хөхүүлээд сууж байсан бөгөөд хойморт нь хоёр ой дөнгөж л өнгөрч байгаа болов уу гэмээр жаал тоглож байсан аж. Залуу бүх учрыг ойлгосон ч Гэрэлмааг янз бүрийн ааш авир гаргах вий хэмээн болгоомжилж "Энэ Төрбатынх мөн үү? Бид хоёр хөдөөнөөс яваа хүмүүс. Төрбаттай яаралтай уулзах гэсэн юм" гэж хэлжээ. Хариуд нь хүүхэн "Нөхөр маань хонины гэдэс арилгах хүн олж ирэхээр явсан. Удахгүй ороод ирэх байх. Та нар холоос явж байгаа бол хүлээж байгаад уулзахгүй юу" гэж уриалгахан гэгч хэлжээ.

Хүүхний энэ үг Гэрэлмааг мунаар цохиод авсан шиг л болсон бөгөөд тэр гэрийн баганаас зууран суун тусаад гуйвсаар гарсан аж. Нутагтаа ирэх замын турш нулимс асгаруулсан Гэрэлмааг аав нь, ах дүү нар нь яаж ч аргадаад нэмэр болсонгүй. Хоол унд ч идэж уухгүй, өдөр шөнөгүй буруу харж хэвтсээр нэг шөнө аавыгаа унтаж байх хойгуур гэрээсээ гараад явчихсан байжээ. Түүнийг алга болсныг өглөө нь мэдсэн хүмүүс тэр даруй эрж хайсаар намаржааныхаа арын өндөр хадан дээрээс нисч үхсэн байхыг олсон юмсанж. Ганц охин нь хэвлий дэх үртэйгээ хамт хадан дээрээс нисч амиа хорлосныг мэдсэн хөгшин эцэг нь дэн дун ухаантай хойдохийг нь гүйцээсэн болоод нэг их удалгүй ах дүүгээ бараадан аймгийн төв рүү нүүжээ.

Харин түүнээс хойш талийгаачийн сүнс намаржааныхаа тэнд хоргодон холын тээврийн жолооч нарыг хоргоож хорлож эхэлсэн нь тэр байв. Тэр зөвхөн тээврийн жолооч нарт л харагдана уу гэхээс өөр хүнд харагддаггүй тэр тусмаа нутаг орныхондоо ямар ч хал балгүй байсан болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй байсан хэрэг. Раднаасэд хэмээх жолооч түүнтэй таарч амьд үлдээгүй бол өчнөөн олон жил ингэж жолооч нарыг хорлох байсан ч юм бил үү. Харин Раднаасэд үүнийг мэдэж, тэр хавийн хүмүүс Хөвсгөлийн Шишгэдээс нэг удган залан авчирч талийгаач бүсгүйн хонзонт сүнс хаашаа ч юм бэ зайлан одсон гэдэг. Улаан толгойн энгэрт Гэрэлмаа бүсгүйн сүнстэй таарсан Раднаасэд хожим хойно ч гэсэн юу болсон талаар ярьдаг байсан гэдэг. Тэрбээр нэлээн дэгс яриатай хүн байсныг хэлэх үү "Тавхай дүүрэн хаазтай, тал дүүрэн тоостой давхиж явтал хөх торгон дээлтэй хориод насны сайхан хүүхэн үдшийн бүрийн дундаас сүүмэлзэн гарч ирээд уран цагаан гараараа учиртай гэгч далладаг юм байна. Зүүд үү зэрэглээ юу гэж бодоод л хажуу талд нь ханхийтэл тормослоод зогстол хашийн өнгөт шүдээсээ гэгээ таттал инээмсэглээд "Хоёрхон км-ийн цаана байдаг гэрт минь хүргээд өгөөч" гэв ээ. Би ч тэг л гэлээ.

Хүүхнийг суулгаад хөдлөх үед бүхээг дотор минь бүүвэйн дуу эгшиглэх шиг санагдаад сэтгэл санаа нэг л сонин болоод явчихдаг юм байна. Яахаараа ингэдэг билээ гэж бодоод хүүхнээс "Чамд бүүвэйн дуу сонсогдож байна уу?" гэж асуутал харин өөдөөс цоргитол ширтээд "Миний эндээс гарч байгаа юм" гэнгүүтээ энгэр заамаа хүү татаад нүцгэн цээжээ ил гаргаад ирдэг юм байна. Галзуу солиотой юм биш байгаа гэж бодоод "Чи ямар учиртай хүн бэ? Танайх хаана байдаг юм бэ? Ийм орой болсон хойно яахаараа зам тосоод зогсч байдаг юм бэ?" гээд угсруулан асуутал хүүхэн нүүр амаа самардаж улаан нэлий юм болоод "Чамтай уулзах учиртай байсан юм" гэнгүүтээ руль булаагаад авах шиг болсон. Нэг сэргээд хартал машин маань дээшээ харчихсан би кабинаасаа шидэгдчихсэн хэвтэж байсан. Нөгөө хөх торгон дээлтэй хүүхнээс бараа ч байхгүй. Тэгсэн хэрнээ миний хажууханд хүүхэд бүүвэйлэх дуу гараад л байсан. Нөгөө чөтгөр шулам нь юм болов уу гэж бодоод л хөлийн хурдаар харсан зүг рүүгээ гүйж билээ" хэмээн ярьж тэр нь нэмэр хачир нэмэгдсээр нэг хэсэгтээ л жолооч нарын ам дамжсан гэдэг.

Улаан хадны эргэн тойронд одоо осол аваарь гарахаа больсон ч зүв зүгээр явж байсан машины дугуй хагарах, жолооч нь тэнд очингуутаа гэнэтхэн үүрэглэх, ачаа бараа нь нурах зэрэг сонин явдал тохиолдсоор байгаа гэдэг.
 
Уншсан: 7293
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS