Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Лус савдаг гэж юу вэ?

 Лус савдаг гэж юу вэ? 

Өвөг дээдсүүд маань эрт дээр үеэс байгаль дэлхий уул толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж  ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ.
Ойролцоогоор 8 төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.

Хар лус - Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
Цагаан лус - Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
Хөх лус - Булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр

Лус хүнээ хэрхэн олж шийтгэдэг вэ? 
Лус буруу үйл хийсэн хүнийг  үнэрээр нь мөшгих ба  генээр нь олж хорлодог. Тиймээс лусын хорлол нь удам дамжах аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юм аа гэхэд үр хүүхэд эцэг эх аль нэгий нь тарчлаан шийтгэнэ. Манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой байх нь. 

Хар лус
Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол Хар лусыг хилэгнүүлнэ.  Хүний 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлнэ. 

Цагаан лус
Ан амьтан, үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд  өртдөг ба энэ хорлол нь голчлон тухайн хүний бие эрхтэнг тахир дутуу болгох хараалтай.

Хөх лус
Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнаж хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрнэ.

Шинж тэмдэг:
Лусын хорлолд өртсөн хүмүүс нь эмчилгээ домчилгоо хийлгэвч эдгэрч өгөхгүй, шинжилгээнийх нь хариу гарч өгөхгүй элдэвлэн зовооно.
Мөн сонин дүрст амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.

Хүмүүсийн ихэвчлэн хийдэг уршиггүй үйлдлүүд:
1. Хог хаягдалаа зүгээр л хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдах

2. Уул хайрхадын овоон дээр гарч архи уух,  эр эмгүй бие засах, хэрүүл зарга хийх, хараалын үг хэлэлцэх

3. Овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна гээд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих

4. Байгальд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог л болж үлдэнэ

5. Ан амьтдыг үй олноор нь устгаж агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх тэр тусмаа лусын амьтан болох могойг алах

6. Шувууны өндөг ,үүрийг авч гэртээ тавьж элдэв гоёонд хэрэглэх. 

7. Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, бие засах

8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах /хүнсний махыг хүмүүс голд хийж хадгалдаг, миний бодлоор шүүрсийг нь урсгал усанд урсгахгүй байхаар бодолцож уутны амыг сайн боох хэрэгтэй/ 

9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.

Лус савдаг хангай дэлхийдээ хэрхэн өргөл өргөх вэ?
Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт зан заншил юм. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөнө. 

Ингэхдээ дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй. 
1. Юунд өргөх байна түүнийгээ дуудах
2.Хэн өргөж байна өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг.
Жишээ нь:
Уул усандаа өргөл өргөхдөө:
Хан их хайрхад 
Хатан их лусад мин ээ
Могой жилтэй ....... би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа. Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт.

Зэрэгцээ орших ертөнцийн тоо тоомшгүй олон энергийн урсгал дунд бид амьдарч буй.
Тийм учраас өөрийн өргөж байгаа лус савдгаа болон буурал дээдсүүддээ хандан дуудаж өргөхгүй бол таны өргөл нь болох болохгүй завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий.

Өргөл өргөхдөө, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн очиж байгаатай ялгаагүй байдаг. Ер нь монгол  хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай  золгодог ёс бийг сана.
Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.

Монголчууд бид тэнгэр эцгийн таалалд хөх толботой болон төрцгөөсөн учраас хүн бүхэн их бага зөн совинтой байдаг. Гагцхүү зүрх сэтгэлийнхээ дуудлагыг сонсон тэнгэртэйгээ харьцахын ухаанд одоогийн залуус бид сайн суралцах хэрэгтэй юм шүү.

Эх сурвалж:www.budda.mn
 
 
Уншсан: 6801
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 11
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS