Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Чойжид Дагинын тууж: ХОЁР ЗҮЙЛ
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч
билгийн зул оршвой.

Чойжид Дагинын тууж: ХОЁР ЗҮЙЛ


Бас эрлэгийн зардас нэгэн хүнийг хөтлөн авчирж, Эрлэг номун хаанд сөгтгөн урьдын ёсоор асуухуй, тэрээр түгдрэн дуугүй суухуйд олон эрлэг маш сүртэйгээр Мэдүүл! Мэдүүл! хэмээн хашгаралдан бахиралдахуйд:

Тэр хүн чичрэн дагжиж: - “Тэнэг мулгуй би ном эрдэм сурч гэгээрсэнгүй. Тэгш буян, нүглийн үрийг тэр нь мөн энэ нь биш гэж ялгаварлаж мэдэхгүй билээ. Мунхаг надад учирсан авааль гэргий минь мугуйдаар идээ, эд юмсыг ямагт харамлах тул ер бусдад өглөг өгсөнгүй.

Харин мөшгөн гүжирдэх муу үгээр лайдаж мултаршгүй нүглийг олонтаа хууралгав. Манайх идээ, эд, малаар аминдаа зөв боловч илүүчлэх буянтай үйл бүтээе хэмээн бодож явсангүй. Идэх, эдлэх, аривлахын  хармын сэтгэлдээ хөтлөгдөн илэрхий нэгэн гуйлгачинд ч өглөг өгч явсангүй.

Олон түмнийг дууриан дагалдаж орныг даасан тахилч ламаас номын авшгийг авсан боловч сахиж чадалгүй осолдсон билээ. Өтөл би ертөнцийн хар хүн тул өмсөх зүүхийг үргэлжид бодож урхи саалийг зүүж загас гөрөөс олныг алав. Бас гэртээ хонь ямаа хорь гучаадыг гаргав. Нэгэн хүнийг гэгээн өдрөөр дээрэмдэн хүнс юмыг нь булаасан билээ.

Энэ мэт хар нүглийг үйлдэж явсан муу хүн би хааш ч гарахгүй үнэнд гүйцэгдэж гэмшин ёолох цаг минь ирлээ. Ээ халаг! Яалаа ийлээ”  хэмээн газар үмхэн хөсөр хөрвөн уйлан орилохуйд:

Эрлэгийн түшмэл урьдын адил тэр хүнийг толь данснаа үзээд: -“Чиний үйлдсэн нүгэл тоо тоймшгүй олон байна. Урхи сааль зүүж загас хядсан нэн их. Басхүү сүсэгтний юмыг дээрэмдэж авсан ба номын сургаалийн багш лугаа тангараг эвдэрсэн тэргүүтэн арвах хар, таван завсаргүй, дөрвөн хүнд нүгэл цөмийг үйлдсэн байна” гэхэд:

Эрлэг номун хаан зарлиг болоруун: - “Энэ хүнийг дахин эдгэрүүлэгч тамаас эхлэн өөрийнх нь насны хэмжээ гүйцтэл халуун хүйтэн арван найман тамыг хэсүүлээд сүүлд нь Очирт тамд оруултугай” хэмээв. Энэхүү дахин эдгэрүүлэгч тамын насны тоо гэдэг нь хүний жилээр нэг сая зургаан живаа, гурван бум, нэг түм хоёр мянга болно хэмээн Жанчив лам ринчимбээс номлосон бөлгөө.

Цааших тамуудын нас нь дахин эдгэрүүлэгч тамаас нэг нэг хувь илүү бөлгөө хэмээн айлдсанд урьдын адил нүгэл, буяны чулуу овоолохуйд хар чулуу уулын чинээ болж цагаан чулуу буурцгийн төдий ч үгүй байсанд  Очирт халуун тамаас өөр одох оронгүй хэмээвээ. Эрлэгүүд хаа, хаа хэмээн хашгаралдан ган төмөр дэгээгээр дэгээдэн чирж гал бадарсан төмөр шилбүүрээр тас гуядан авч явахуйд:

Тэр хүн: - “Хүний ертөнцөд одогсод байваас над мэт хилэнц нүгэлийг бүү үйлдэгтүн! Зовлонгоос тонилох цаггүй байна шүү гэж захиарай” хэмээн бархирсаар явчихлаа.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Туужийн эхний хэсгийг ............ http://budda.mn/news/1409.html  .......... хаягаар үзнэ үү......................................

Үргэлжлэл бий ................. Гурван зүйл ......................

  www.budda.mn 2014 он
Уншсан: 1492
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS